Цахилгаан үүсгүүр бүхий авто зам тавигдаж байна
12-01-2017 15:33
Энэ зам нартай л бол байнга цахилгаан үүсгэнэ. Тиймээс тус замаар зорчиж буй цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл дээгүүр нь зорчиж байхдаа л цэнэг авч болох аж. Олон хүнд боломжгүй мэт санагдаж буй энэ замыг Хятадын Жинаны Наньро хотод тавьж эхлээд байна. Цас орсон тохиолдолд өөрөөсөө эрчим хүч гарган хайлуулж чадах энэ замыг “цахилгаан зам” хэмээн нэрийдэж буй гэнэ. Байгальд ээлтэй, авто замд хувьсгал хийж мэдэх энэ замын гадаргуу нь дөрвөлжин “шил тоосго” шиг харагдах боловч, ямар ч халтиргаа гулгаа үүсгэхгүй бөгөөд бага дунд оврын авто машин зорчих бүрэн боломжтой. Зам дээр дэвссэн хавтангууд нь нарны гэрлийг өөртөө шингээн, цахилгаан хуримтлуулан зориулалтын хадгалах төхөөрөмжид хадгалах бөгөөд энэхүү хуримтлагдсан цахилгаанаар тус зам дээгүүр зорчиж буй цахилгаан хөдөлгүүрт авто машинуудыг цэнэглэх аж. Уг зам нь энгийн хатуу хучилттай замаас илүү чанартай аюулгүй гэдгийг судалгаагаар мөн тогтоожээ.