CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Шинэ хүнсний эрин

08-30-2018 13:13

Одоогоос 50 жилийн тэртээ манай гаригт гурван тэрбум хүн амьдарч байв. Харин 1974 онд энэ тоо дөрвөн тэрбум байсан бол 1988 онд тав, 2012 онд долоон тэрбум болтлоо өслөө. Бөмбөрцгийн хүн ам өсөхийн зэрэгцээ агаар, ус, хүнс, баялгийн нөөц багасаж, тэр чинээгээр ирээдүйн иргэдийг юугаар тэжээх вэ гэсэн асуудал бидний өмнө тулгарсаар байна.

АНУ-ын Миннесотагийн их сургуулийн судлаачдын үзэж буйгаар, 40 жилийн дараа дэлхийн хүн ам есөн тэрбум хүрч магадгүй аж. Одоогийнхоос 2.5 тэрбумаар илүү хүн амыг тэжээхийн тулд эрдэмтэд ямар нэгэн арга бодож олохгүй бол өлсгөлөн нүүрлэх нь гарцаагүй гэж анхааруулж байна. Үнэндээ өдөр, цаг, мөч бүхэнтэй уралдан өсч буй бидний хэрэглээг хангах аргыг эрдэмтэд 60 гаруй жилийн өмнө анх дэвшүүлсэн билээ.

Зөгнөлт зохиолд гардаг ирээдүйн хүнс өдгөө биеллээ олж, хүссэн хүсээгүй бид генийн өөрчлөлттэй олон бүтээгдэхүүнийг ходоод руугаа оруулдаг. Бидний ширээн дээр байгаа жимс, ногоо төдийгүй хиам, тараг, чихэр, шоколад, бүр хүүхдийн будааны орцонд хүртэл генетикээр хувиргасан бүтээгдэхүүний хольц бий.

Амт болон үнэрээр нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг ялгах аргагүй, уут, савлагаан дээрх мэдээлэл харьцангуй бага. Гаднын орнуудад бол цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн илүү үнэтэй тул үүгээр баримжаалж болно. Зарим оронд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний орц бүхий хүнсийг өнгөөр ангилсан жагсаалт ч гаргасан нь бий.

Биологчдын хувьд “алтан зуун” одоогоос 60 гаруй жилийн тэртээ буюу Освальд Эйверийн нээлтээс эхэлсэн. Амьд организмын ДНХ хоорондоо өөр өөр, бас удамшдагийг нээснээр генетикийн кодыг тайлах боломж, цаашлаад биотехнологийн асар олон нээлтийн эхийг тавьжээ. Энэ нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт ч хувь нэмрээ оруулсан бөгөөд генетикээр хувиргасан бүтээгдэхүүний хэрэглээг дэмжигчид юуны түрүүнд, хүн төрөлхтөний өмнө тулгарч буй экологийн тэнцвэрт байдал, байгалийн баялгийн нөөцийн асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж буй. Үнэхээр ч хямд өртгөөр бүтсэн хүнсээр хүн хэмээх ухаант бодгальд шившгийн пайз зүүсээр байгаа өлсгөлөнг ялж болно. Тэр тусмаа хөрс эвдэрч, ус бохирдсон, экологийн тэнцвэрт байдал алдагдсан өнөө үед байгальд ургасан ногоо, жимс амин дэмээр баялаг байна гэсэн баталгаа үгүй.

Генийн өөрчлөлттэй анхны ургамлыг 1983 онд Кельнийн их сургуульд туршилтаар гарган авсан гэж үздэг. Түүнээс есөн жилийн дараа Хятадад бактерийн дайралтад үл ажрах тамхины навчийг анх тариалсан юм. 1994 онд энэхүү технологийн дагуу тариалсан улаан лоолийг худалдаанд гаргажээ. Шинэ сортын улаан лооль биоинженерүүдэд туршилтын хувьд ихэд таалагдсан. “Хорт хавдар, үргүйдлийг үүсгэдэг, хүн төрөлхтнийг үй олноор хөнөөх биологийн зэвсэг” хэмээн генетикээр хувиргасан хүнсний тухай мэдэгдэл их  тархсан ч  яг юуны улмаас, хэрхэн ийм байдалд хүргэдгийг туршилтаар баталсан тохиолдол одоогоор алга.

