CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Таван зуун жилийн настай Юнлэгийн хүрэл хонх

09-21-2017 14:27

 Хятадын нийслэл Бээжин хотын Дажүн хийдэд 46.5 тонн жинтэй, 6.75 метр өндөр, 3.3 метр диаметр бүхий аварга том хүрэл хонх байдаг бөгөөд Мин улсын Юнлэ хааны үед бүтээгдсэн тул Юнлэгийн хонх гэж нэрлэх болсон юм. Газарт суваг гарган, ваар шавраар өнгөлөх аргаар цутгаж бүтээсэн энэ хонх 500 гаруй жилийн түүхтэй. Түүнийг цутгах үед хэдэн арван зууханд зэрэг гал түлж, хайлуулсан гуулиа вааран сувгаар дамжуулан хэв рүү урсгаж нэг дор урлагийн өндөр төвшинд хийж бүтээсэн байдаг. Юнлэгийн хонхыг цутгасны дараа, ийш тийш олон дахин шилжүүлж тавьсаар, Чин улсын Тэнгэр тэтгэгч хааны үед Жюешэн хийдэд аваачиж суурилуулсан юм. Жюешэн хийдийг хожим Юнлэгийн том хүрэл хонхны нэрээр Дажүн буюу Их хонхот хийд хэмээн нэрлэжээ. Түүнийг 1751 онд тэнд тавьснаас хойш дахиж хөдөлгөөгүй юм.

 Юнлэгийн хонх уянга яруу дуутай. Судлаачдын хийсэн туршилтаас үзвэл, түүний дууны чичирхийллийн давтамж хөгжмийн давтамжтай төстэй, дэлдэх үед хүнгэнэн дуугарч, дуу нь өндөр нам, айзам цохилготой яруу сайхан сонсогддог байна. Түүний дуу 45 километрийн алсад дуулддаг бөгөөд дууны төгсгөл 2 минутаас дээш үргэлжилж, маш гайхамшигтай яруу дуу гаргадаг ажээ. Жил бүрийн цагаан сарын үеэр Юнлэгийн хонхыг дэлддэг уламжлалтай. Хонхыг 500 гаруй жил дэлдсэн боловч одоо хэрнээ бүрэн бүтэн хэвээр байна.

 Хятадын шинжлэх ухаан техникийн судалгааны ажилтнууд Юнлэгийн хонхны хайлшийн бүтцийг судалсны үр дүнд түүнд гууль, цагаан тугалга, хар тугалга, төмөр, магнигаас гадна алт, мөнгө их хэмжээгээр агуулагдаж байгааг илрүүлсэн байна. Түүнд 18.6 кг алт, 58 кг мөнгө агуулагдаж байгаа юм. Гуулийг алттай холивол зэврэхээс сэргийлдэг ба мөнгө өндөр илчинд хайлсан хайлшийг урсамтгай болгодог учраас Юнлэгийн хонх 500 гаруй жил бүрэн бүтэн хэвээр хадгалагдаж, дуу нь хүнгэнэн цуурайтсан яруу сонсголонтой болсныг цутгамал судлалын мэргэжилтнүүд нотолсон юм. Гадаадын нэгэн цутгамлын мэргэжилтэн, “Юнлэгийн хонхыг амжилттай цутгасан явдал бол дэлхийн цутгамлын түүхэн дэх гайхамшигт явдал юм. Түүнийг шинжлэх ухаан хөгжсөн өнөөгийн нөхцөлд ч цутгахад маш бэрх” гэжээ.

/Д.Гүнтөмөр/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100