Дэлхийн шинэ 7 гайхамшиг
07-10-2017 16:02
Бидний ертөнц гайхамшгаар дүүрэн. Юун тухай бичих гэж байгааг маань таачихсан уу? Тийм ээ, “Дэлхийн долоон гайхамшиг”-ийн тухай өгүүлэх гэж байна. Өчигдөрхөн буюу 2017 оны 7-р сарын 7ны өдөр “Дэлхийн 7 гайхамшиг" албан ёсоор тунхаглагдсаны 10 жилийн ой тохиолоо. Гайхамшгуудыг хот, байгаль, усан доорхи ертөнц гээд төрөл бүрийн ангилалд шалгаруулж, жагсаалтууд гаргасан байдаг ч тэр бүхнийг дурдана гэвэл зай хүрэхгүй бизээ. Энэ удаад 10 жилийн өмнө хүн төрөлхтөн шинэ гайхамшгуудаараа нэрлэсэн топ “7 гайхамшиг”-ийг эргэн сануулъя.
1.Иордан Петра
Петра нь Иорданд оршдог хад чулууг сийлж барьсан, түүх, археологийн хосгүй дурсгалт хот юм. Барьсан чулууных нь гайхалтай, өвөрмөц өнгөнөөс улбаалж хотыг “Улаан сарнайн хот” гэж нэрлэх нь ч бий. Яг хэзээ баригдсан тухай тодорхой баримт өдийг хүртэл олж чадаагүй ч 1-р зуунд Арабын Набатаэны нийслэл нь байсан гэж таамагладаг. Гайхамшигт энэ хот зуун зууныг дамнасан түүхэн хугацаандаа газар хөдлөлтөд өртөж, элсэн шуурганд ч хүртэл даруулж байсан ч өнөөгийн бидний аз түшиж, өдийг хүртэл хадгалагдан ирсэн нь гайхалтай.
2. Перу Мачу Пекчу
Юуг ч мөрөөдөхөөс сийхгүй дэврүүн бага насны минь мөрөөдөл. Одоо бол дэврүүн мөрөөдөл төдий биш очих газрын минь жагсаалтад орчихсон байгаа Мачу Пекчу. Далайн түвшнээс дээш 2430 км-ийн өндөрт толгодын орой дээр орших ид шидийн мэт үзэсгэлэнтэй хот. Хот 1450 онд баригдсанаас хойш 100 гаруй жил амьдарсан оршин суугчид Испаничууд Инкүүдийг байлдан дагуулах үеэр хотыг орхисон гэдэг. Үүнээс хойш хүн төрөлхтөнд таг мартагдсан байсан “Алдагдсан хот”-ыг 1911 онд буюу бараг 500 жилийн дараа л сая нэг илрүүлжээ. Очсон хүн бүр манан будан хоноглосон уулс, гайхамшигт сүм хийд, өвөрмөц байгуулалт нь яг л зүүд мөрөөдлийн орон, диваажинд, эсвэл бүр тэс өөр цаг хугацаанд оччихсон мэт сэтгэгдэл төрүүлдэг гэж шагшдаг. Зүгээр л “ид шидийн” гэчихсэн нь илүүтэй тохирох байх.
3. Хятад Цагаан хэрэм
Сансраас харагддаг дэлхий дээрхи цорын ганц байгууламж “Цагаан хэрэм” хэмээх гайхамшиг нь МЭӨ 5-р зуунаас эхлэн хэдэн зуун жил дамнан баригджээ. Анх олон салангид хэрэм байсныг Хятадын анхны нэгдсэн төрт улсын үндэслэгч Ци Ши Хуанди нэгтгэж өнөөгийн бидний мэдэх “Түмэн газрын цагаан хэрэм” болсон түүхтэй. Хойд зүгийн нүүдэлчдээс хамгаалах хил, хана хэрэм болгон барьж байсан цагаан хэрмийн нийт урт 8,851.8 км, үүнээс 6,259.6 км нь жинхэнэ хэрэм, үлдсэн нь уул ус, жалга сухай гэх мэт бартаа саад гэж тооцдог. Эхлэл төгсгөл нь хаана байгааг үл мэдэх гайхамшигт хэрмийг Хятадад суралцаж байгаа давуу талаа ашиглаж жилдээ ямар ч байсан хэд хэдэн удаа очоод үзчихдэгтээ баярладаг шүү.
