CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

“Дорнын сувд”-ыг зорьсон дурсамжит аялал

09-12-2017 16:21

Зуны зугаатай өдрүүд нэг л мэдэхэд улиран одож намар цаг хэдийнээ босго даван мэндчилж байна. Одоо хичээл сургуульдаа шамдаж, ажил амьдралаа гялалзуулах цаг. Гэхдээ эхлээд зуны аялалынхаа сонин сайхнаас та бүхэнтэйгээ хуваалцъя. 

Ойрхон, очиход харьцангуй амархан байхад л хойшлуулаад байсан газар бол ОХУ-ын Буриад (БНБурУ) байлаа. Зорьсон газар бол мэдээж Улаан-Үүд-Итгэлт хамба-Байгаль нуур.  
Маш олон групп аялалын багцууд байсан ч аяллын хамтрагч үеэлтэйгээ ярилцаад өөрсдөө явчихаар шийдлээ.  Ингээд орой нь орон нутгийн галт тэргэнд суугаад үүрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод очив. Буунгуут л зогсоол дээр Улаан-Үүд орох автобуснууд байж байдаг юм байна. Хиагт-Алтанбулагийн хилээр гарах хүртэл хэдэн цаг болж, шөнөжингөө орсон бороо зогсох шинжгүй зүсэрсээр даарч жихүүцэж байсан ч шинэ газар үзэх хүсэл, аяллын үеийн сэтгэл догдлол энүүхэн төдийг анзаарна гэж үү.  Замд хаа нэг  дүнзэн байшин, жимсний модтой буриад тосгонууд таарсан нь нэг л эл хуль. Тосгон руу орсон зам өвс, ногоо ургаж баларсан байх нь хэдэн жил хүн очоогүйг илтгэнэ.  Хаа газрын хүмүүс амьдрал, аз жаргал хайн хот орон барааддаг жишгээр хөгшид хөвөөдөөс өөр тосгонд үлдэх хүнгүй болжээ.
Нойрон дундаа хааяахан цонхоор харахад эгээ л Монголын хөдөө нутагт яваа мэт санагдах замаар явсаар Иволгин дацан буюу алдарт Итгэлт хамбын дацан дээр ирлээ. Урд суудалд сууж явсан өвгөн, хөгшин хоёр чухам энэ Итгэлт хамбын ариун лагшинг биеэр харж, үр хүүхэд, нутаг орныхоо хувь заяаг даатган мөргөхөөр зорьж яваа хоёр.  Хэдий нас дээр гарсан ч насаараа Буддын шашин шүтсэн хоёр хөгшний хувьд “амьд бурхан” хэмээн шүтэгдсэн энэ шүтээнд мөргөх нь маш их утга учиртай зүйл юм.
Буриадын 12-р Их хамба лам Дашдорж Итгилов 1927 онд жанч халахын өмнө шавь нартаа захиснаар түүнийг очир завилуулж, хуш модоор хийсэн хайрцагт хийж оршуулжээ. 75 жилийн дараа 2002 онд түүний гэрээслэлийн дагуу анагаахын шинжээчид, эрдэмтдийг байлцуулан 1,5 км гүн дахь хайрцагийг нээтэл хамбын бие яг амьд хүнийх шиг, завилж суусан хэвээр байсан гэдэг. Шинжээч, эрдэмтэд 3 хоногийн дараа үгүй болно гэж ам уралдан баталж байсан ч үгүй болоогүйгээр барахгүй одоог хүртэл Ивогины дацанд шүтээн болон суусаар байна. Амьд хүний биеийн дулаан 37 хэм байдаг бол Итгэлт хамбын бие 32 хэм, биеийн жин нь 46 кг ажээ. Үүнийг шинжлэх ухаан одоо хүртэл тайлбарлаж чадаагүй. Хамбын биеийн байдал яг л хоёр өдрийн өмнө нас барсан юм шиг байдаг, гэтэл занданшуулах гэх мэт арга хэрэглээгүй, яг л амьд хүн шиг хөлөрдөг, биеийн дулаан нь хэлбэлздэг, бүр эсүүд нь хүртэл хуваагдаж байдгийг тогтоож. Ингээд жилийн дөрвөн улиралд сүсэгтэн олон зорьж ирсээр, гуйж мөргөсөн хүсэл нь сэтгэлчлэн бүтдэг гэж хүртэл баталцгаана.

