CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Африкийн форумаас “Бээжингийн тунхаг”хэмээх баримт бичгийг батлав

09-05-2018 15:35

 БНХАУ, Африкийн холбооны комиссоос хамтран Бээжин хотноо энэ сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулсан Хятад Африкийн форумд Африкийн 53 орны төр, засгийн тэргүүнүүд оролцлоо. “Хятад-Африкийн хамтын хөгжлийн төлөө хөтлөлцан урагшилъя” уриатай уг форумын үеэр талууд “Бээжингийн тунхаг" хэмээх хамтын ажиллагааны баримт бичгийг баталжээ. Энэхүү тунхагийн зарим үзэл санааг товчлон хүргэе.
Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтаас хойш Хятад Африкийн хамтын нөхөрлөлд Бүгд Найрамдах Гамби улс, Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе Принсипи улс, Буркина Фасо зэрэг гурван улс  шинээр элсэн гишүүн болсонд баяр хүргэв.
Хөгжил дэвшил, технологийн зуун гэгдэж буй өнөөгийн дэлхий ертөнцөд энх тайван, эв нэгдэл бидний үндсэн зорилт хэвээр байна. Даян дэлхийн улс орнууд харилцан ашигтай хамтран ажиллах шаардлага урьд урьдынхаас илүү тавигдах болов. Чухам ийм л хамтын ажиллагааны дүнд бид терроризм болон элдэв зөрчил мөргөлдөөн, баян хоосны ялгааг арилгахад ахиц гаргана. Мөн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, халдварт өвчин, нянгаас сэргийлэх зэрэг хүндхэн сорилтуудыг хамтын хүчээр даван туулах боломжтой.
"Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц" болон "Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогц" гэсэн үзэл баримтлалыг сүүлийн жилүүдэд Хятад, Африкийн удирдагчид ямагт дурьдсаар ирсэн. Энэ нь олон улсын энх тайван, бүх нийтийн аюулгүй байдлыг бий болгох гэсэн хамтын хүчин чармайлтаас урган гарсан юм. Бид хөгжил цэцэглэлт, нээлттэй байдал, тэсвэр тэвчээрээр улс орноо цогцлоон байгуулж, харилцан хүндэтгэх, шудрага ёсыг түгээн дэлгэрүүлэх замаар дэлхийн энх тайвны үйлст бодитой хувь нэмрээ оруулна.
Хятад бол хөгжингүй их гүрэн. Африк бол хөгжиж буй орнууд хамгийн олноор төвлөрсөн тив. Түүхэн туршлага болон өнөөгийн улс төрийн харилцаанд суурилан Хятад Африкийн ард иргэд хамтдаа хүчин зүтгэж, хувь заяаны хамтын цогцыг байгуулан нөхөрлөлөө зузаатгаж ирсэн. Анх хүлээсэн амлалтаа биелүүлэх, хэлэлцээрээр асуудлаа шийдэх, уламжлалт нөхөрлөл, бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь Хятад Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хамгийн тэргүүний зорилт юм.
"Нэг бүс нэг зам" санаачилгын зорилго нь хамтын хөдөлмөр, хамтын ашиг гэсэн зарчимтай. Зах зээлийн үндсэн механизм болон олон улсын худалдааны зарчмаар нээлттэй, ашигтай, хүртээмжтэйгээр тухайн орны хууль дүрмийг сахин ажиллах нь аль ч улсын ашиг сонирхолд нийцэх нь дамжиггүй. "Нэг бүс нэг зам" санаачилга бол цаг үеийн шаардлагад нийцсэн ард иргэдэд өгөөж хишгээ авчрах төсөл юм.
Африк бол "Нэг бүс нэг зам" төсөлд онцгой оролцоотой бөгөөд ач холбогдол бүхий хамтрагч юм. Хятад-Африк "Нэг бүс нэг зам" төсал дээр хамтран ажиллаж, Африкийн хөгжилд бодит дэмжлэг үзүүлэн зах зээлийн шинэ томоохон орон зайг нээж өгөхийг бид эрмэлзэж байна. "Нэг бүс нэг зам" төсөл нь НҮБ-ын 2030 оныг хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй зорилт нэгтэй, Африкийн холбооны "2063 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр"-тэй  нягт уялдаж байгаараа онцлог. Ийнхүү төрийн бодлогын түвшинд харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, хөрөнгө санхүү, бизнес арилжааны салбарт хамтран ажиллахын зэрэгцээ Африкийн дэд бүтэц, аж үйлдвэрийн хүрээг өргөтгөх болно.
Африкийн орнууд 2019 онд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний хоёр дахь уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Хятад улс холбогдох үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг Африкийн орнуудад уриалж байна.
Өнгөрсөн 18 жилийн хугацаанд Хятад-Африкийн харилцааг хөгжүүлэхэд Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. 2015 онд Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтаар дэвшүүлсэн Хятад-Африкийн "Хамтын ажиллагааны 10 төлөвлөгөө" болон "Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум-Йоханнесбургийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2016-2018)" үр дүнд хүрсэн.
Хятад улсын дарга Ши Жиньпиний дурдсан шударга ёс, ашиг сонирхлын талаарх үнэн зөв ойлголтыг үргэлжлүүлэн дэмжиж, Африкийн орнуудтай эв нэгдэл бүхий хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхийг хүсч байна. Хятад, Африкийн ард түмний ашиг тусын төлөө Хятад-Африкийн стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, өөрсдийн давуу талаа үр ашигтай ашиглахын тулд хамтран ажиллахыг зорьж байна.
Хятад улс Африкийн интеграцийн үйл явцыг дэмжинэ. Африкийн орнууд эв нэгдэл, энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэн эдийн засгийн өсөлтөө хурдасгахад хамтран ажиллана. Сүүлийн жилүүдэд Африкийн дээд хэмжээний уулзалтаас олсон амжилт, гарсан үр дүнд талархаж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100