CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хайр мандтугай

10-31-2017 13:19

Хэн нэгнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хайрлах, хайрлахыг хүсэх нь биднийг амьд байлгадаг ч юм шиг. Хайр гэдэг зөвхөн амраг сэтгэлийнх бус. Ээж, аав, элгэн садан, эх орноо хайрлах хайр ч энд багтана. Хайргүйгээр бид хэн ч биш. Хааяа  бид зөвхөн хайрын хүчээр л амьдардаг юм шиг санагддаг. “Хүмүүс өөрсдийгөө ус, агаараар амьсгалдаг гэж боддог. Үнэндээ хайраар амьдардаг” гэсэн хайртай найрагчийн минь үг санаанд бууна. Ус, агааргүй бол бид амьдарч чадахгүй  л дээ. Гэхдээ энхрийлэн хайрлах янаг амраггүй, өөрийг чинь өвчсөн мэт дуурайсан үр хүүхэдгүй, баяр гунигийн алинд ч эвий минь гэж угтах эцэг эхгүй, үгүйлэн санах эх оронгүй, зовлонгоо хуваалцах анд нөхөргүй бол хүн гэж яваад яах юм бэ. Тийм хүн гэж хорвоод үгүй биз. Хэрэв байдаг бол тэр дэлхийн хамгийн ядуу хүн.

Ийм бодол тээсээр Бээжинд анх удаа монгол кино үзэх гэж буй минь энэ. Ер нь миний хувьд ч биш, Бээжин хотод сурч, ажиллаж байгаа бүх хүний хувьд “Single ladies 3” анхны монгол кино нь. Гол дүрийн гурван өөр насны, гурван өөр амьдрал, үзэл бодолтой бүсгүйчүүд бол хайрын төлөө шантаршгүй тэмцэгчид. Тийм ч учраас киноны гурав дахь ангийг хийхэд хүрсэн биз. Энэ удаа тэдний түүх Монгол орны үзэсгэлэнт байгальд үргэлжилнэ. Тэд хайраа олохын төлөө үргэлжлүүлэн тэмцэж, 5000 гаруй км-ыг туулжээ. Харин хайраа олох болов уу? Энэ асуултыг үзэгч танд үлдээе.

 Жүжигчин Г.Ундармаа “Киногоороо дамжуулан дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьсон” гэсэн нь нүдээ олжээ. Цэв цэнхэр тэнгэрт нүүн буй үүлс, нов ногоон тал, модод, сүрлэг өндөр уулс гээд зөвхөн Монголоос л олж харж болох байгалийн үзэмж дэлгэцнээ зурайна. Нутагтаа очоод, цээж тэнийтэл цэвэр агаараар амьсгалчихсан мэт санагдана. Хүний нутагт байгаа хүн бүрт ийм мэдрэмж төрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрэв та над шиг хөдөө өссөн бол нулимс дуслуулахыг ч үгүйсгэхгүй. Харин тэр мах, айраг, сүү цагааг хараад үзэгчид уулга алдаж, арааны шүлсээ залгиж байна билээ. Эргээд очих эх оронтойдоо, хийж бүтээх хүсэл эрмэлзлэлтэйдээ бид хүний нутагт бүтэн амьдардаг.

Киноны нээлтнээс 20 минутын өмнө очиход үзэгчид аль хэдийнэ суудлаа эзэлсэн байв. Алтан шаргал цаастай, зүрхэн хэлбэртэй шоколадыг зохион байгуулагчид бэлдэж, хүн бүрт бэлэглэсэн. Яг л хайраа олоорой, хайртайгаа учраарай гэж байгаа ч юм шиг.

Киноны нээлтэнд СТА, жүжигчин Г.Ундармаа хүрэлцэн ирсэн бөгөөд “Энд гоё кино гарч байгаа гэж сонслоо” гэсэн үгээр наргиа хийж, танхимд орж ирэхэд үзэгчид түүнийг алга ташин угтсан. Кино товлосон цагтаа эхэлж, УДЭТ-ийн жүжигчин, найруулагч, Драммын төв академийн оюутан Э.Идэрболд хөтлөгчөөр ажилласан юм.

