Цаашид улам хална
07-30-2018 11:31
Дэлхийн өнцөг булан бүрт, тэр тусмаа бөмбөрцгийн хойд хагаст энэ жил онцгой халж буйн шалтгааныг Оксфордын их сургуулийн эрдэмтэд тайлбарласныг “The Guardian” мэдээлэв.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа агаар дахь хүлэмжийн хийн агууламж ихэссэнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд хөрсөн дээр хэт халж байгааг, цаашид ч энэ нь буурах төлөвгүйг цаг уур судлаач Майлз Аллен онцолж байна. Тухайлбал, өнгөрсөн зуунд 1976 онд Англид 35.9 цельсийн хэм хүрч халсны улмаас ган болж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд ингэж халах нь гайхмаар үзэгдэл биш болоод байна гэж судлаачид ярьжээ.
Цаг уурчдын таамаглаж буйгаар, Европт, тухайлбал Скандинав, Балтийн орнуудад үргэлжилсээр байгаа их халуун буурахгүй, цаашид ч халах магадлалтай гэнэ. Азийн орнуудад ч хэт халснаас хүний амь эрсэдсэн тохиолдлууд гарсаар байгаа бөгөөд энэ сарын 23-нд Японд 41.1 хэм хүрч халсан нь өмнө нь үзэгдэж байгаагүй явдал гэж цаг уурчид мэдээлсэн билээ.