CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Миний дөрвөн уул

12-13-2017 15:38

 Би уултай хүн. Хазайхад минь түшиж, халтирахад минь тосдог, тэнгэр баганадсан дөрвийн дөрвөн уул надад байлаа. Харин хамгийн ихээр намайг хайрладаг, хэнээс ч илүү зөвхөн миний л үгэнд ордог, хамгаас том уул минь хоёр жилийн өмнө надаас явсан. Хорвоо мөнх бусыг, үхэл заримдаа амьдралыг үнэ цэнэтэй болгодгийг тэгэхэд би анх мэдэрч, үхэлтэй улаан нүүрээрээ халз тулсан. Тэр бол миний хөгшин аав. “Зээ хүний санаа зэвтэй төмөр гэдэг юм. Чи харин...” гээд л ярьдагсан. Хүн болгонд хатуу хэрнээ надад л зөвхөн зөөлөн байсан юм шиг...
Хамгийн үзэсгэлэн төгс эмэгтэй ч өөрийнхөө ямар нэгэн зүйлд сэтгэл гундуу байдаг юм гэсэн. Тэгтлээ тарган биш ч би бас турах тухай ярина. Тэгэхэд “Улаан туяа татуулсан царайтай, бондгор охин чинь хөөрхөн байдаг юм” гэж намайг цаашлуулна. Миний чих хүн бүхнийхээс жижигхэн гэдгийг анх ганцхан та л надад хэлсэн. Тийм ч учраас би чихээ харах бүртээ таныгаа үгүйлэн санадаг.
 “Хөгшин аав байхгүй болчихлоо” гэсэн дүүгийн минь зурвас энэ дэлхий дээр миний уншсан хамгийн сэтгэл сэртхийлгэм үг. Өвдөөд удсан учраас сэтгэл санаагаа аль хэдийнэ бэлдсэн байсан ч яг тэр мөчид би юу хийх, яах ёстойгоо мэдээгүй. Ажил дээр байснаа, гарч яваад хүнгүй газар хэсэг сууснаа санадаг. Гэхдээ бараг уйлаагүй байх. Бодох төдийд л гардаг нулимс тэгэхэд харин гараагүй. Дараа нь энд тэнд хөгшин аавтайгаа адилхан алхаатай, адилхан нүдтэй, адилхан дээлтэй хүнийг хайгаад л, олбол хэсэг харж зогсдог зуршилтай болсон. Тэгээд биш гэдгийг нь мэддэг ч хаа нэгтэйгээс гараад ирэх ч юм шиг санагдаж, тэнгэрээс намайг харж байгаа гэдэг үгээр өөрийгөө хууран хурдан хурдан алхаж оддог.
Харин одоо би таньгүйгээр хоёр жилийг үдчихэж. Таныгаа нас барж байна гэж зүүдлээд л учиргүй уйлчихдаг байсан охин таньгүйгээр бүхэл бүтэн хоёр жил амьдарчихсан гэхээр өөртөө ч итгэж ядна. Ил байсан уул зүрх сэтгэлд минь сүндэрлэсэн болохоор л би амьд явж чаддаг ч байж магадгүй. “Бурхан болоочийнхоо араас уйлбал тэр хүн нулимсанд нь живдэг юм” гэсэн П.Бадарч гуайн үгийг дуулснаасаа хойш бүр ч уйлахгүйг хичээх болсон. Таныгаа зөвхөн надад л эргэж төрөөсэй гэж сүсэглэхээ ч больсон. Хайрлана гэдэг өөртөө барьж тогтоохын нэр биш, хайртай хүн нь аз жаргалтай байхад сэтгэл ханахыг хайр гэж ойлгодог болсон болохоороо ч тэр байж магад. Та миний зүрх сэтгэлд мөнхөд амьд орших болно.
Миний уулс ер нь их хатуу. Барагтай бол сайхан харагдахгүй. Ховдын хөх, хүрэн, улаан уулс шигээ хөндий, хүйтэн ч юм шиг хүрэнтэж, хүнхийгээд л, тэгсэн хэрнээ цаанаа л нэг нөмөртэй байдагсан. Би гэж эрх нь дэндүү охин байлаа. Сав л хийвэл өвдөж зовоодог хэрнээ хөгшин аав, ээж дээрээ очихоороо л зүгээр болчихдог байсан учраас тэдэн дээрээ өссөн. Аав маань харин ганц охиндоо учиргүй хайртай. Хааяахан гэртээ ирэхдээ, ах дүү хоёроо зүгээр шахуу байхад нь “Над руу муухай хараад байна” гэж хэлээд л загнуулчихаж байх вий. Хөдөө байгаа дүүдээ ах минь онц сурсан гэж шагнуулсан шинэ жилийнхээ бэлэгнээс илүүчилнэ. Хүүхэд насны минь хамгийн том бэлэг тэр байлаа.
