Зуун жилийн өмнө живсэн хөлгийг илрүүлжээ
09-26-2018 16:27
БНХАУ-ын зүүн хойд хэсэгт 1894 – 1895 оны Хятад, Японы дайны үед живсэн цэргийн онгоцыг илрүүлсэн байна. Тус улсын Соёлын өвийг хамгаалах газрын мэдээлж буйгаар, Ляонин мужийн Жуанхэ хотын ойролцоогоос хөлгийг илрүүлсэн бөгөөд судалгаанд нь хоёр сар орчим хугацааг зарцуулжээ. Хөлгийн гол хэсэг усан дор 12 метрийн гүнд байсан агаад археологчид онгоцны сэг дээр бичсэн “Чин” болон “Юан” гэсэн хоёр ханз үсгээр баримжаалан хэдий үед живсэн, ямар хөлөг болохыг тодорхойлсон аж.
Хятадын орчин цагийн түүх, соёлын судалгаа, цаашлаад тэнгисийн цэргийн түүхийг судлахад энэхүү олдвор онцгой хувь нэмэр оруулна гэж үзэж буйгаа Соёлын өвийг хамгаалах газрын орлогч тэргүүн Сун Синьчао “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолж буй. Дашрамд өгүүлэхэд, “Чинюан” хэмээх уг хөлөг онгоцыг Германд үйлдвэрлэж, 1888 онд ашиглалтад оруулсан бөгөөд 2.9 мянган тоннын эзлэхүүнтэй, 83 метр урт, 30.6 км/цагийн хурдтай, 270 хүний багтаамжтай байжээ. 1894 оны есдүгээр сарын 17нд Ялу голын бэлчир дэх тулааны үеэр япончуудын дайралтад өртөн живсэн бөгөөд онгоцонд байсан 270 хүний долоо нь амьд гарсан гэж үздэг.