 “Ларьдма” кинон дээр гол дүрийн бүсгүй нөхрөөсөө эсэн мэнд зугтахад л кино театрт үзэгчид уулга алдан, алга ташиж байхыг би анх харсан юм. “Над руу ингэж битгий хар” киноноос өөрөөр сүүлийн хоёр жил Монголд кино үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Харин энэ удаа үзэгчид хэдэн ч удаа алга ташсаныг тоолж барсангүй. Бээжингийн залуус ийм их сэтгэл хөдлөлтэй юмуу, аль эсвэл кино өөрөө тийм их сэтгэл хөдөлгөм үйл явдалтай юмуу, бүү мэд. Харин энэ киног үзэхгүй гэж шийдчихсэн байсан найз маань үзчихээд “Би л лав үзсэндээ харамсахгүй байна” гэсэн нь нэгийг хэлэх байх.
“Хөдөө л гэхээр уранхай дээлтэй, унжийсан хүмүүс байх албагүй. Би киногоо өнгөлөг байлгахыг хүссэн. Тийм ч учраас кинонд ашигласан 30 гаруй дээлийг Ерөнхийлөгчийн ёслолын хувцас оёдог оёдолчноор оёулсан” хэмээн “U фильм” уран бүтээлийн нэгдэлийг үүсгэн байгуулагч, “Single ladies” кинонд Ариунсанаагийн дүрийг бүтээсэн, жүжигчин Г.Ундармаа ярьсан. Нээрээ л кино өнгөлөг болжээ. Энэ нь бодит байдлаас хол зөрүүтэй байж болох ч урлаг ямар бодит үнэнийг өгүүлэх албатай ч биш. “Би нийгмийн хар барааныг инээдээр үзүүлэхийг хүсдэг” гэсэн жүжигчин бүсгүйн үгийг санавал кинон дээрх үйл явдал ч хоосон инээд биш дэгээ.

 Киноны дараа жүжигчин Г.Ундармаа үзэгчидтэй халуун дулаан яриа өрнүүлсэн юм. “Дараагийн ангийг хийх үү” гэх үзэгчийн асуултанд “Тийм” гэж хариулсан. Уг киног Бээжинд гаргахад Монгол урлагийг дэлхийд сурталчлах төслийн хэрэгжүүлэгч “Пийс интэрнэйшнл инвестмент менежмэнт консалтинг” компани ихээхэн хувь нэмэр оруулжээ. Иймээс жүжигчин А.Туяагийн кинонд тоглохдоо өмссөн дээлийг тус компанийн ТУЗ-ийн дарга Д.Энхбаярын эхнэрт жүжигчин Г.Ундармаа талархал илэрхийлэн гардуулсан нь онцлох үйл явдал байв. Түүнчлэн азтай гурван үзэгчийг сугалаагаар шалгаруулан кинонд ашигласан “Ялгуун” брэндийн ороолт болон тусгайлан бэлдсэн бэлгээр урамшуулсан. Үүний дараа үзэгчид Г.Ундармаатай зураг авахуулсан бөгөөд уртаас урт дараалал үүссэн байсан юм. Ийн Бээжингийн залуус нэгэн үдшийг хүндэлж явдаг жүжигчин бүсгүйтэйгээ халуун дулаан яриа өрнүүлэн өнгөрүүллээ. Тус үйл ажиллагааг зохион байгуулсан Бээжингийн багшийн их сургуулийн оюутан, “Бээжин үйл ажиллагаа” вичат группийн админ Рита болон тэдний багийнханд талархал илэрхийлэх нь зүйн хэрэг юм. Түүнчлэн тун удахгүй “Зүрхний хилэн” кино нээлтээ хийх гэж буй баярт мэдээг давхар дуулгая.

Киноноос авсан нэгэн сургамжаа та бүхэнтэй хуваалцахад хэзээд тэвчээртэй байгаарай. Хүсэн хүлээсэн амжилт, зорьсон зорилгодоо хүрэхэд ганц алхам л дутуу байхад бид заримдаа шантарч орхидог. Харин тэгэлгүйгээр эцсийг нь хүртэл хичээгээд үзээрэй. Тэвчээргүйгээс бид хайраасаа хагацаж, холын зовлонг ойртуулдаг ч байж магад. Мөн зөвхөн өөртөө л үнэнч байгаарай. Өрөөл бусдад үнэнч байхаараа л бид өөрсдийгөө гээж орхидог гэмтэй.

Хэрэв та яг одоо нэг насны хайраа олоогүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Зөвхөн чамд л зориулсан хайр хаа нэгтээ хүлээн буй гэдэгт итгээрэй. Харин хайртай хүн чинь хажууд тань байгаа бол хайртайгаа хэлээрэй. Бид ажил, амьдралын завгүй хэмнэлд заримдаа хайртай гэдгээ илэрхийлэхээ мартаж орхидог. Хорвоогийн хамгийн сайхан нь хайр. Бид харин хайрыг эрсэн мөргөлчид. Хайр мандтугай. 

                                                                                Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

  

  

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100