CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Торгоны соёлыг өрнө дахинд уламжилсан нь

08-03-2017 17:42

 Ардын дунд дэлгэрсэн нэгэн домогт, 5000 гаруй жилийн тэртээ Хятадын хааны их хатан Лэйзү ард иргэдэд хүр хорхой тэжээх арга зааж өгчээ. Эртний Шан улсын үеийн яст мэлхийн хуяг дээр сийлсэн бичигт хүр, ялам, ширхэг, торго зэрэг үг байдаг аж. Хятадын хамгийн анхны яруу найргийн цоморлиг “Шүлэглэлт ном”-д ялман мод тарьж хүр хорхой тэжээсэн тухай “Бинь нутгийн салхи - долоодугаар сар” хэмээх шүлэг байдаг нь:
“Агаар тунгалаг хаврын өдөр,
Алтан гургалдай эгшиглэн дуулна
Зөрөг замаар охин явж,
Зөөлөн өнгөлөг ялам түүнэ” хэмээсэн байдаг. Энэ шүлэг Хятадад эрт дээр үеэс ялам тарьж хүр хорхой тэжээн, торго дурдан нэхэх технологийг эзэмшсэнийг харуулж байна.

Баруун Хань улсын үед Жанчянь өрнө зүгт аялснаас хойш, Хятадын торго Европт уламжлагдаж очжээ. Европчууд хөнгөн зөөлөн, гоё өнгөтэй торгыг, ховор нандин бүтээгдэхүүн хэмээн үзэж, ихэд сонирхон олноор худалдан авдаг байв. Ромын хаант улсын Цезарь хятад торгоор хийсэн цамц өмсөж жүжиг үзсэн нь театрыг доргиосон том үйл явдал болсон гэдэг. Колумб далайн аянд явж байхдаа далайчдадаа хандаж, хэн эх газрыг түрүүлж харна түүнийг торгон цамцаар шагнана гэж хэлсэн байдаг. Тэр үед торго шижир алт шиг үнэтэй байжээ. Тухайн үеийн Ромын хаант улс торго худалдан авахад их мөнгө зарцуулсны улмаас санхүүгийн алдагдалд орсон гэдэг. Тиймээс Ахмадын хороо, Хятадын торгон хувцас борлуулах, өмсөхийг хориглосон гэдэг. Гэвч Хятадын торгыг сонирхдог язгууртнууд түүнийг хатуу эсэргүүцсэний улмаас Ромын эзэнт улс аргагүйн эрхэнд хоригийг хүчингүй болгосон байна.

Анх европчууд хятадын торго хэмээх бүтээгдэхүүнийг хүр хорхой үржүүлж хийдгийг огт төсөөлөхгүй байв. Торгоны утсыг модноос гаргаж аваад, дараа нь усанд норгон тэгшилж хийдэг гэж боддог байжээ. Тэд торгыг хүр хорхой үржүүлж түүний шүлсээр нэхэж хийдгийг мэдсэнийхээ дараа, хичнээн ч хамаагүй хөрөнгө мөнгө зарж хүр хорхой үржүүлэх технологийг сурахаар шийдсэн юм. НТ VI зууны үед Ромын хаан Юстиниан Хятадад шашин дэлгэрүүлж байсан нэгэн хар ламтай уулзаж Хятадад очиж хүр хорхой тэжээх технологийг хулгайлж авчрах зарлиг буулгажээ. Тэр хар лам Хятадын Юньнаньд очиж, ялмын үрийг тарьснаар ялмын мод ургаж, хавар цагт хүр хорхойн өндгийг дулаан газарт нэг долоо хоног байлгавал хүр хорхой төрдөг бөгөөд жижиг хүрийг ялмын навчаар нямбай арчилж тэжээвэл торгон утас авч болохыг олж мэдсэн юм.

Тэр хар лам хүр хорхой тэжээх аргыг мэдэж, хүрийн өндөг, ялмын үр бага зэргийг аваад, шан хишиг хүртэхээр эх орондоо буцжээ. Гэвч лам хүрийн өндөг, ялмын үрийг хооронд нь хутгаж андуураад, хүрийн өндгийг газарт тарьж, ялмын үрийг өвөртөлсөн болохоор ямар ч үр дүн гарсангүй. Хожим Юстиниан цэцэн сэргэлэн хоёр ламыг шашин дэлгэрүүлэх нэрээр Хятад улсад дахин явуулж хүр хорхой тэжээх технологийг хулгайлуулжээ. Тэр хоёр хар лам хуучнаас сургамж авч, тарьж бойжуулах, хөврүүлэх аргыг сайн сурч, хүрийн өндөг, ялмын үрээ голдоо хөндий таяг дотроо хийгээд Ромд буцаж ирсэн байна. Хятадын хүр хорхой тэжээх технологи тэр үеэс эхлэн өрнөдөд уламжлагдан дэлгэрчээ.

Хятадын хүр хорхой тэжээх технологи өрнөдөд уламжлагдсан тухай бас нэг домог байдаг. Тан улсын үеийн Шюаньзан хувраг буюу Тансан ламын зохиосон “Их Тан улсын баруун хязгаарын тэмдэглэл” хэмээх номд энэ тухай гардаг юм. Баруун хязгаарын Кустана гэдэг жижиг улс хүр хорхой тэжээх технологи эзэмшихийг хүсч, тухайн үеийн Дорнодын улсад хандан хүсэлт тавьтал Дорнодын улс татгалзаж хилийн хяналтаа чангатган, хүр хорхойн өндөг, ялмын үрийг гадагш гаргахыг хатуу хоригложээ. Судлаачид Дорнодын улсыг Вэй улс байж болзошгүй хэмээн үздэг.

Тэр улсын ван татгалзсан хариу авсан тул, өөр арга бодож, найрсаг харилцаагаа эрчимжүүлэх нэрээр ургийн холбоо тогтоохыг Дорнодын улсаас хүсэхэд зөвшөөрсөн хариу иржээ. Бэр буулгахаасаа өмнө гүнжид элч илгээж, хүр хорхойн өндөг, ялмын үрийг авч ирэхийг сэм захисан байна. Гүнж вангийн хүсэлтийг зөвшөөрч Дорнодын улсаас мордохдоо хүр хорхойн өндөг, ялмын үрээ малгай дотроо нууж авч явжээ. Хилээр гарах үед хилийн байцаач түшмэл бүх хувцас хунар, ачаа хөсгийг шалгаж үзсэн боловч зөвхөн гүнжийн малгайг аймшиггүй шалгах зүрх хүрээгүй аж. Ингээд хүр хорхойн өндөг, ялмын үр Кустана улсад уламжлагдан очиж, тэндээс цааш европын орнуудад уламжлагдсан гэдэг.

Шюаньзаны энэхүү тэмдэглэл Английн археологич Аурель Стейний Шинжаан нутгаас илрүүлсэн эртний зургаар нотлогдсон юм. Тэр зургийн голд тэргүүндээ малгай өмсөж, зүүн баруун талд нь зарц охид дагалдсан гоё хувцастай язгууртан бүсгүйг зурсан бөгөөд түүний зүүн талд байгаа зарц охин баруун гарынхаа хуруугаар тэр язгууртан бүсгүйн малгайг заасан байдаг. Тэр язгууртан бүсгүй бол хүр хорхойн өндөг, ялмын үрийг Европын орнуудад уламжилсан Дорнодын улсын гүнж юм.

\Гүнтөмөр \

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
860010-1116160100