CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Мөгаокү агуйт сүм

10-10-2017 10:12

Элсэн говийн Дүньхуан хотод байх Мөгаокү бол дэлхийн хамгийн том, хамгийн бүрэн бүтэн хадгалагдсан буддын агуйт сүм юм. Дэлхий буддын шашин соёл, шашны урлагийн эрдэнэсийн санг чухам юуны учраас баруун хойд нутгийн тачир ургамалтай элсэн говийн цавчим хадан дээр байгуулсан бэ гэдэг тун сонирхолтой. 

 Дүньхуаны Мөгао агуйн чуулбарыг байгуулсан газрыг Лэзүнь хэмээх лам сонгосон гэсэн домог яриа ардын дунд түгээмэл дэлгэрсэн байдэг. НТ 366 онд Лэзүнь баруун тийш аялж явсаар Дүньхуаны Саньвэй уулын хормойд очиход нэгэнт орой болсон тул хоноглох газаргүй бодлогошрон байхдаа тэргүүн өргөн хартал эсрэг талын Минша уулнаас алтан гэрэл цацарч, түүний дунд түмэн бурхан илрэх мэт гайхалтай үзэгдэл тодорчээ. Лэзүнь тэр гайхамшгийг хараад, “ёстой л ариун дагшин орон байна!” хэмээн шагшин гайхсан аж. Тэгээд тэнд олон хүн цуглуулж агуй малтуулсан бөгөөд улмаар тэлж өргөжсөөр Тан улсын үе гэхэд хэдэн зуун агуйтай болсон гэлцдэг.

 4.5 га талбайг эзлэн орших Мөгаокү агуйт сүмд умард Вэй, умард Жөү, Сүй, Таван төр, Тан, Сүн, Тангуд, Юань улс зэрэг Хятадын 10 төрийн үед нүхэлж урласан 492 агуй байдаг. Эдгээрээс хамгийн том нь 268 ам дөрвөлжин метр талбайтай, хамгийн өндөр нь 40 м, хамгийн жижиг нь нэг метр ч хүрэхгүй өндөр юм. Зөгийн үүр мэт байрласан олон агуйд нийт 2415 ханын зураг, бурхдын сийлбэр хөрөг бий.

Зөвхөн ханын зургийн уртын хэмжээг нийлүүлж тооцоход 25 километр болно. Гайхамшигт урлагийн бүтээл болсон эдгээр ханын зурагт бурхдын хөрөг, буддын шашны зан үйлийг голдуу тусгасан байх боловч газар хагалж буй тариачид, тайгын нохой дагуулан нум сум агссан гөрөөчид, хонь ямаа хотлуулж буй малчид, шаазан сав урлаж буй барималчид зэрэг жирийн хүмүүсийн өдөр тутмын ахуй амьдрал, ажил хөдөлмөрийг ч янз бүрээр уран дүрсэлсэн байдаг. Мөн дайн байлдаан, хурим найр, оршуулгын зан үйлийг тусгасан зураг ч олон бий.  

 Ханын зургаас эртний төрт улсуудын үе дэх орд харш, асар тагт, хот суурин, сүм хийд, тахилын суварга, дэлгүүр хоршоо зэрэг барилга байгууламжийн загвар хийц, засал чимэглэлийг нарийн тодорхой дүрсэлсэн байдаг тул Хятадын “архитектур”-ын түүхэн хөгжлийн нэвтэрхий толь болдог юм.

Д.Гүнтөмөр

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
860010-1116160100