Хүн төрөлхтөнийг “бие баралт”-аараа гайхашруулсан энэ эгэлгүй шүтээнд “бараалхаж”, зарим нь хүслээ шивнэж, дацангийн ламаас хадаг гардсанаар бидний мөргөл өндөрлөлөө. Дотор нь зураг авахыг зөвшөөрдөггүй, үгээр дүрслэн хэлье гэхээр жижигхэн биетэй завилсан лам байсан гэхээс өөрөөр хэлэх зүйлгүй, үнэндээ энэ бүх гайхамшгийг нь шилэн хоргоны цаанаас ажиж, анзаарч чадаагүйгээ хүлээе.
Улан-Удэ хотод ирэхэд хамт явж байсан өвөө цэргийн гудамжинд бууж, автобусанд сууж харина гэж гайхашрал төрүүлэв. Монголчууд энд ингэж суурьшиж, амьдардаг тухай төсөөлөлгүй байсан л даа. Их таруу байрлалтай, Улаанбаатар шиг социализмын үеийн барилга, хот төлөвлөлт дээр орчин үеийн барууны хэв маяг сүндэрлэж байгаа тийм л хот байв. Бид төв талбай дээр нь бууж Лениний хөшөө, хөгжмийн аяар оргилдог усан оргилуур, Оростоо их алдартай гэгддэг театрыг нь үзлээ.

Ингэсгээд л Улаан-Үүд хотод үзэх юм дуусаж байгаа учраас машин хөлслөөд Байгаль нуур тийш яаравчлав. Дэлхийн гадаргын цэнгэг усны нөөцийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг, ЮНЕСКО-гийн дэлхийн өв, Г.Аюурзанын “Бөөгийн домог” зохиол дээрхи гайхамшигт Ольхон арал гээд л… хүлээж тэсэхгүй л байлаа. Бага байхдаа байн байн эргүүлж, зургийг нь шимтдэг байсан орос номон дээрхитэй ижил өндөр өндөр, шулуухан хусан ой дундуур явсаар Байгаль нууран дээр ирлээ. 

 Улан-Удээсээ шугамын автобус явдаг, халуун рашаантай гэдгээрээ онцлог Горняченск эрэг дээрхи  далайн эргийн амралтын газарт жижигхэн зуслангийн байшин хөлслөв.
Байгаль нуур яг л далай шиг зах хязгаар нь үл харагдах их ус, ялгаа нь цэв цэнхэр, тув тунгалаг. Ус нь хүйтэн учраас ороход тохиромжгүй гэж сонссон ч надад бол даараад байх юмгүй, яг л сайхан санагдсан.

 Завиар зугаалах, усан доорхи шумбалт хийх, завин дээрээс шүхрээр хөөрөх гээд далай дээр хийж болох бүхэн маш боломжийн үнэтэй. Хоёр өдөр далайн эрэг дээр жаргаад буцах замдаа яст мэлхий хэлбэртэй өвөрмөц хадыг үзэж, далай руу түрж орсон хадан цохион дээрээс алсыг харсан.
Ингээд Буддын шашны “Амьд бурхан”-д мөргөж, “Дорнын сувд”-ны гайхамшгийг нүдээр үзсэн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөсөн. Аяллын турш “Бөөгийн домог”-ын Ольхон арлаа ярьж, сураглаж явсан ч хөлөг онгоцоор чамгүй хол явдаг, бас энэ удаад төлөвлөсөн төсвөөс минь харьцангуй үнэтэйг олж мэдсэнээр арга буюу хойшлуулсан. Дараа заавал явна аа.


Н.Батчимэг

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100