CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хонконг

09-18-2017 15:25

 Хонконг бол БНХАУ-ын засаг захиргааны онцгой хоёр бүсийн нэг юм. Хятадын өмнөд хэсэгт орших бөгөөд хойд талаараа Гуандүн мужтай, зүүн, баруун, өмнө талаараа Өмнөд Хятадын тэнгистэй зах нийлнэ. Хонконгийг “Ган” гэж хураангуйлан нэрлэдэг. Харьяандаа Хонконг арал, Жюлун, Шиньже олтригийн арлуудыг багтаах бөгөөд нийт 1104 ам дөрвөлжин км газар нутагтай. Гадаргын усны хэмжээ 50 ам дөрвөлжин км буюу нийт газар нутгийн 4.58 хувийг эзэлнэ.

2013 оны бүртгэлээр Хонконг 7.2 сая хүн амтай байжээ. Нэг ам дөрвөлжин км газарт 6480 хүн амьдардаг бөгөөд дэлхийн хүн ам хамгийн шигүү суудаг нутгийн нэг. Хонконгийн хүн амын 98 хувь нь хятад үндэстэн бөгөөд Хятадын Гуандүн нутгийн иргэд хамгийн олон байдаг. Түүнээс гадна Англи, Америк, Канад, Япон зэрэг олон орны иргэд Хонконгод амьдарч байна. Хонконгийн албан ёсны хэл бол хятад, англи хэл юм. Хятад хэлний гуандүн аялгуугаар ярьж, эртний ханз үсэг хэрэглэдэг.

Хонконгийн газар нутаг бага, хүн ам шигүү суурьшсан, байгалийн баялаг багатай, шатахуун, аж үйлдвэрийн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний ихэнхийг импортоор оруулдаг. Оршин суугчдын ундны усыг ч эх газраас хангана. Хонконг дэлхийн эдийн засагт чухал байр суурьтай. Худалдаа, банк санхүү, аялал жуучлал, боловсруулах аж үйлдвэрийг гол болгоно. Хонконг дэлхийн банк санхүүгийн төв, чөлөөт худалдааны боомт юм. Хятадын эх газрын экспорт импортын барааны дийлэнх нь Хонконгоор дамжин гарч байна.

Анх худалдааны боомтын зориулалтаар байгуулагдсан Хонконг XX зууны сүүлчээр санхүүгийн томоохон төв болжээ. Хүн амын дийлэнх нь хятад гаралтай боловч бусад үндэстний иргэд нийгмийн жижиг боловч чухал хэсгийг бүрдүүлдэг. Хонконгод барууны соёл урлаг их нөлөө үзүүлсэн бөгөөд энэ нь хоолны соёл, кино, хөгжмийн урлагт тод харагдана. 

 Хонконг эрт цагаас Хятадын нутаг бөгөөд Өмнөд Хятадын тэнгисийн зам харилцаа, далайн хамгаалалтын чухал цэг байсан юм. XIX зууны 40-өөд онд Английн засгийн газар Чин улсын төр ялзран доройтсоныг ашиглан Хонконгийг гурван шат дараатай булаан эзэлсэн юм. Эхлээд 1842 онд Чин улсыг шахаж байгаад "Наньжиний гэрээ" байгуулж, Хонконг арлыг хэсэглэн эзэлсэн байна. Дараа нь "Бээжингийн гэрээ" гэгчийг байгуулж, Жилун хойгийн өмнөд хэсгийг таслан авчээ. Эцэст нь 1898 онд дэлхийн хүчирхэг гүрнүүд Хятадыг таслан хувааж байсныг далимдуулан Шиньжэ-г түрээслэн авсан юм. Хонконгийг Английн засгийн газар булаан авсан явдал, Хятадад хүчээр тулган хүлээлгэсэн тэгш бус гэрээнүүдийг Хятадын засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй юм.

  

Хонконг 1842-1997 онд Британийн Нэгдсэн Вант Улсын захиргаанд байжээ. 1982 онд Английн ерөнхий сайд Хятадад айлчлахад Хятадын удирдагчид бүрэн эрхээ буцаан авч, хөгжил цэцэглэлтийг нь хэвээр хадгалах үндсэн чиг шугам дэвшүүлж Хонконгийг буцааж авахаар шийдвэрлэв. Түүнээс хойш Хятад, Англи хоёр орны засгийн газар 22 шатны хэлэлцээ хийж олон гэрээнд гарын үсэг зурсан байна. 1997 оны 7-р сарын 1-нд тэр үеийн Хятадын засгийн газрын тэргүүн асан Дэн Сяопиний дэвшүүлсэн "нэг улс хоёр систем"-ийн үзэл баримтлалын дагуу Хонконгод бүрэн эрхээ сэргээн хэрэгжүүлж Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийг байгуулжээ.

 "Нэг улс хоёр систем"-ийн бодлогоор Хонконгийн нийгмийн байгуулал, эдийн засгийн тогтолцоо, иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөөгүй, хууль дүрэм нь ч үндсэндээ хэвээр байна. Хятад-Британийн хамтарсан тунхаг, Хонконгийн Үндсэн хуулинд зааснаар Хонконгийг Хятад шилжүүлснээс тавин жилийн дараа буюу наад зах нь 2047 он хүртэл Хонконг Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой.

"Нэг улс, хоёр систем" бодлогын дагуу, Хятадын Засгийн газар Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцах бөгөөд Хонконг өөрийн бие даасан хуулийн тогтолцоо, цагдаа, мөнгөн тэмдэгт, гаалийн бодлого, цагаачлалын бодлоготой, олон улсын байгууллага, арга хэмжээ зэрэгт төлөөлөгчдөө илгээх зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэнэ.

/Д.Гүнтөмөр/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100