CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шатдаг мөс олборлогч “Цэнхэр халим-1”

07-16-2018 10:55

Төв оффис нь Шэнь Жэнь хотод байрладаг, Хятадын олон улсын далайн тээврийн  группийн гүний хайгуулын “Цэнхэр халим-1” төсөл тэнгисийн гүний “Шатдаг мөс” олборлолтоороо дэлхийд тэргүүлж байна.
  Манай сайт /mn.cctv.com/ өмнө нь Өмнөд Хятадын тэнгисийн ёроолоос “Шатдаг мөс” олборлосон талаарх мэдээллийг 2017 оны тавдугаар сард уншигчиддаа хүргэж байсан билээ. Далайн ёроолын хүйтэн, өндөр даралттай орчинд бичил организмуудаас үүссэн метан нь усны молекултай нэгдэж метаны гидрат хэмээх цагаан, хатуу биетийг үүсгэдэг бөгөөд үүнийг “Шатдаг мөс” хэмээн нэрлээд байгаа юм. Тодруулбал, “Шатдаг мөс” гэдэг нь өндөр даралт болон нам температурын нөлөөгөөр талст бодис болон хувирсан ус ба байгалийн хийн нэгдэл юм. Энэ бодис нь галд хөх дөл гарган хялбар шатахаас гадна дулааныг удаан барьдаг юм. Тиймээс л эрчим хүчний салбарын ирээдүйд “Шатдаг мөс” нь шинэ дэвшил болох нээлт хэмээн үзэж байгаа ажээ. Далайн түвшнээс доош 900-1200 метрийн ёроолын хөлдүү давхаргад оршдог “Шатдаг мөс”-ний нөөцөөрөө Хятад улс дэлхийд тэргүүлдэг юм. Өмнөд Хятадын тэнгисийн ёроолд 70 тэрбум тонн шатахуун тослох материалтай дүйцэх хэмжээний “Шатдаг мөс”-ний нөөц бий гэсэн тооцоо гараад байна. Хятад улс 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөртөө “Шатдаг мөс” олборлохийг тэргүүн зорилт болгон тусгасан билээ. Энэхүү байгалийн онцгой нөөцийг олборлохтой холбогдсон олон асуудал байдгийн заримаас дурдахад, мэргэжлийн өндэр түвшний техник технологиос гадна тэнгисийн гүний байгаль экологид сүйрэл сөргөөр нөлөөлөхгүй байхыг чухалчилдаг. Эдгээр асуудлыг нэг дор шийдвэрлэж чадсан анхны томоохон төхөөрөмж нь “Цэнхэр халим-1” төсөл юм. Хятадын олон улсын далайн тээврийн группийн орлогч захирал Юй Ягийн танилцуулж буйгаар, “Цэнхэр халим-1” нь Өмнөд Хятадын тэнгисийн гүнээс “Шатдаг мөс” олборлох төслийн туршилтыг амжилттай биелүүлсэн төдийгүй нарийвчилсан зураг төсөл, ашиглалт, тохиргоо хийх, DP3 динамик байршлын систем зэргийнхээ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа ажээ. Цэнхэр халим-1” нь 117 метр урттай, 92.7 метр өргөнтэй, 118 метрийн өндөртэй бол 3658 метр гүнд ажиллах боломжтой ажээ. Хамгийн гүндээ 15240 метр хүртэл өрөмдөх хүчин чадалтай. Ижил төрлийн төхөөрөмжтэй харьцуулахад “Цэнхэр халим-1” төслийн үр ашиг 30 хувиар дээшилж, түлшний зарцуулалт 10 хувиар багассан юм. 2014《World Oil》-ийн хамгийн шилдэг шагнал болон 2016 OTC-ийн шилдэг дизайны шагналыг хүртсэн байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100