CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Нууц товчоо судлаачид цөөрсөөр байна

08-09-2017 15:17

 Дэлхийн 32 улсын 29 хэл дээр бичсэн 2000 гаруй “Монголын нууц товчоо” их хөлгөн судрын цуглуулгатай, “Чонос' өв соёлын сангийн захирал Х.Цогтнаранг Монголд ирээд байх үеэр нь ярилцлаа. Тэрбээр “Энэ хобби маань нэг төрлийн “өвчин” юм даа. Цуглуулагч хүн цуглуулгаа хэрхэн баяжуулах вэ гэж санаа зовж, мөнгө төгрөгөө зарцуулна. Гэхдээ тэр бүхний хариуд оюуны маш сайхан энергийг өгч байдаг юм. Тиймээс би цаашдаа ч цуглуулгаа баяжуулсаар байх болно” хэмээн ярилцлагадаа өгүүлсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Сайн байна уу? Та Монголд хэзээ ирэв. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Х.Цогтнаран гэдэг. Одоо 33 настай. Өвөрмонголоос Монголд ирээд долоо хонож байна. Би Өвөрмонголд анх 2006 онд 'Монголын нууц товчоо'-ны цуглуулгаа хүмүүст ашиглуулах зорилгоор 'Чонос' өв соёлын сангаа байгуулсан юм. Үүнээс хойш 2013 онд “Монголын нууц товчооны сурвалж бичгийн хүрээлэн” болон Хүүхдийн номын санг байгуулсан. Одоо ном цуглуулагч, сангийнхаа захирлаар ажиллаж байна.

-Багын ном унших дуртай хүүхэд байв уу. “Монголын нууц товчоо”-ны баялаг цуглуулгаа хэзээнээс эхлэн цуглуулсан бэ?

-Би 17 настайгаасаа ном их уншдаг болсон. Тэгээд л уншсан номоо цуглуулах хоббитой болсон доо. Манай эцэг, эх малчин. Аав маань ном их уншина. Уншсан номыг нь ах, эгч маань уншина. Хамгийн сүүлд би тэр номнуудыг уншиж, надад цуглуулга болж ирдэг байлаа. Бүр цаашлаад бидний хаан судар болсон 'Монголын нууц товчоо'-гоо цуглуулж эхэлсэн. Өнөөгийн нийгэмд харилцаа сайхан хөгжсөн байна. Би дэлхийн олон орноор явж, тухайн орны соёлтой танилцаж, 'Монголын нууц товчоо'-г хэр судалж буйг сонирхдог. Цуглуулгын маань ихэнхийг энд тэнд амьдардаг найз нөхөд, багш, судлаачид маань олж өгч, бэлэглэдэг юм. Санд маань нийт 48 мянган хуучны ном, судар хадгалагдаж байгаа. Үүнээс миний цуглуулгад дэлхийн 32 улсын 29 хэл дээр бичсэн 2000 гаруй 'Монголын нууц товчоо' бий.

-Өвөрмонголын уран бичээч Цэцэнбилэг хамгийн урт “Монголын нууц товчоо”-г бичиж, 2013 онд Гиннесийн номонд бүртгүүлсэн гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байсан. Таны цуглуулгад Гиннесийн номонд бүртгэлтэй нууц товчоо бий болов уу?

-“Монголын нууц товчоо”-г хатгамалаар, сийлбэрээр, уран бичлэгээр бичиж, Өвөрмонголоос нэлээд хэдэн хүн Гиннесийн номонд оруулсан байдаг. Уран бичээч Цэцэнбилэгийн бичсэн хамгийн урт 'Монголын нууц товчоо' 500 гаруй метрийн урттай байсан. Миний цуглуулгад байдаг ганц, хоёр нууц товчоо бас Гиннесийн номонд тэмдэглэгдсэн байдаг юм. Сонирхуулбал хүний эрхий хурууны хумсын толион чинээ гурван см-ын урттай, худам Монгол бичгээр тэрлэсэн 'Монголын нууц товчоо'-ны бүрэн эх бий. Энэ номыг томруулдаг шилээр л харах боломжтой бөгөөд уг ном олон хүний анхаарлыг татаж байна. Хамгийн гол нь “Монголын нууц товчоо”-г хамгийн том, урт, жижиг хийхдээ бус ямар энэ агуу Монголын үндэсний өв соёлоо хүмүүст таниулж, түгээх нь чухал.