Нэгдүгээр ангид ордог жилээ би “Сурахгүй, хөдөө амьдарна, малчин болно” гээд л аав, ээжийгээ зовоож өгсөн. Хичээлийнхээ дундуур “оргож”, хаа байгааг нь үл мэдэх хөгшин аавынхаа намаржаа руу цүнхээ үүрээд алхсан ч түүхтэй. Аав маань харин нэг чанга дуугарчихаад, уйлахад минь “Аав нь охиноо дүүтэй нь андуурчихлаа” гээд аргадсан нь одоо ч сэтгэлд тодхоно. Харин тэр эрх танхи зан маань цаг хугацааны урсгалд ор мөргүй угаагдаж, одоо би аавдаа хүртэл хашир нэгэн шиг санагддаг болчихсон юм билээ. “Миний охин өдий хүртэл өөрийгөө болгоод ирсэн юм. Аав нь юу хэлэх вэ. Хэт их битгий хаширлаарай” гэж захих болсон.
Би ер нь юу хүссэн, түүнийгээ л хийж ирсэн. Арван жилдээ итгэл үнэмшлээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд аавдаа, ахдаа захиа хүртэл бичээд гэрээсээ явчихаж байсан удаатай. Загнана даа гэж дотроо их айсан. Харин аав маань “Захиаг нь авсан. Миний охин өөрөө шийд” гэсэнсэн. Ингээд гэрээсээ өөр газар жил орчим амьдарч үзсэн. Хэрэв хэзээ нэгэн цагт миний охин ингэж хэлээд явбал би л лав зөвшөөрөхгүй.
Дараа нь сэтгүүлч болно гэхэд минь бас л дургүйцсэн. Аавын ах харин миний талд орсоноор сэтгүүлч болох зам маань тавигдсан ч 250 мянгахан төгрөгийн цалинтай, өдөр, шөнөгүй ажилладаг охиноо биегүй болчихно гэж санаа зовсондоо “Чи наад ажлаасаа гар” гээд л загнана. Би харин улаан дуугүй ажлаа хийсээр. Ах маань “Чи хоол унд хийгээд гэртээ байж бай. Би чамд цалин өгье” гэнэ. Одоо аав маань “Хүн зорьсон зүйлдээ үнэнч байхын үр шим энэ” гээд л намайг магтдаг юм.
Дүүг хоёр, намайг дөрөв, ахыг наймдугаар ангид байх жил манайх хотод шилжиж ирсэн. Гэвч аавыг ажлаас нь дуудсанаар аав, ээж нутаг буцаж, нэгэнт ирсэн юм чинь хүүхдүүдийнхээ ирээдүйг бодно гэсэн аавын шийдвэрээр ах, дүү бид гурав их хотын баруунтаа өрх тусгаарлан, аав ээжийнхээ хөлсөө дуслуулан байж хурааж цуглуулсан мөнгөөр авсан байрныхаа нэг өрөөг нь хүнд түрээслүүлэн, амьдрах болсон юм. Сар бүр хүнсний мөнгө явуулна. Бид гурав сарынхаа хүнс цуглуулж байгаа нэртэй баахан бэлэн гоймон авчихна. Яагаад ч юм тэгэхэд идээд байхад л өлсөөд байдаг байж билээ. Гэхдээ тэр цаг хугацаа одоо бидэнд хамгийн жаргалтай, бид гурвыг бусдаас илүү хэрсүү болгож дээ гэж бодогддог. Тэр үеийн дадлаараа одоо ч ах маань гэрийнхээ хүнсийг цуглуулдаг хэвээрээ.
Дүү маань надаас хоёрхон насны зөрүүтэй учраас бид илүү ойр, дотно өссөн. Дүүгээ өмөөрч, хөвгүүдтэй зодолдож хүртэл үзсэн ч энэ салбарт амжилт олохгүйгээ мэдээд эрт зодог “тайлсан”. Их сургуулийн гуравдугаар дамжаанд байхдаа ах, эгчээсээ урьтаж, аавд минь анхны ачийг нь үнэрлүүлсэн дүү маань эр хүнд зохимгүй хэтэрхий өрөвч зантай. Хэн бүхний зовлонгийн өмнө өөрийгөө тавьж боддог гэмтэй. Ийм зантай болгосон буруутан нь би ч юм шиг санагдаж, хааяадаа гэмшдэг.
Өдгөө ах, дүү хоёр маань өрх толгойлж, өөрсдийг нь өвчсөн мэт дуурайсан хүүхдүүдийн аав болцгоосон. Гарын таван хуруу шиг байсан манай гэр бүл хоёр гарын арван хуруу болжээ. Алдаа онооны минь алинд ч түших уулстайдаа би мөр бүтэн алхаж, амьд явж чаддаг аа. Миний уулс, миний бурхад.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100