CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

МУ-ын шинэ ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөн тушаалдаа орлоо

07-11-2017 10:31

 Монгол улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга 7-р сарын 10-нд Төрийн ордны их танхимд тангараг өргөн, албан тушаалаа хүлээн авлаа.

Тэрбээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлнэ хэмээн тангараг өргөв. Шинэ ерөнхийлөгч төрийн далбаанаас адис авсны дараа, бүрэн эрх нь дуусгавар болж буй ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төрийн тамгыг түүнд гардуулав.

Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандаж: "Монгол түмнийхээ итгэлийг хүлээж Монгол улсын ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэн өгч буй итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээсээ уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар ажиллах дуудлага хэмээн хүлээн авч байна" гэжээ.

Тэрээр өөрт нь итгэл өгч, Монгол Улсыг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг нь дэмжсэн нийт иргэдэд хандан талархал илэрхийлсний зэрэгцээ, хамтран өрсөлдөж Монгол улсын ардчилсан сонгуулийг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөө Монголын төлөө хийх цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ. Мөн Монгол улсын ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож ажилласан Ц.Элбэгдоржийн цаашдын ажил үйлсэд амжилт хүсэв.

Тэрээр УИХ-ын гишүүдэд хандан: та биднийг хойшлуулшгүй шийдэх ажлууд шилээ даран хүлээж байна. Би нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас гаргаж, ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Энэ зорилгын төлөө Засгийн газар, УИХ-тай хамтарч ажиллах болно. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг билээ. Та бүхний мэргэн шийдвэр, зөв бодлого бүрийг би дэмжиж ажиллана. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дулимаг боловсруулсан шийдвэр, бодлогыг засаж залруулж, шүүмжлэх болно хэмээн онцоллоо.

Ерөнхийлөгч Баттулга Монголын нийт ард түмэнд хандаж: Би иргэдээ сонсдог. Иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг ерөнхийлөгч байна. Монгол улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлт гаргасан, дэлхийд нэртэй улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Тэрээр: Хууль ёсыг уландаа гишгэсэн хуйвалдаанч гишүүдийн бодлогыг хэзээ ч дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалцдаг аливаа үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.

Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэнээ ялгаварлан гадуурхдаг харгис явдлыг халах болно. Би эв нэгдлийг эрхлэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн ерөнхийлөгч байна.

Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалсан ерөнхийлөгч байна. Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн ерөнхийлөгч байна. Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан ерөнхийлөгч байна.

Би экспортын шинэ эринийг эхлүүлж, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэсэн ерөнхийлөгч байна. Энэ цагаас эхлэн Монгол улс бүтээгч, хамтрагч, үйлдвэрлэгч үндэстэн болохын төлөө ажилдаа шуурхайлан орно.

Мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай найрамдалт сайн хөршийн харилцааг бүх салбарт тэлж, гуравдагч хөршийн бодлого дээр онцгой анхаарна. Монголын маргаашийн хөгжлийн замын алсыг харж, хамтарч чаддаг ерөнхийлөгч байна хэмээн онцоллоо.

/ХОУР-гаас Улаанбаатарт суугаа сурвалжлагч О.Дарамбазар мэдээлэв/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100