-Бидэнд өөрийн ховор, нандин цуглуулгынхаа заримаас нь танилцуулаач?

-Би өнгөрсөн жил “Монголын нууц товчооны цуглуулга, толилуулга” хэмээх номоо хэвлэн гаргасан. Уг номондоо олон жил хайж буй 'Монголын нууц товчоо'-г орос хэлнээ хамгийн анх 1941 онд орчуулсан С.А.Козины 'Монголын нууц товчоо'-г оруулж, чадаагүй байсан юм. Тэгсэн сарын дараа Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун ах тэр номыг хайж, олсон гэдгийг дуулгаж, авч ирж өгсөн юм. Энэ мэт ерөөсөө олдоггүй ном ч бий. Заримдаа олдохгүй байсан ном гэнэт нэг өдөр олдчих тохиолдол ч гардаг. Миний цуглуулгад 1700-гаад оны хуучны монгол бичгээр бичсэн номнууд бий. Ном бүр л надад үнэтэй, цуглуулгуудын маань нэг гэж боддог.

Одоо цуглуулга маань улам л баялаг болоод л байна даа. Энэ хобби маань “өвчин” юм даа. Цуглуулагч хүн цуглууллагаа хэрхэн баяжуулах вэ гэж санаа зовж, мөнгө төгрөгөө зарцуулна. Тэр бүхний хариуд оюуны маш сайхан энергийг өгч байдаг юм. Тиймээс би цаашдаа ч цуглуулгаа цуглуулсаар л байх болно. Мөн номын цуглуулгаа өөртөө л байлгаад байх бус олон хүмүүст түгээхийг зорьж байна. Номын сангийн маань ном судруудыг гадаадын эрдэмтэд ч үнэ төлбөргүй ашигладаг.

-“Монголын нууц товчоо”-г гадаад, дотоодын олон эрдэмтэд тал бүрээс нь судалсаар ирсэн. Одоо ч судалж байна. Харин монголчуудын хувьд хэдий үеэс судалж эхэлсэн юм бэ?

-“Монголын нууц товчоо”-г монголчууд өөрсдөө их хожуу судалсан байдаг. Бараг XX зууны эхэн үеэс л судалж, эхэлсэн. Гэтэл Мин, Чин улсын үеэс Хятадын эрдэмтэд, сүүл рүүгээ барууны эрдэмтэд судалж, маш сонирхолтой бүтээлүүдийг гаргасан байдаг. Тэдний уйгагүй судалгааны бүтээлүүд өнөөдөр бидний гар дээр ирж байна. Тиймээс бид 'Монголын нууц товчоо'-гоо нандигнаж, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. 'Монголын нууц товчоо'-ны үүслийг бар дэвтрээс нь эхлэн ярих ёстой юм. Яг анх бичигдэж байсан анхны бар дэвтэр нь одоог хүртэл хадгалагдаж байдаг. Уг бар дэвтэр нь 1282-1289 оныг хүртэл барлагдсан бөгөөд дэлхий дээрх хамгийн анхны 'Монголын нууц товчоо' гэж үнэлэгддэг. Энэхүү анхны 'Монголын нууц товчоо'-г Өвөрмонгол, Хятад эрдэмтэн хятад үсгээр найруулж, нууц товчоог хийж байсан. Үүнээс хойш маш олон эрдэмтэн бар хувилбараар нь барласан. Дэлхий дээр 'Монголын нууц товчоо'-ны зөвхөн бар хувилбар гэхэд 30 орчим төрөл бий. Бид үүнийг л сайн судлах хэрэгтэй. Тухайн үед 'Монголын нууц товчоо'-ноо юу гэж өгүүлж байсан нь маш чухал. Дэлхийн олон улсын хэл дамжин, хэвлэгдэх тусам түүхийн олон эх сурвалж гээгдэж, орхигдох тал бий. Миний цуглуулгад гурван төрлийн бар дэвтэр байгаа. Хятадын улсын номын санд зургаа, Орост нэг, Японд гурав байдаг юм.

