CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Чин улсын түүхээс

08-04-2017 10:12

 Чин улс 1644-1911 оныг хүртэл оршин тогтножээ. Зүрчидийн Нурхач баатар өөрийгөө хаанд өргөмжилснөөс хойш сүүлчийн хаан Пү И хүртэл нийт арван хоёр хаан төр барьсан бөгөөд Хятадыг захирснаас эхлүүлэн бодвол арван хаан төр барьж, нийт хоёр зуун жаран найман жил оршин тогтносон байна. Чин улсын нутаг дэвсгэр хамгийн хүчирхэг үедээ 12 сая гаруй ам дөрвөлжин километрт хүрч байжээ. 1616 онд Нурхач Умард Алтан улсыг байгуулсан байна. 1636 онд улсынхаа нэрийг өөрчилж Чин улс хэмээн нэрийджээ. 1644 онд Ли Зычэнгийн удирдсан тариачны бослогын цэрэг Мин улсын ноёрхлыг түлхэн унагахад Мин улсын Чунжэнь хаан амиа хорлосон юм. Чин улсын цэрэг тэр завшааныг ашиглан цагаан хэрэмд орж, тариачны бослогыг дараад, нийслэлээ Бээжинд шилжүүлэв. Чин улсын засгийн газар олон газрын тариачны бослого, Чин улсын эсрэг Мин улсын үлдэгдэл хүчийг нухчин дарж улмаар бүх Хятадыг нэгтгэсэн билээ.

Чин улсын эхэн үед ангийн зөрчил тэмцэл намжиж, газар тариалангийн ажлыг хөхиүлэн дэмжиж, татвар түрээсийг хөнгөлөх буюу түүнээс чөлөөлөх бодлого явуулснаар дотор газар болон хязгаар нутгийн нийгэм, эдийн засаг зохих хэмжээгээр хөгжсөн юм. XVIII зууны дунд үеэр феодалын эдийн засаг хөгжлийн шинэ оргилдоо хүрсэн ба түүнийг түүхэнд “Кан Юн Чяний мандлын үе” хэмээн нэрийддэг. Төв засгийн газрын монополь засаглалын тогтолцоо эрчимжиж, төр гүрэн хүчирхэгжин, нийгэмд дэг журам тогтсоноор, Чин улсын хүн ам XVIII зууны сүүлчээр 300 саяд хүрчээ. 1661 онд Жэн Чэнгүн байлдааны усан онгоц дайчлан Тайваний хоолойгоор өнгөрч, Тайваньд 38 жил суусан Голландын колоничлогчдыг цохиж ялалт байгуулав. Дараа жил нь Голландын колоничлогчид бууж өгснөөр Тайвань эх орныхоо мэдэлд шилжсэн билээ.
 
XVI зууны сүүлчээр Хаант Орос зүүн тийш нутаг орноо өргөтгөн тэлэв. Чин улсын цэрэг Бээжинд орох үед Хаант Орос улс завшааныг ашиглан, Албазино болон Нерчинск зэрэг газар нутгийг хүчээр эзэлсэн байв. Чин улсын засгийн газар Хаант Оросын түрэмгийлэгчдийг Хятадын нутаг дэвсгэрээс гарахыг олон удаа шаардсан юм. 1685, 1686 онд Энх-Амгалан хаан зарлиг буулгаж, Албазино дахь Хаант Оросын цэргийг хоёр удаа довтолсонд, Хятад Оросын зүүн хэсгийн хилийн заагийн асуудлыг хэлэлцээгээр зохицуулахыг Оросын тал зөвшөөрчээ. 1689 онд Хятад Орос хоёр талын төлөөлөгч Нерчүд хэлэлцээр хийж, хилийн анхны гэрээ болох “Нерчүгийн гэрээ”-нд гарын үсэг зурав. Тэнгэртэтгэгч хааны ноёрхлын дунд үеэр Зүүн гарын хаант улсыг байлдан дагуулж, их бага хоёр Хожагийн бослогыг дараад, Шинжаан нутгийг нэгтгэв. Цуврал бодлого явуулж, хилийн бүсийн эдийн засаг, соёл, зам харилцааг хөгжүүлэв.

