Хятадын 15 их сургууль дэлхийн шилдэгт багтжээ
11-21-2017 15:23
2017 оны дэлхийн их, дээд сургуулиудын төгсөгчдийн ажлын байрны өрсөлдөх чадварын жагсаалт гарчээ. Жагсаалтыг АНУ-ын Калифорнийн Технологийн дээд сургууль дахин тэргүүлсэн байна. Харин дэлхийн шилдэг 150-д Хятадын нийт 15 их, дээд сургууль багтсан аж. Тэдгээрийн долоо нь эх газрынх бөгөөд Хонконг болон Тайваниас тус бүр дөрвөн сургууль шилдэгт шалгарчээ. Ийн Хятадаас сонгогдсон сургуулийн тоо болон зэрэглэл өнгөрсөн жилийнхээс өссөн байна.
Жагсаалтыг АНУ-ын их, дээд сургуулиуд илт давамгай тэргүүллээ. Тодруулбал, эхний 10 сургуулийн долоо нь тус улсынх байжээ. Тэр дундаа Калифорнийн технологийн дээд сургууль, Харвардын их сургууль, Колумбын их сургууль эхний гуравт орсон байна. Мөн Их Британийн Кембрижийн их сургууль тавд, Германы Мюнхены Аж үйлдвэрийн их сургууль наймд үлдсэн. Харин Токиогийн их сургууль есдүгээр байранд орж, Азийн их, дээд сургуулиудыг тэргүүллээ.
Хятадын их, дээд сургуулиудаас Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль дэлхийд 12, Азид хоёрт, Бээжингийн их сургууль дэлхийд 14, Азид гуравт, Шанхайн Зам харилцааны их сургууль дэлхийн шилдэг 30-д тунаж үлдсэн байна. Үүний зэрэгцээ Фүданий их сургууль, Чинхуа их сургууль, Тайваний Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хонконгийн их сургууль, Хонконгийн хятад хэл бичгийн их сургууль, Жэжяний их сургууль, Наньжиний их сургууль, Тайваний их сургууль, Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хонконгийн Хотын их сургууль, Тайваний Чинхуа их сургууль болон Зам харилцааны их сургууль тус тус шалгарчээ.
Жагсаалтыг гаргахдаа дэлхийн томоохон 22 улс болон бүс нутгийн олон улсын аж ахуйн нэгжийн 6000 менежерүүдийг урьж судалгаа хийжээ.