“Эрдэмтэд баталжээ” гэх үгийн цаана бараг юу хамаагүй ойлгогддог болсныг амьдрал дээр баталсан жишээ генетикээр хувиргасан бүтээгдэхүүнийг тойрсон бүхэл бүтэн том маргаан болсон билээ. Одоогоос хоёр жилийн тэртээ “Food and Chemical Toxicology” сэтгүүлд хэсэг эрдэмтэн хийсэн туршилтынхаа явцыг, гарсан үр дүнг нийтлүүлсэн юм. Сералини тэргүүтэй судлаачид генетикээр хувиргасан эрдэнэ шишээр хулганыг тэжээсэн бөгөөд элэг нь гэмтэх тохиолдол 3–5 удаа, хорт хавдрөөр өвдөх тохиолдол дөрөв дахин ихэссэнийг ажигласан гэж мэдэгдлээ. Чамгүй мэдлэг, туршлагатай эрдэмтэн, судлаачид ч заримдаа хачирхалтай мэдэгдэл хийдэг, харин түүнийг нь олонд хүргэхэд ямар туршилт хийсэн, хэрхэн судалсан зэрэг шалтгаанд үндэслэнэ. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний тухай туршилт бол эрдмийн зэрэгтэй, туршлагатай мэргэжилтнүүдийн судалгаанд үндэслэсэн гэдэг утгаараа түгээн дэлгэрүүлэх “шаардлагыг” бүрэн хангаж байлаа. Харин судлаачид сэтгүүлд нийтлүүлэх өгүүллээ бусад мэргэжилтнүүдэд харуулахгүй байх шаардлага тавьсан нь хачирхалтай. Тус сэтгүүлд гарсан өгүүлэлд ташаа зүйл олон буйг заасан 20 орчим захидал улс орнуудаас ирж, редакц ч мөнөөх Сералинийн багт хандан тайлбар хүсэж, эцэстээ нэ нь олны анхаарлыг татсан, шуугиан дэгдээсэн сэдэв болсон билээ. Саяхан олон нийтийн сүлжээгээр генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний жагсаалт гарч, зарим нэг нь амьд явах эрхээ нэхэн санахад хүрсэн тайлбар бичлээ.

Нөгөө талаас, генийн багахан хэмжээний хагалгаанд орсон хүнс өөрийн шинж чанараа алдаж болно. Энэхүү технологийг эсэргүүцэгчдийн хувьд “Франкенштейн хүнс” хүний эрүүл мэндэд өөрчлөлт оруулж, хүнд өвчнийг үүсгэж болзошгүй гэсэн айдас хамгийн хүчтэй үндэслэл болж байна. Мөн алан хядагчид генийн өөрчлөлттэй хүнсийг биологийн зэвсэг болгож ч чадна гэсэн хардлага олны айдсыг төрүүлнэ.

Эсийн хяналтгүй хуваагдлаас үүсдэг хорт хавдар юуны учир, хэрхэн үүсдэгийг яг таг тогтоогоогүй байхад бүхий л бурууг байгаль орчны бохирдол, хоол хүнсний бүтээгдэхүүн рүү чихчихэж болох учраас үүнийг зах зээлийн өрсөлдөөн, маркетингийн бохир аргад ч хэрэглэж болно. Түүнээс гадна цусан дахь сахарын хэмжээ, элэг, бөөрний өвчлөл нь генетикээр хувиргасан бүтээгдэхүүнтэй шууд холбоотой гэдэг бол зөвхөн таамаг төдий, хэн ч үүнийг яг таг баталчихаагүй байгаа аж. Магадгүй сүүлийн хэдэн арван жилд эрдэмтэд, судлаачдын хооронд хамгийн ширүүн маргаан тарьсан сэдвийн нэг нь ч энэ биз. Гэхдээ судлаачдыг ийнхүү талцаж байх хооронд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн дэлгүүрийн лангууг эзэлж байна.

Хамгийн сүүлд гаргасан тоогоор бол, генийг нь өөрчлөх замаар бий болгосон 900 гаруй сортын ургамал бий. Тэдний 100 орчмыг нь худалдаанд гаргахыг зөвшөөрсний дотор төмс, эрдэнэ шиш, хөвөн, манжин багтдаг. Одоогийн генийн инженерчлэл хүн төрөлхтөний өмнө өөр олон төрлийн бүтээгдэхүүнийг гарган ирэхэд бэлэн буй. Тэр бүү хэл, бусад төрлийн будаанд агуулагддагаас аминдэмээр илүү баялаг тутаргыг ч гарган авсан. Өнөөдөр АНУ тэргүүтэй олон оронд ийм биофабрик байгаа. Цаг минут тутамд хорогдсоор байгаа газрын тосны нөөцийг орлох шинэ үеийн түлшийг ч генийн өөрчлөлттэй ургамлаас гарган авах боломжтой аж.

Х.ОДОНЧИМЭГ

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100