Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулна гэв
08-24-2018 10:15
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн зөвөлийн гишүүн, Гадаад харилцааны яамны сайд Ван Иг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар хүлээн авч уулзлаа.
Үдээс хойш БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хамт хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэхүү ёслолын дараа сайд нар хэвлэлийн бага хурал хийлгэж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И хэлэхдээ, “Монгол Улс шинэ Засгийн газар байгуулсны дараа Хятад улстай найрсаг харилцаатай байхыг баримталж ирсэн. Хятад улс Монгол Улсын гадаад харилцааны маш чухал түнш хэмээн тооцогдож байгаадаа баяртай байна. Энэ нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэж байна. Бид үүнд сайшаалтай хандаж байна. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Хятад улсад айлчилсан. Хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чиглэл өгсөн. Энэ удаагийн айлчлалаар Монголын талтай дөрвөн чиглэлд санал солилцлоо. Нэгд, улс төрийн харилцан итгэлцэл, харилцан дэмжлэгээ улам нэмэгдүүлж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах. Хоёрт, энэ харилцаанд гарсан боломжийг ашиглаж хоёр талын харилцааг хөгжлийг худасгана. Гуравт, “Бүс ба зам” хамтран байгуулахын дагуу хоёр талын хөгжилд шинэ хүч нэмэгдүүлнэ. Дөрөвт, ирэх онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ашиглаж хоёр талын харилцааг шинэ шатанд гаргана. Мөн энэ яриа хэлэлцээрийн үеэр хэд хэдэн чухал тохиролцоонд хүрлээ. Нэгд, бие биеийнхээ язгуур эрх ашгийг хүндэтгэнэ. Хоёрт, хоёр талын улс төрийн суурь үндсийг сахин хамгаална. Монголын талаас нэг Хятад зарчмыг баримталж, Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг байна гэж үздэг гэсэн байр суурийг дахин илэрхийлсэн. Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байна. Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг бид хүндэтгэнэ. Мөн хоёр орны өндөр, дээд төвшний айлчлалын давтамжийг хадгалах хэрэгтэй. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх онд Хятад улсад төрийн айлчлал хийхийг урьж байна. Мөн гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг ирэх онд Хятадад айлчлахыг урьсан. Гуравт, "Бүс ба зам" төслийг Монголын хөгжлийн санаачилгатай уялдуулан хэрэгжүүлнэ. Ажлын тодорхой төлөвлөгөө гаргана. Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхийг зарласан. Хятад Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээр байгуулахад санал нэгдсэн. Дөрөвт, бодит харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ. 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ. Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр чухал ахиц гарсан. Энэ онд багтаж албан ёсоор барилгын ажлыг эхлүүлэхийн төлөө ажиллаж байна. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байна. Мөн Монгол Улсаас санал болгосон МАА-н бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авахад бэлэн байна. Тавд, ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал нэгдсэн. Мөн энэ талаар Засгийн газар хооронд санамж бичигт гарын үсэг зурсан. Цаашид соёл, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын солилцоог хүрэн идэвхтэй хөгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван улсын гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналд нэгдсэн. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Олон улсын чөлөөт худалдааны механизм болон дэлхийн худалдааны байгууллагын журмыг сахин хамгаална” гэлээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Ноён сайд Ван И-гийн айлчлал нь БНХАУ-ын Засгийн газрын шинэ удирдлага томилогдсоны дараа Засгийн газраа төлөөлөн хийж буй Гадаад хэргийн сайдын анхны айлчлал болж байгаагаараа онцлог гэдгийг цохон тэмдэглэе. Дөнгөж сая бидний хийсэн хэлэлцээ амжилттай, найрсаг болж өнгөрлөө. Талууд хоёр талын хоорондын Иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжлүүлэх, харилцан ойлголцол, улстөрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, томоохон төслүүдээ эхлүүлэх талаар санал солилцлоо. Мөн бүс нутаг олон улсын харилцааны өөрсдийн сонирхсон асуудлаар үзэл бодлоо хуваалцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх онд БНХАУ-д айлчлах урилгыг дахин нотоллоо. Хоёр улсын харилцаа бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ болж сайн хөршийн хөгжлийн төлөөх харилцан ашигтай түншлэлийн зарчмаар хөгжиж байгаа. Үүний хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаа талаар санал солилцлоо. Манай эдийн засгийг зээл тусламжаас хамааралтай байдлыг халж тэнцвэртэй тогтвортой хөгжлийг баталгаажуулахын тулд хоёр талын худалдааг эрс нэмэгдүүлэхээр зорьж ажиллахаар хэлэлцэв. Хоёр тал өндөр дээд хэмжээний уулзалтуудыг дахин хийх талаар ярилцлаа. Ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. БНХАУ-тай 70 жилийн дипломат харилцаатай 10-аад орон байдгийн нэг нь Монгол Улс юм. Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж байгаа бөгөөд нээлтийн ажиллагааг энэ сарын 25-ны өдөр хамтран зохион байгуулна. Мөн сая хийсэн уулзалтаараа ярилцсан чухал асуудал бол манай улсад БНХАУ-аас оруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ноён Ван И-тэй санал нийллээ. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил ийнхүү эхэлж байна. Замын-Үүд-Эрээний чөлөөт бүсийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо. Монгол-Хятад хоёр улсын найрсаг харилцааг идэвхжүүлж, үргэлжлүүлэх, чухал шинэ үр дүнд хүрсэн айлчлал боллоо гэж дүгнэж байна” гэлээ.