CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийв

04-10-2018 10:43

 9-нд Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад айлчилж ирсэн МУ-ын засгийн газрын ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийлээ.

Ли Кэчян: Хятад, Монгол хоёр орон харилцан чухал хөрш, сайн найз, сайн түнш юм. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-д айлчлах үеэр хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон хөгжүүлсэн билээ. МУ-ын засгийн газар "Нэг Хятад"-ын бодлого баримталдгийг Хятадын тал сайшааж, Монгол улстай стратегийн өндөрлөг, алсын хараагаар хоёр орны харилцааг хөгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэн, нэг нэгнийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй том чухал асуудлыг харилцан хүндэтгэж, дээд зиндааны хэлхээ холбоог хэвээр байлган, засгийн газар, парламент, улс төрийн намуудын солилцоог эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн тухай зөвшилцөл ойлголцлоо нэмэгдүүлэн, Хятад, Монголын харилцааны хөгжлийн үр өгөөжийг хоёр орон төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд хүртээх ёстой.

Хятад, Монгол хоёр орны аль аль нь эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах чухал үүрэгтэй тул, Монгол улстай эдийн засгийн харилцан нөхөх чанар, газар зүйн байрлалын давуу талаа ашиглан, Хятад улсын “Нэг бүс нэг зам”, Монгол улсын “Хөгжлийн зам”-ыг холбож, чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай хамтарсан судалгааг эртхэн эхлүүлж, үндэстэн дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэн, үйлдвэрлэх хүчин, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлт, бохирдлоос сэргийлэн засах зэрэг иргэдийн амьжиргааны төсөл дэх хамтын ажиллагааг тогтвортой ахиулан, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд Хятадын тал бэлэн байна.

Ирэх жил Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо угтан авна. Монголын талтай боломжийг алдалгүй ашиглан, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн банйа. Хоёр тал инновацтай ажиллаж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баялаг агуулга бүхий тэмдэглэлт арга хэмжээнүүд зохион байгуулж, залуучууд, соёл, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал зэрэг хүмүүнлэгийн салбарын солилцоогоо эрчимжүүлж, иргэдийн солилцоонд тус дөхөм үзүүлэн, ард иргэдийн дундах хоёр орны найрамдлын үндэс суурийг улам бэхжүүлэх ёстой гэжээ.

У.Хүрэлсүх: Хятад улстай найрсаг хөршийн найрамдалт харилцаагаа хөгжүүлэх нь МУ-ын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд МУ-ын шинэ засгийн газар үүнийг хэлбэрэлтгүй баримталж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг улам баяжуулна.

Мөн "Нэг Хятад"-ын бодлогыг баримталж, Тайвань, Түвд бол БНХАУ-ын салшгүй хэсэг гэдгийг дэмжин, Түвд, Тайваньтай холбоотой асуудал Хятад улсын дотоод үйл хэрэг гэдэг байр сууриа хэзээ ч өөрчлөхгүй. Хятад улсын “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” хэмээх эргэн тойрны дипломат бодлого нь Хятад, Монголын харилцааны хөгжилд шинэ боломж нээж, Хятад улстай улс төрийн харилцан итгэлцлээ улам бэхжүүлэн, дээд зиндааны харилцан айлчлалыг хэвээр байлган, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, стратегийн хэлхээ холбоогоо бэхжүүлж, энэ ондоо багтаан хоёр тал чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай бодит судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэн, худалдаа, аялал жуулчлал, үйлдвэрлэх хүчин, уул уурхай, хөдөө аж ахуй, зам тээвэр зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг тэлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шат ахиулахад Монголын тал бэлэн байна гэжээ.

Хоёр тал мөн хамтдаа анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар саналаа солилцсон бөгөөд хэлэлцээний дараа, хоёр орны ерөнхий сайд нар эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, үйлдвэрлэх хүчин, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг олон салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100