CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монгол улсын Үндэсний их баяр наадам эхэллээ

07-12-2017 10:03

Монголын тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам 7-р сарын 11-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхэллээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төрийн түшээд, хүндэт зочид тухалж, наадамчин олон цэнгэлдэх хүрээлэнд өнгө алаглан дүүрч, баяр хөөрөөр бялхаж байлаа.
Төрийн ордноос төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залсны дараа, Монгол улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулга баяр наадмыг нээж, Монгол түмэндээ хандан үг хэлэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга, наадамчин олон, Монголын нийт ард түмэнд баярын халуун мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүллээ.
Х.Баттулга: "Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй монгол наадам маань бидний өв соёл билээ. Эх түүх, хэл соёлоороо бахархан омогшдог монгол хүн бүрийн сэтгэлд нар гийсэн наадмын өдөр зон олны минь сэтгэл тэнүүн цог золбоо дүүрэн, морь нь хурдан, бөх нь хүчтэй, харваач нь мэргэн байг" гэжээ.

Дараа нь, хүүхдүүд энх тайвны бэлэг тэмдэг болсон тагтаа нисгэж, тулганд гал бадраан, уран бүтээлчид гайхамшигтай сайхан тоглолтоороо Жангарын мангасыг дарсан үлгэр, "Тэнгэрийн ташуур" хэмээн алдаршсан Атилагийн домог, эзэн богд Чингис хааны тулгар төрөө үндэслэн байгуулсан зэрэг Монголын түүхийг үечлэн үзүүлж, наадамчин олноо баясгав.
МУ-ын үндэсний их баяр наадам бол монгол бөхийн хүч чадал, хүлэг морьдын шандсыг гайхуулсан үндэсний соёл, уламжлалын чуулган юм. Хүчитний тэнхээ их, хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхилт төгөлдөр, харваачдын цэц мэргэн, зон олон сэтгэл тэнүүн сайхан наадаж байна.

Өнөөдөр, Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын харвааны талбай, Шагайн асарт азарга, их насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа зэрэг явагдаж байна.

Энэ орой мөн Сүхбаатарын талбайд "Улаанбаатарын үдэш" цэнгүүн зохиож, Баянхошуу, Маахуур толгой зэрэг газар баяр наадмын ёслолын буудлага болно. Энэ их баяр наадам 3 хоног үргэлжилж, 13-нд өндөрлөх юм.

\ХОУР-гаас Улаанбаатарт суугаа сурвалжлагч О.Дарамбазар мэдээлэв\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100