CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Лхаст тарагны баяр болов

08-23-2017 17:09

Саяхан Түвдийн Лхас хотноо шотон буюу тарагны баяр болсон юм. Шотон гэдэг түвд хэлээр таргаар зочлон дайлах гэсэн утгатай юм байна. Тус баярын эхний өдөр том бурхны дүр бүхий танка хөргийг Түвдийн Лхас хотын Дрэпунг, Сэра хийдэд тус тус дэлгэжээ. Тэдгээрийн дотор Түвдийн буддын шашны Жамба бурхны хөргийг Тарагны баяраар анх удаа дэлгэн үзүүлсэн байна. Энэ тухай ХОУР-гоос Түвдэд суугаа сэтгүүлч Пүрэвцэрэн, У Жэхуа нарын ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Лхасын шотон буюу тарагны баяр наадмыг анх XI зууны дунд үеэс тэмдэглэж эхэлсэн гэж үздэг. Түвдийн тооллоор энэ баяр жил бүрийн 6-р сарын 30-нд эхэлж, 7 хоног үргэлжилдэг байна. Лхасын тарагны баярын арга хэмжээ Хятад улсын засгийн газраас эхний удаад нийтэлсэн биет бус соёлын өвийг хамгаалах нэрсийн жагсаалтад орсон юм.

Түвдийн буддын шашны Гэлүгба буюу Шар малгайтны урсгалын хамгийн чухал сүм болох Лхас хотын баруун захын Дрепунг хийдэд жилд нэг удаа “бурхны хөрөг дэлгэх” ёслолыг хийснээр тарагны баяр наадам албан ёсоор эхэлдэг. Энэ оны 8-р сарын 21-ний өглөө Дрэпунг хийдэд хүнгэнэсэн сүрлэг бүрээн дуу цуурайтаж, Түвдийн буддын шашны гурван их бурхны нэг Жамба бурхны дүгртэй танкаг Тарагны баяр наадмаар анх удаа дэлгэн харууллаа. Тус хийдийн удирдах зөвлөлийн дэд дарга Лувсан: “Хойшид манай хийд хоёр том бурхны хөргийг ээлжлэн үзүүлнэ” гэжээ.

“Ингэх нь хуучны танкаг хамгаалахын төлөө юм. Урьд өмнө дэлгэж байсан хуучин хөрөг соёлын өвийг хамгаалахад хэрэгтэй. Энэ онд Жамба бурхны хөрөг бүхий танкаг дэлгэлээ. Ирэх жилийн тарагны баяраар Шагжамуни бурхны дүртэй хуучин танкаг дахин дэлгэж үзүүлнэ.”

Жамба бурхны дүрт танкаг 2016 онд Дрэпунг хийд байгуулсагдсаны 600 жилийн ойг тэмдэглэх үеэр тус хийдийн лам нар жил гаруйн хугацаа зарцуулж гараар хатгамал хийж, урлан бүтээжээ. Тэрхүү танканы хэмжээ 60 метр орчим урт, 40 метр орчим өргөн болсон юм.

Тарагны баяр эхлэх өглөө хэдэн арван мянган хүн уулын хормой бэл дэх бурхны хөрөг бүхий танкаг дэлгэх газар очиж, бурхны хөрөгт хадаг, маанийн чулуу өргөн, залбиран даатгаж байлаа.

Тарагны баяр наадам гэсэн утгатай Шотонгийн баяр нь анхандаа Түвдийн уламжлалт Буддын шашны зан үйлийн баяр ёслол байсан гэдэг. Харин орчин үед өөрчлөгдөөд Лхас хотын хамгийн чухал зан заншил, соёлын үйл ажиллагаа болжээ. Түвд үндэстний морь унах ур чадварын үзүүлбэр үзүүлдэг уламжлал өмнөх хэдэн жилийн наадамд тасалдсаныг энэ жилийн Шотонгийн баяраар дахин сэргээсэн юм. Лхас хотод баярын нээлтийн арга хэмжээ болсон ба цам харайх, Намцо нуурыг тойрон явган аялал хийх зэрэг 10 төрлийн хөтөлбөр оруулжээ. Лхас хотын иргэн Юйши гэр бүлийнхэнтэйгээ бурхны хөрөг дэлгэж үзүүлэх ёслолд оролцсоныхоо дараа Норовлинкад ирж амрангаа цам үзэж байлаа.

“Өнөөдөр Шотонгийн баяр болж байна. Гэр бүлийнхнийгээ дагуулан энд ирж цам үзэж, тараг амсаж явна. Энэ жил өлзийтэй сайхан жил болоосой гэж хүсэж байна.”

Тарагны баяр наадмыг зохион байгуулах арга хэлбэрийн хувьд, энэ онд хотын захиргаанаас голлон, хувийн компаниуд зохион байгуулах үйл ажиллагаанд оролцжээ. Баяр наадмыг зах зээлийн эргэлтэнд оруулсан хэмжээ урьд жилүүдээс илүү өргөжсөн байна. Лхас хотын дэд дарга Жу Жяньхун энэ тухай танилцуулсан юм.

“Лхас хотын захиргаа голлон зохион байгуулж, Өөртөө засах орны болон хотын зарим албан байгууллага, Лхас хотын соёл, хэвлэл мэдээллийн “Ариун Хөрс” компани гүйцэтгэгчээр оролцлоо. Үндэстний уламжлалт соёлоо харуулах, аялал жуулчлалыг сурталчлах, худалдаа, эдийн засгийг нэмэгдүүлэх энэ арга хэмжээнд олон нийт идэвхтэй оролцсон сайхан баяр наадам болж байна.”

Энэ оны Лхасын тарагны баяр 8-р сарын 21-27 хүртэл үргэлжиллээ. Баярын хөтөлбөрт тараг, шар айраг уух уралдаан, сонин содон хоол зууш хийх авьяасаа үзүүлэх шоу, Түвд дээл хувцасны загварын шоу зэрэг олон сайхан онцлог арга хэмжээ багтжээ.

Энэ оны эхний хагас жилд Лхас хот давхардсан тоогоор гадаад дотоодын 3.8 сая гаруй жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 18.21 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалын нийт орлого 5 тэрбум юаньд хүрснийг статистик бүртгэлд тэмдэглэжээ.

 

  

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100