4. Мексик Чичен Итза
Чичен Итза нь Маяагийн соёл иргэншлийн үед хамаарах түүх, археологийн хосгүй дурсгал юм. Энэ хот нь 600- 1200 он хүртэл Маяагийн соёлын гол төв, хамгийн том хот нь байжээ. Алдартай уран зохиолуудад Чичен Итзаг үлгэр домгийн, нууцлаг хот хэмээн дүрсэлсэн байх нь олонтаа. Олон үндэстэн оршин суудаг, төрөл бүрийн соёл цогцолсон том хот байсан учраас архитектур нь ч өвөрмөц, гайхалтай. Энэ гайхамшигт, өөр ертөнцийн гэмээр хотыг жил бүр 1,4 сая гаруй жуулчид зорин очиж үздэг байна.
5. Бразил Христийн хөшөө
Бразилын Рио де Жанейро хотод 700 метр өндөр оргил дээр байрлах Ариун Христийн хөшөө. (Цагаатгагч Христийн хөшөө ч гэдэг) 39.6 м өндөр, 635 тн жинтэй аварга Христ юуны тулд Рио хотыг бүтнээр нь алган дээр тавьсан мэт харж болох өндөр уулын оргил дээр зогсоно вэ? Үүнд Бразилчууд “Дэлхий дахины энх тайвны төлөө” гэж итгэлтэйгээр хариулдаг. Ариун Христийг бүтээхэд 1922 – 1931 он хүртэл нийт 9 жилийг зарцуулжээ. Өндөрлөгт байдаг учраас 2010 онд аянганд цохиулж, хөмсөг, толгойндоо эвдрэл авч байсан удаатай. Тиймээс засварласныхаа дараа аянганаас хамгаалах систем суулгасан байдаг юм.
6. Итали Колизей
Колизей нь Италийн Ром хотноо орших дэлхийн хамгийн том “амфитеатр” буюу нь эртний Ромоос гаралтай дээвэргүй, дугариг хэлбэрийн театр юм. Эртний Ромын үед амфитеатрт урлагийн тоглолт, гладиаторуудын тулаан, спортын тэмцээн зэргийг зохион байгуулдаг байв. 50'000 үзэгчийн суудалтай, гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий гурван давхар, 240 цонхтой аварга байгууламж Колизейг МЭ 72 – МЭ 80 оны хооронд барьж байгуулсан байдаг.
7. Энэтхэг Таж Махал
Та бүгдийн мэдэж байгаачлан Таж Махал нь Их Моголын хаан Шах Жахан хайртай хатан Мумтаз Махалд зориулан бариулсан тансаг хийцтэй, цасан цагаан бунхан. 1632 оны орчимд эхэлж 1653 оны орчимд барьж дуусчээ. Таж Махалыг ихэнхи хүмүүс дэлхийн гайхамшгуудаас хамгийн сэтгэл хөдөлгөм, романтик түүхтэй нь гэж боддог. Үнэндээ Таж Махалтай холбоотой түүх болгон нь хэтэрхий гунигтай. Аялагч Х.Сайхансанаа/@Sanaa “Travelers” ВиЧат группт Таж Махалын тухай “Таж Махалыг бариад загварыг нь гаргасан хүнийг өөр газар ийм загвар гаргаж магадгүй гээд хоёр гарыг нь тасдсан байдаг. Удалгүй хааны хүү нь өөрөө хаан болохын тулд хаан эцгээ насаар нь РэдФортын шоронд хорьж, ах нараа толгой дараалан хороож, хоёр эгчийгээ насаар нь ганц бие явуулсан гашуун түүхтэй. Таж Махалыг бариулсан Шах Жахан хаан ч үлдсэн амьдралаа Рэдфортын шоронгийн завсраар Таж Махал руу, хатныхаа бунхан руу ширтэж байгаад насан эцэслэсэн гэдэг” гэж бичсэнийг үзээд нэг л хөндүүрлэж, очиж үзэх хүсэл улам их төрсөн. Ийм гайхамшгийг тийм харгислалаар бүтээхэд хүргэдэг хайр байсан гэхээр… Басхүү Монголын алдарт зохиолч Ц.Түмэнбаярын “Таж Махалын нулимс” өгүүллэгт энэ түүхийг өгүүлсэн буй.
Н.Батчимэг