CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад, Монголын Гадаад харилцааны сайд нар хамтарсан хэвлэлийн мэдээ гаргав

12-05-2017 11:05

 2017 оны 12  дугаар сарын 4-нд Бээжин хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах “хамтарсан хэвлэлийн мэдээ”-г гаргав.

Монгол Улсын  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн  урилгаар 2017 оны 12 дугаар сарын 3-5-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Гадаад  харилцааны сайд нар Хятад-Монголын харилцаа, харилцан сонирхсон асуудлаар  гүн гүнзгий санал  солилцож, өргөн хүрээний тохиролцоонд хүрэв. Үүнд:

1. Талууд  найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын  тэргүүлэх чиглэл болохыг нотлов. Найрсаг харилцаатай хөрш орнуудын хувьд талууд  Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт  урагшлуулан хөгжүүлэхэд хүчин чармайлт  гаргана.

2. Монголын тал  бодлогын залгамж чанараа хадгалан, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж,  Түвд, Шиньжян, Тайвань зэрэг Хятадын талын язгуур эрх  ашигтай холбоотой, чухалчлан анхаардаг асуудлыг бодитойгоор хүндэтгэж, Хятад,  Монголын харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалахаа нотлов. Хятадын тал  Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн  байдал, Монголын ард түмний өөрийн онцлогийн дагуу сонгосон хөгжлийн замыг  хүндэтгэдгээ нотлов.

3. Талууд бүх  түвшний харилцан айлчлал, солилцоог нэмэгдүүлж, ирэх онд дээд түвшний айлчлал,  уулзалтын давтамжийг хадгалахаа илэрхийлэв. Талууд ирэх оны тохиромжтой цагт  Хятад, Монголын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь  удаагийн уулзалт, Худалдаа, эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны Хятад,  Монголын ЗГХК-ын 15 дугаар хуралдаан, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн  хамтын ажиллагааны Хятад, Монголын зөвлөлийн гуравдугаар хуралдааныг тус тус  зохион байгуулах талаар нягт холбоотой ажиллахаар тохиров. Мөн Гадаад харилцааны  яамд хоорондын стратегийн яриа хэлэлцээ зэрэг механизмын гүйцэтгэх үүргийг  цаашид нэмэгдүүлнэ.

4. Хятадын тал  Монголын талд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад үргэлжлүүлэн  дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Хятадын талаас олгосон буцалтгүй  тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэх,  уул уурхай, эрчим хүч, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг  Монголын талын хүсэлтэд нааштай хандана. БНХАУ-ын Засгийн газраас олгосон  буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн  хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэж буйг Монголын тал өндрөөр үнэлж, талархал  илэрхийлэв.

5. Талууд бүтээлч хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлнэ. Хоёр улсын удирдагчдын тохиролцооны дагуу Хятадын  “нэг бүс ба нэг зам” санаачилгыг  Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөртэй уялдуулах ажлыг хэрэгжүүлж, хилийн  хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлуудыг урагшлуулах, Хятад-Монголын Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эхлүүлнэ. Талууд ашигт малтмалын олборлолт, дэд бүтцийн  бүтээн байгуулалт зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, гэр  хорооллын дахин төлөвлөлт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг  бататган, Хятад-Монголын экспо  зэрэг хамтын ажиллагааны талбарыг сайтар ашиглана. Хятадын тал дамжин өнгөрөх  тээвэр, далайд гарах гарц зэрэг салбарт Монголын талд хөнгөлөлт, дэмжлэг  үзүүлэхээ үргэлжлүүлнэ. Монголын тал бодлогын тогтвортой байдлыг хадгалж,  Хятадын аж ахуйн нэгжүүд болон гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө  оруулах таатай орчныг бүрдүүлэх болно.

6. Талууд соёл,  боловсрол, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлал, хүүхэд, залуус зэрэг  хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй хөгжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг  нэмэгдүүлэхээр тохиролцов. Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан  зөвлөлийн анхдугаар хуралдааныг энэ онд багтаан зохион  байгуулна.

7. Монголын  талыг олон улс, бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг Хятадын тал дэмжиж  байгаа бөгөөд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг  хамтран урагшлуулж, бүс нутгийн энх тайван, хөгжлийн төлөө хамтын хүч чармайлт  гаргахад бэлэн байна.

8. Гадаад  харилцааны сайд Д.Цогтбаатар айлчлалын үеэр халуун дотно, найрсгаар хүлээн  авсанд Хятадын талд талархал илэрхийлж, Гадаад хэргийн сайд Ван И-г  тааламжтай  цагт Монгол улсад айлчлахыг урив. Гадаад хэргийн сайд Ван И урилгыг талархан  хүлээн авчээ.
 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100