CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хятадын 30 гаруй хотоор аялсан аялагч

10-12-2017 15:08

Аялал. Тийм ээ, хүн бүхэн дэлхийгээр аялахыг мөрөөддөг гэж би итгэж байна. Гэхдээ мөрөөдөл гэдэг хүрвэл бахархах оргил, очвол сэтгэл ханачих цэг юм бол аялал бол мөрөөдөл биш гэж би хэлэхийг хүсэж байна. Яагаад гээч! Аялал бол ертөнцийг, хүмүүсийг ойлгох, мэдрэх, амьдралд сургах хамгийн том сургууль, хамгийн чадварлаг багш гэдгийг улам улам мэдрэх болсноос тэр. Олон олон зорилготой, зоригтой аялагчидтай ярилцаж, аяллын сонин сайхнаас нь сонссоны дараа үүнд улам итгэж байна. Тэдний нэг бол Чунцин хотын Харилцаа Холбооны Их Сургуулийн оюутан Э.Наран-Очир.  

Хятадын 30 гаруй хот, Өмнөд Азийн 4 улс, Солонгос, Орос улсуудаар аялсан байна. Би аялах үнэхээр дуртай. Аялал бүрийн төгсгөлд “АМЬДРАЛ” гэдэг үгний өөр өөр тодорхойлолт миний тархинд бичигддэг.

Миний хамгийн дурсамжтай аялал бол яах аргагүй ОХУ-ын Буриад руу хийсэн аялал байсан. Энэ аялалд би миний амьдралын хамгийн эрхэм хүн, хамгийн сайн хөтөч аавтайгаа хамт явсан. Бид хоёр Улаанбаатар—Байгаль нуур—Улаанбаатар гэсэн маршрутаар нийт 1500 км аялахдаа 500 гаруй км замыг унадаг дугуйгаар, 400 км-ыг замын унаанд дайгдаж, үлдсэнийг нь галт тэргээр туулсан юм. Майханд хонож, гэрээсээ авчирсан борцоор хоол хийж идэж явлаа.  Ингэж аялах нь маш их сорилт, адал явдал, тэр хэмжээгээрээ хэзээ ч мартагдахгүй дурсамж, сургамж үлдээжээ.

Харин Хятадын хувьд заавал үзэх ёстой гэгддэг Лижан(丽江), Шанхай(上海, Бээжин(北京), Чэндү成都), Тайюан(太原),厦门ШиаМэн гээд 30 гаруй хотоор үүргэвчтэй аялал хийсэн. Хамгийн их таалагдсан нь Шаанси мужийн Ши Ан хот. Энэ хотод бүр 8 удаа очиж байсан байна. Очих бүрт л шинэ мэдрэмж төрүүлдэг үнэхээр гайхамшигтай хот.  Эртний Хятадын нийслэл Чан Ан, 13 гүрний нийслэл торгоны замын эхлэх цэг, дэлхийн 10 эртний хотын нэг гээд л бодохоор над шиг түүх сонирхогчид очиж үзэхгүй байхын аргагүй л дээ.

Миний одоо амьдарч сурч байгаа Чунцин重庆 хот нь Хятадын төвийн харьяалалтай 4 хотын нэг, баруун өмнөдийн тулгуур хот юм. Хятадын түүхэн дэх ардчиллыг дэмжигчид амьдарч байсан мөн л түүхтэй хот. Мэдээж, байгалийн үзэсгэлэнт газрууд ч их. 

Дараагийн аяллын цэг маань Япон улс. Японы соёл,  хөгжлийн түвшин нь ямар нэгэн хүчээр намайг татаад байдаг юм. Харин Хятад дотроо бол гэвэл Шандун мужид очихыг хүсэж байна.  Зөвхөн агуу сэтгэгч Күнзийн нутаг, Тай уул 泰山-аас гадна ер нь л  анх хятад хэл үзэж эхэлснээсээ хойш энэ газарт хөл тавьж, нүдээрээ харж, биеэрээ мэдрэхийг мөрөөдөх болсон.

Удахгүй очих байх аа.
Аялагчдадаа хэлэхэд аав ээжтэйгээ хамт заавал аялаарай гэж хэлмээр байна. Амьдралд хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээдэг зүйл бол энэ л юм билээ.
Ер нь би үүргэвчтэй аялагч болохоор маш энгийн төлөвлөгөө бичээд л үүргэвчээ үүрээд гараад явдаг. Хэрвээ адал явдал мэдрэхийг хүсвэл тийм их битий төлөвлө, зүгээр л оч. Нутгийнхантай уулзаж аялалаа үргэлжлүүл, хүсвэл нутгийн хүний гэрт ч хонож болно шүү дээ. Харин тухтай, аюулгүй аялахыг илүүд үзвэл төлөвлөгөө чухал. Сайтар төлөвлөж чадвал цаг хугацаа, хөрөнгө мөнгөө ч хэмнэнэ.
Ер нь аялаад л эхэлчихвэл, аялалд нэг л дурлавал болих маш хэцүү, нэг төрлийн донтолт ч юм шиг. Үнэхээр соронз мэт татдаг гайхалтай зүйл. Би бол өөрийгөө аялалд хэдийнээ автсан хүн гэж хэлнэ. (Тэмдэглэл нийтлэгдэх энэ үед ч тэр Вьетнам улсаар аялж яваа. Сурв) 

 Миний ирээдүйд хамгийн их очихыг хүсдэг газар бол Номхон далайн өмнөд хэсэгт орших Самоа улс. Энэ газар 3000 жилийн өмнөөс хамгийн анх хүн очиж амьдарсан, Англи, АНУ, Герман гээд олон их гүрний колони байсан ч  өөрсдийн соёлоо алдаагүй нь гайхалтай. 200 мянган хүн амынх нь нэг Самао оюутантай нэг жил Оюутны Холбоонд ажилласан маань  надад энэ арал улс руу заавал очиж үзэх мөрөөдлийг бий болгосон юм.

Н.Батчимэг 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100