CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Мин улс

07-13-2017 15:25

1368 онд Хятадын улаан алчууртны бослогын нэг удирдагч Жү Юаньжан Мин улсыг байгуулаад Наньжинд хаанд өргөмжлөгдөв. Жү Юаньжан 31 жил төр барихдаа феодалын төвлөрсөн эрх тогтолцоог ихэд эрчимжүүлж, гавьяат сайдаа хавчин хөнөөж, харь үндэстнийг үлдэн устгаж, хааны эрх мэдлийг нэмэгдүүлж, сөрөг хүчнийг нухчин дарсан байна. Түүнийг нас барсны дараа, хааны ач Жянь Вэнди хаан ширээнд суусан боловч авга ах Жүдигийнхээ цэргийн хүчинд дарагдаж ялагдал хүлээжээ. Жүди хаан ширээнд сууж, Мин улсын Чэнзү хаан хэмээгдэв. Чэнзү хаан 1421 онд нийслэлээ Бээжинд нүүлгэсэн байна.

Мин улс хэдийгээр төв засгийн газрын эрх мэдлээ төвлөрүүлсэн боловч ихэнх хаад нас бага, эсвэл бодлогогүй байсны улмаас засаг төрөө барьж чадахгүй байсан тул эрх мэдлийг томоохон түшмэдүүд гартаа авч байлаа. Ховдог ноён авилгач түшмэд хээл хахууль авч төрийн хэргийг буруу тийш хөтөлж, шударга шулуун сайд нарыг хавчин шахсанаар төр засаг өдөр ирэх тусам ганхан суларч, нийгмийн зөрчил тэмцэл дэвэрсэн байна. Мин улсын дунд үеэр тариачдын бослого олонтаа гарсан боловч тухай бүр нухчин дарж байлаа. Мин улсын үед Жан Жюйжэн хэмээх улс төрч төрж гарчээ. Тэр нийгмийн зөрчлийг намжааж, Мин улсын ноёрхолд туслахын төлөө, улс төрийн шинэчлэл хийсэн юм. Жан Жюйжэн ноёдын засаглалыг цэгцэлж, хөдөө аж ахуйг хөгжүүлэн, гол мөрнийг сэлбэн засуулсан бөгөөд олон зүйлийн алба татварыг нэгтгэж, ард иргэдийн дарамтыг зохих хэмжээгээр хөнгөлсөн ажээ.

Мин улсын үед хөдөө аж ахуй хөгжиж, нэхмэл сүлжмэл, ваар шаазангийн салбар ихэд мандан, хүдэр олборлох, гууль цутгах, цаас хийх, усан онгоц үйлдвэрлэх ажил түргэн хөгжив. Гадаад эдийн засаг, соёлын солилцоо ч зохих хэмжээгээр хөгжжээ. Тэнгисийн нэрт аялагч Жэнхэ урьд хожид 7 удаа баруун зүг тэнгисээр аялан, Ази, Африкийн 30 гаруй улс оронд очсон байна. Гэвч Мин улсын дунд үеэс хойш Хятад орон Япон, Испани, Португал, Голланд зэрэг улсын түрэмгийлэлд өртөж байсан юм.

Мин улсын үед худалдаа эдийн засаг хөгжиж, хөрөнгөт нийгэм үүсэн бүрэлдэж эхэлжээ. Мин улсын эхний жилүүдэд улсад эзэнгүй газар олон байсан бөгөөд Мин улсын анхны хаан цагаач иргэдийг цуглуулан, алба татвар бууруулах буюу түүнээс чөлөөлөх арга хэмжээ авснаар газар тариалангийн ажил эрхлэгчид олширсон юм. Навчин тамхи, төмс, эрдэнэ шиш, газрын самар зэрэг хөдөө аж ахуйн шинэ сорт харь орноос Хятад улсад орж ирж байлаа. Ялангуяа нэхмэл сүлжмэлийн салбарт хэдэн арван нэхмэлийн төхөөрөмжтэй үйлдвэрийн эзэд, тусгай мэргэжлийн боловсрол эзэмшсэн хөлсний ажилчид болох “техникчид” буй болсон явдал нь Хятад улсад хөрөнгөт нийгэм үүсэн бүрэлдэж эхэлсний илрэл юм. Мин улсын үеийн бараа бүтээгдэхүүний төрөл зүйл маш олон, худалдаа наймаа хөгжиж байсан болохоор үйлдвэр төвлөрсөн, зам харилцаа сайтай газруудад их бага хэмжээний худалдааны төвүүд нээгдэв. Бээжин, Наньжин, Сүжөү, Ханжөү, Гуанжөү зэрэг цэцэглэн хөгжсөн хот суурин бий болсон байна.

Мин улсын үед уран зохиол ихэд хөгжиж, “Хүйтэн уулын бичиг, “Гурван улсын үлгэр”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Алтан бумбан дахь лишийн цэцэг” зэрэг олон алдарт зохиол гарсан билээ. Үүнээс гадна газар зүйн ухааны “Шюй Шякэгийн аяллын тэмдэглэл”, анагаах ухааны талаар Ли Шижэний “Эмийн бодисын товчоон”, хөдөө аж ахуйн талаар Шюй Гуанчигийн “Тариалангийн нэвтэрхий судар”, гар урлалын талаар Сүн Иншингийн “Тэнгэрийн бүтээл”, сурвалж бичгийн талаар “Юнлэгийн их ёслол ” зэрэг олон сонгодог бүтээл чухам тэр үед зохиогдсон юм.

Мин улсын сүүл үед тариалангийн газрууд хувь хүний мэдэлд хэт төвлөрч, хаад, вангийн угсааны газар тариалан нутаг бүхэнд түгэн дэлгэрч, засгийн газрын татвар түрээс улам бүр нэмэгдэн, нийгмийн зөрчил тэмцэл ширүүссэн юм. Хэсэг түшмэд нийгмийн зөрчлийг намжаахын тулд, ноёд язгууртнуудын онц эрхийг хязгаарлахыг шаардаж, эрдэм ном дэлгэрүүлэн засаг төрийн байдлыг ярилцаж байсныг “Дүнлиний бүлгийнхэн” гэдэг байжээ. Гэвч тэд эрхт тайганд хавчигдан шахагдсанаар нийгмийн тогтворгүй байдал улам нэмэгдсэн юм. Хөдөө нутагт ч зөрчил тэмцэл хурцдаж байжээ. 1627 онд Шааньшид ган гачиг болоход ноёд түшмэд гааль татвар нэхэмжилж шахамдуулснаар тариачдын бослого дэгдэж, түүнд үй олон тариачин нэгдэж, олон замын бослогын цэрэг болон бүрэлджээ. 1644 онд босогчдын цэрэг Бээжинд цөмрөн ороход Мин улсын Чунжэнь хаан амиа хөнөөсөн гэдэг.

Д.Гүнтөмөр

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100