CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сүрьеэ өвчинтэй хамтран тэмцэхийг уриалав

09-28-2018 15:27

 “XXI зууны тахал” хэмээгддэг сүрьеэ өвчинтэй тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэхийг БНХАУ-ын Тэргүүн хатагтай Пэн Лиюань уриалав. Хүн төрөлхтөнд заналхийлсээр буй таван өвчнийг ДЭМБ-аас зарласны дараа НҮБ-ын Ерөнхий ассамблейн сүрьеэ өвчинтэй тэмцэх  асуудлаарх дээд хэмжээний хэлэлцүүлгийн үеэр тэрбээр энэхүү уриалгаа видеогоор илгээснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

 Тэргүүн хатагтай сүүлийн 10 жил сүрьеэ өвчинтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулж буй бөгөөд энэ өвчнийг тархахаас сэргийлэх, эмчлэх асуудлаарх ДЭМБ-ын элч төлөөлөгчийн алдрыг  2007 онд хүртсэн аж. Нөгөө талаар  Пэн Лиюань БНХАУ-ын олон залуусыг сүрьеэтэй тэмцэх сайн дурын хөтөлбөр, арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриалсаар ирсэн юм.

 Шинжлэх ухаан, технологи хөгжиж, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ илүү хүртээмжтэй болсон ч уушгины энэхүү өвчлөл асар хурдацтай тархаж, олон хүн амь насаа алдсаар байгааг ДЭМБ-аас гаргасан тайланд мөн дурджээ. Зөвхөн 2017 оны байдлаар 1.6 сая хүн уг өвчний улмаас нас барсан нь өдөрт 4000 орчим хүний амийг авч одож байна гэсэн үзүүлэлт юм. Тэр дундаа Энэтхэг, Хятад, Индонезид энэ үзүүлэлт өндөр байгааг Тэргүүн хатагтай уриалгадаа дурдаж буй. Тухайлбал, БНХАУ-д жил бүр 900 мянган хүн энэ өвчнөөр өвчилж, 50 мянган хүн нас бардаг байна. Пэн Лиюанийн өгүүлж буйгаар, ядуурлыг арилгаж, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, хүмүүст эрүүл мэндийн боловсролыг түлхүү олгосноор аюулт өвчний тархалтыг багасгах боломжтойг онцлоод зөвхөн нэг улс орны хүрээнд бус олон улс, дэлхийн хэмжээнд энэ асуудалд анхаарлаа хандуулахыг уриаллаа.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100