CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Дэлхийн 14 оргил руу авирсан Хятадын анхны эмэгтэй уулчин

10-09-2018 10:23

 Луо Жин гэх 43 настай уулчин эмэгтэй бямба гарагт Шишапангма оргил руу амжилттай авирчээ. Ингэснээр тэрбээр 8000 метрээс дээш өндөртэй дэлхийн 14 оргилд бүгдэд нь авирсан Хятадын анхны эмэгтэй уулчин болжээ.
Шишапангма нь дэлхийн хамгийн өндөр 14 дэх оргил бөгөөд далайн түвшинээс дээш 8027 метрт оршдог. Манай дэлхий дээр 8000 метрээс дээш 14 оргил байдгийн хамгийн намхан нь Шишапангма уул аж. Эдгээр оргилд бүгдэд нь авирсан уулчид голдуу 40-өөс доош настай уулчид байдаг бол тэрбээр 43 настай гэдгээрээ мөн энэ даалгаврыг биелүүлсэн хамгийн ахмад уулчин гэх тодотголыг хүртэж байгаа юм. Уулчин Луо 14 өндөр оргилд гарах авирлалтаа өнгөрсөн найман жилийн хугацаанд ийнхүү биелүүлжээ. Түүний хувьд 8000 метрээс дээш дэлхийн хамгийн өндөр 14 оргил руу гарах авиралтаа 2011 оны 10 дугаар сард Манаслу уулаас эхэлж байжээ. Түүний хувийн амьдрал ч мөн тун сонирхолтой аж. 2006 онд түүний нөхөр нь их хэмжээний өрөнд орсны дараа эхнэр, дөрвөн настай хүүхдээ орхин гэнэт алга болжээ. Харин ганц бие ээж болсон тэрбээр нөхрийнхөө хоёр сая юанийн өрийг дарж, амьдралтай тэмцэж эхэлжээ. Энэ үеэс биеийн тамираар идэвхтэй хичээллэх болж улмаар уулын спортод сонирхолтой болжээ. 2008 онд тэрбээр 5000 метрээс дээш өндөр оргилд анх удаа гарснаас хойш энэ спортод эргэлт буцалтгүй оржээ. Энэ бүх амжилтын эзэн болоход олон саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд нэгэн удаагийн авиралтын дараа түүний багийн таван гишүүн нь эргэн ирээгүй гэх мэт олон түүхийг бүтээсээр өдийг хүрчээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100