-Дэлхий дээр 'Монголын нууц товчоо' цуглуулагчид хэр олон байдаг бол?

-Япон, Хятад, Орост байгаа. Монголд Э.Пүрэвжав, Ш.Чадраабал тэргүүтэй цөөнгүй 'Монголын нууц товчоо' цуглуулагчид бий. Миний хувьд нууц товчоо цуглуулагч бүх хүмүүстэй л холбоотой байхыг хичээдэг. Өнгөрсөн жилээс эхлэн Шинжлэх ухааны академийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун 'Монголын нууц товчоо' цуглуулдаг болсон. Би С.Чулуун ахад Хятадад хэвлэгдсэн 'Монголын нууц товчоо'-ноос 100 гаруйг авч ирж өгсөн. Харин С.Чулуун захирал надад барууны орнуудад хэвлэгдсэн маш олон нууц товчоог бэлэглэсэн. Ингэж л нууц товчоо цуглуулагчид бие биетэйгээ холбоотой байж, цуглуулгаа баяжуулах нь сайхан санагддаг.

Би 2017 оноос эхлэн хөөцөлдсөөр байж 'Монголын нууц товчоо'-н 10 төрлийн бар дэвтрийг хувилах эрхийг худалдан авсан. Тэдгээрийг яг тухайн байдлаар нь хэвлэн, түгээх бодолтой байгаа. Ингэснээр бидний хойч үед үлдэх боломжтой болох юм. Энэ оны сүүлчээр 10 төрлийн бар дэвтрийг 42 боть ном болгон хэвлүүлнэ.

-Харин 'Монголын нууц товчоо'-г судалж буй судлаачид хэр олон байна вэ?

-Өвөрмонголд нэг хэсэг хүн бүр 'Монголын нууц товчоо'-г хуулдаг болсон. Яасан гэхээр тэдэнд мөнгө өгдөг гэнэ. Ингэхээрээ л утгаа алдчихна шүү дээ. Би цуглуулгаараа 2013 онд үзэсгэлэн гаргасны дараагаар 10 гаруй залуус 'Монголын нууц товчоо' цуглуулдаг болсон. Зарим нь цуглуулгаа яах гэж цуглуулж байгаагаа өөрөө ч мэдэхгүй цуглуулж л байдаг. Энэ бол буруу. 'Монголын нууц товчоо'-г уран бичлэгээр, хатгамлаар, цаасан дээр бичиж, урлаг талаас нь сонирхуулж байна. Харин сүүлийн жилүүдэд судалгааны эргэлтэд маш бага орж байна. Манай Өвөрмонголд гурав, хоёр үеэрээ 'Монголын нууц товчоо' судалж буй гэр бүл бий. Харин шинэ залуу үед нууц товчоог судалдаг судлаач бараг гараагүй. Одоо нууц товчоо судалдаг 1950, 1960 оны эрдэмтэд ч 10 хүрэхгүй үлдэж. Тэднээс хойш хэн үүнийг судлах вэ гэдэг асуудал гарч ирж байна.

-Орчин цагийн залуус ном унших нь багассан гэж шүүмжлэх нь бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Шүүмжилж буй хүмүүс өөрсдөө ном уншиж байна уу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас би шүүмжлэхийг хүсэхгүй байна. Номноос өнөөдөр мэдэхгүй байсан зүйлээ мэдэж, авч болно. Залуусыг өдөр тутам ном тэвэрч яваарай гэж хэлэхгүй. Харин өөрт хэрэгтэй мэдлэгийг л номноос ойлгож авч чадвал тэр бүхэн эрдэм мэдлэг.

Мэдээж “Монголын нууц товчоо”-ноос авах зүйл маш их байна. Залуус маань заавал судалгааны талаас нь судлахгүй ч Чингис хааны үед монголчуудын ахуй амьдрал ямар байсныг л ойлгоход болно. Мөн орчин цагт уран сайхны кино, ном, сонсдог номноос ч эх түүхээ мэдэж болно шүү дээ. Бид хойч үеэ шүүмжлэхээс илүү ёс заншлаа уламжлуулж, урамшуулах хэрэгтэй гэж боддог.

\Гэрэл зургийг Э.Энхбат\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
www.news.mn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100