CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Ирээдүйд хүчээ авах мэргэжлүүд

07-30-2018 11:55

Техник, технологийн хөгжил, нийгмийн өөрчлөлтийг дагаад хөдөлмөрийн зах зээлд ч асар хүчтэй өөрчлөлтүүд гарч байгааг судлаачид онцолдог. Одоогоос 20 жилийн өмнө эрэлттэй байсан мэргэжлүүдийг 10 жилийн дараа техник, технологийн дэвшлүүдээр халж, өмнө нь огт сонсогдож байгаагүй ажлын байр олноор бий болно гэж мэргэжилтнүүд үзэж буй. “МакКинси” байгууллагаас гаргасан судалгаагаар 2030 он гэхэд дэлхий даяар 375 сая хүний ажлын байрыг автомат машин, робот, программуудаар орлуулна гэсэн таамаг байна. 2025 оноос хойш хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байх, ирээдүйг тодорхойлолцох мэргэжлүүдийн талаар “Прайс Ватер Хаус” компанийн мэргэжилтнүүд ийм таамаг гаргаж байна.

                                                                      Технологич-эмч

Анагаах ухаан, сувилахуйн салбарт нэвтэрсэн технологийн ололтууд нь эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнуудаас олон шинэ чадвар шаардаж эхэлж байна. Хиймэл эрхтэн хэвлэх, шилжүүлэх суулгах, лабораторийн нөхцөлд донор эрхтэн гаргаж авах зэрэг нарийн үйл явц 2030 онд гэхэд анагаах ухааны салбарт ердийн эмчилгээ, сувилгааны нэг хэсэг болно гэж үзэж байна. Үүнийг дагаад компьютер, технологи, техникийн гүнзгий мэдлэгтэй, энэ талаар мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилтнууд олноор бий болно. 


                                                            Ухаалаг техник зохион бүтээгч

 Хүний хөдөлмөр, эрчим хүч, цахилгаан хэмнэсэн, байгальд ээлтэй эд зүйлс, ухаалаг техникүүдийг зохион бүтээгчид, үйлдвэрлэгчид ирээдүйд хамгийн эрэлттэй мэргэжилтнүүдийн нэг байх болно. Тухайлбал, цаг агаарын байдлыг даган өрөөний хэмийг нэмж, хасдаг халаалтын төхөөрөмж, нар, салхины эрчим хүчийг ахуйн хэрэглээнд хувиргагч багажууд одоо ч зах зээлд эрэлттэй байгаа бөгөөд байгальд ээлтэй энэхүү чиг хандлага цаашид улам хүчээ авна гэж мэргэжилтнүүд таамаглаж буй.

                                                             Хиймэл оюун ухааныг хянаг

 

Энэ дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн талаарх бүх л мэдээллийг багтаасан том баазыг бий болгох, үүнийг бүх л салбарт үр ашигтайгаар, аюулгүйгээр ашиглах боломж хэдийнэ нээгдсэн тухай мэргэжилтнүүд онцолсоор байна. Банк  санхүү, даатгал, худалдаа, аялал жуулчлал гээд бүх салбарт ашиглаж болох мэдээллийг баазыг буруу сэдлээр ашиглахаас сэргийлэх тусгай мэргэжлүүд бий болох цаг айсуй. Хиймэл оюун ухаан, хүн төрөлхтөний мэдээллийн баазыг хулгай, луйвар, гэмт хэрэгт ашиглахаас сэргийлж, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалагч цахим цагдаа нар  ирээдүйд бий болно.


                                                    Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүд 

Нүүрс, газрын тос, уран зэрэг эрчим хүчний үүсгүүрээс татгалзаж, сэргээгдэх, байгальд ээлтэй, хүмүүсийн эрүүл мэндэд харшлахааргүй үүсгүүрийг сонгох нь ирээдүйн зайлшгүй сонголт гэж эрдэмтэд анхааруулсаар байна. Цаашлаад, дотоод шаталтын хөдөлгүүрийг орлох технологи ч гарч ирнэ. Байгаль орчны бохирдол, экологийн доройтол болоод түүнээс үүдэлтэй олон асуудлыг шийдэхийн тулд эрчим хүчний салбарт хувьсгал хийх, үүнд гар бие оролцох мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дэх хамгийн эрэлттэй хүмүүсийн нэг болох нь. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100