CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шинэ арслан төрсөн Монгол наадам

07-16-2017 16:15

 Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд хүчит 512 бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраа сорилоо. Энэ жилийн наадмаас Улсын начин зургаа, Улсын харцага хоёр, Улсын заан хоёр, Улсын арслан нэг, Улсын гарьд цолтон нэг төрлөө.

Барилдааны шөвгийн дөрөвт:
Улсын харцага Ц.Содномдорж шинээр Улсын заан цолны болзол хангасан Н.Жаргалбаярыг амлаж,
Шинээр Улсын заан цолны болзол хангасан харцага Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр нар тунаж үлдэн тун сонирхолтой барилдааныг үзүүлж наадамчин олныг чээж даруулан хүлээлгэлээ.

Ингээд Увс аймгийн харьяат, улсын харцага Ө.Бат-Орших олимпийн аварга Н.Түвшинбаярыг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Н.Жаргалбаярыг давж Улсын баяр наадмын үзүүр, түрүүнд үлдсэн юм. Хоёр бөхийн барилдаан өрсөлдөөнтэй болж Монгол Улсын харцага Ц.Содномдорж улсынхаа наадамд түрүүлж Улсын арслан, үзүүрлэсэн бөх Улсын харцага Ө.Бат-Орших Улсын гарьд цол авлаа.
Шинээр цол авсан бөхчүүд
Монгол Улсын арслан цолтон:

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэвийн Содномдорж
Монгол Улсын гарьд цолтон:

 Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Өлзийтогтохын Бат-Орших
Монгол Улсын заан цолтон:

Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Нэгдэлийн Жаргалбаяр
Монгол Улсын начин цолтон:

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хантайшир бөхийн дэвжээний бөх Балганы Хишигбаатар,
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бат-Өлзийн Бат-Эрдэнэ,
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Жаргалсайханы Дагва-Очир,
Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Дармаагийн Тамир,
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес богда” дэвжээний бөх Бередмуратын Серик,
Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх Галсан-Очирын Ганжад нарт Монгол Улсын начин цол олголоо.
Монгол Улсын харцага цолтон:

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч,
Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх Оргихийн Хангай.
 Ингээд Улсын Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Монос” группийн бөх Ц.Содномдоржийн сэтгэгдлийг хүргэе.
-Улсын наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа, төр улсын маань наадам түвшин сайхан болж, төрийнхөө их наадамд түрүүлсэндээ сэтгэл өндөр байна. Нутгийн зон олон, монгол бөхийг дэмждэг та бүхнийхээ буянаар энэ сайхан арслан цолыг хүртлээ. Аав, ээж болон ахан дүүс, намайг үргэлж дэмждэг “Монос” группийн хамт олондоо баярлалаа.
-Үндэсний их баяр наадамд хичнээн жил зодоглож байж энэ амжилтад хүрсэн бэ?
-Би 2008 оноос хойш улсын наадамд зодоглосон. Ес дэх жилээ барилдаж, ес давлаа. Та бүхэн сайхан наадацгаагаарай.
Ө.БАТ-ОРШИХ: ЭНЭ ЖИЛИЙН НААДАМ ӨГӨӨЖТЭЙ САЙХАН БАЙНА
Мөн бид Улсын баяр наадмын үзүүрт шалгарч, Улсын гарьд цол хүртсэн Увс аймгийн Улаангом сумын харьяат Ө.Бат-Оршихын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр "Найм дахь жил дээрээ цолоо ахиулж байгаад баяртай байна. Сэтгэл их өндөр байна. Өрсөлдөгч хүнд байлаа. Энэ жилийн наадам өгөөжтэй сайхан байна"  гэлээ. Түүний хувьд улсын аварга С.Мөнхбатаар долоо давж заан цолны босго алхсан бол "Мөнхбат бид хоёр арван жилээсээ найзалж ирсэн. Найздаа баярлалаа" хэмээлээ

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100