Чин улсын Төргэрэлт хаанаас өмнө, соёлын ололт амжилт асар их гарчээ. Ван Фужи, Хуан Зүнши, Гү Янь-Ү, Дайжэнь нарын гарамгай сэтгэгч, Цао Шюечинь, Ү Жиншинь, Күн Шанрэнь, Шитао нарын нэрт зохиолч, уран бүтээлчид төрж гарав. Түүх туурвилын талаар ч амжилтанд хүрч, эрдэм ухааны тусгай урсгал бүлэг буй болон бүрэлдэж нэрт эрдэмтэд тодорч, “Дөрвөн сангийн бүрэн ном”, “Эрт эдүгээгийн ном бичгийн эмхтгэл” зэрэг их хэмжээний цуврал бичиг зохиогдов. Шинжлэх ухаан технологийн талаар ч тоо тоомшгүй ололт амжилт гарсны дотроос уран барилгын салбар онцгой хөгжсөн юм. Чин улсын үед эдийн засгийн голлох хүч хөдөө аж ахуй байжээ. Гадаад бодлогын талаар урт удаан хугацааны турш хаалттай түгжигдмэл байдалд байв. Чин улсын дунд үеэс хойш, нийгмийн зөрчил тэмцэл хурцдаж, Чин улсыг эсэргүүцсэн тэмцэл тасралтгүй гарч байжээ. Түүний дотроос Цагаан Лянхуан шашны бослого Чин улсын бүх талаар цэцэглэн хөгжсөн цаг үеийг эцэс болгосон билээ.

1840 онд Хар тамхины дайн дэгдсэний дараа Хятад оронд барууны түрэмгийлэгчид цөмрөн орж ирэв. Чин улсын хаад ноёд барууны түрэмгийлэгчидтэй арга буюу эрх тэгш бус гэрээ хийхэд хүрч, газар нутгаа таслан өгч, төлбөр төлж, тэдэнтэй худалдаа наймаа хийж, гарц боомтоо нээлттэй болгосноор Хятад орон аажмаар хагас феодал, хагас колонийн нийгэмд шилжсэн юм. Чин улсын сүүл үеэр улс төр ялзран доройтож, үзэл сэтгэхүй нь хоцрогдож, үхээнц дорой байдалд орсноор засаг төр уруудан буурах тийшээ хандсан байлаа. Ард иргэд туйлын зовлон зүдгүүртэй байсан учраас Тайпиний хөдөлгөөн, Нянь цэргийн бослого ар араасаа гарч байв.

Хувь заяагаа аврахын төлөө, ноёлогч ангийн дотоодод “Баруунаас суралцах хөдөлгөөн”, “1898 оны шинэчлэлийн хөдөлгөөн” зэрэг нэрийн төдий шинэчлэл хийж, дээрээс доош шинэчлэл хийх замаар Хятад орныг мандуулж, тусгаар тогтнолын замд оруулахыг оролдсон боловч эцэстээ ялагдлаар төгссөн юм. Тоо томшгүй шударга журамтан үндэстнээ мөхлөөс аврахын төлөө халуун цусаа урсган амь биеэ зольсон билээ. Эх оронч үзэл сэтгэлгээ Хятадын нэн шинэ түүхэнд урьд өмнө байгаагүйгээр оргилон бадарсан юм. 1911 онд Цагаагчин гахай жилийн хувьсгал гарч, Чин улсын төр унаснаас хойш, Хятадын түүхэнд хоёр мянга гаруй жил үргэлжилсэн феодалын эзэнт төрийн тогтолцоо эцэслэж, Хятадын түүхэнд шинэ хуудас нээгдсэн юм.

\Гүнтөмөр\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100