CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

“Бээжин хүн” хэмээх хүн сармагчны олдвор

07-07-2017 14:59

 1921 онд археологичид Бээжин хотын Фаншань дүүргийн Жөүкөүдянь хэмээх газраас эртний хүн сармагчны гавлын болон бусад чулуужсан яс илрүүлж олсон бөгөөд энэ нь дэлхийн археологи, антропологийн шинжлэх ухаанд хосгүй их нээлт болсон юм. Дэлхий дахинд шуугиан тарьсан тэрхүү алдартай олдворыг судлаачид “Бээжин хүн” хэмээн нэрийдсэн бөгөөд харамсалтай нь хачирхалтайгаар гэнэт ор сураггүй алга болсон юм. Бээжин хүн хэмээх хүн сармагчны чулуужсан яс алга болохоос өмнө Бээжингийн Шехэ нэгдсэн эмнэлэгт хадгалагдаж байжээ. Номхон далайн дайн гарахын өмнөхөн, тэрхүү чулуужсан ясыг Бээжинд хадгалах нь баталгаагүй тул Америкт аваачиж хадгалах саналыг эрдэмтэн Вэй Дүньрүй гаргажээ.

Япончууд Сувдан эрэг рүү довтлохоос 2-3 долоон хоногийн өмнө Шехэ эмнэлгийн дарга Бовэнь чулуужсан ясыг хайрцагт савлахыг тушааж, хүн сармагчны толгойн 5 бүхэл, 15 хэлтэрхий, эрүүний 14 хэсэг яс, эгэм, дунд чөмөг, бугалга, шүд зэрэг 147 хэсэг чулуужсан ясыг зөөлөн давуугаар баглаж, гадуур нь эмт хөвөнгөөр ороон, дахин цаас, даавуу, хөвөнгөөр нэмж баглаад, хоёр том модон хайрцагт хийлгэжээ. Түүнийг Америкийн элчин сайдын яаманд зөөвөрлөн аваачиж, Америкийн тэнгисийн цэргийн десантын усан онгоцоор Америк руу хүргэхээр бэлтгэж байв. Гэвч түүнээс хойш дэлхий нийтийн анхаарал татсан тэрхүү туйлын ховор нандин олдвор болох “Бээжин хүн” эртний хүн сармагчны чулуужсан яс хачин жигтэй сураггүй алга болоод одоо хэрнээ олдоогүй байна.

Бээжин хүний чулуужсан ясны тухай хоёр янзын таамаг байдаг. Түүнийг Чиньхуандао аралд Харрисоны нэрэмжит шуудангийн хөлөг онгоцонд ачиж, Америк руу явах замд хөлөг онгоц далайд живсэн. Эсвэл тэрхүү шуудангийн хөлөг онгоц япон цэргүүдэд олзлогдож, чулуужсан ясыг япончууд олзолж авсны дараа гар дамжин сураггүй алга болсон.

Дэлхийн II дайн дууссаны дараа, Америкийн цэрэг Японд өргөн хүрээнд эрэл хайгуул хийсэн боловч юу ч олоогүй ажээ. 1972 онд Америкийн худалдаачин Жанус тэрхүү чулуужсан ясыг өндөр үнээр худалдан авах зар тарааж, эрэл хайгуул хийлгэхэд олон хүн янз бүрийн сураг мэдээ өгч байсан боловч тэдний аль нь ч Бээжин хүн биш байв. 1970 онд Нью-Йоркийн нэг бүсгүй Бээжин хүний чулуужсан ясыг уйгагүй хайж байсан эрдэмтэн Кристоферт Бээжин хүний чулуужсан ясыг нөхөр нь амьд сэрүүндээ хадгалж байсан тухай утсаар мэдээлэл өгчээ. Харвардын Их Сургуулийн профессор Ховеллс түүний өгсөн зургийг үзээд Бээжин хүний чулуужсан яс мөн болохыг нотолжээ. Гэвч удалгүй тэр бүсгүй учир битүүлгээр гэнэт холбоо тасарчээ.

1991 онд Америкийн тэнгисийн цэргийн офицер, түүхч эрдэмтэн Браун тэр жил Бээжин хүний чулуужсан ясыг алга болгосны улмаас шоронд орсон доктор Фолийгийн түүнд илгээсэн захидлыг хүлээн авсан юм. Тэр захидалдаа, Бээжин хүний чулуужсан ясыг хадгалж буй бүсгүйтэй холбоо барьсан гэж бичсэн бөгөөд Бээжин хүн хэмээх хүн сармагчны чулуужсан яс сураггүй алга болсны нууцыг түргэн тайлахыг Браунаас хүссэн байлаа. Харамсалтай нь доктор Фолий 1992 оны намар нас баржээ.

1970 оны сүүлээр “Нью-Йорк таймс” сонинд Виллиам гэгч нэгэн эмч Бээжин хүний чулуужсан ястай холбоотой зарлал нийтлүүлжээ. Тэрээр зарлалдаа “Бээжин хүн” олдвор Тяньжин хотод найзынд нь эсхүл Тяньжин хот дахь Францын Пастера институт болон Тяньжин хот дахь Швейцарийн Бейли банкинд хадгалагдаж байна гэж бичжээ. Энэ мэдээллийн дагуу Тяньжин хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Газар шалгалтын хэсэг байгуулж нягтлаад худал болохыг нь тогтоосон юм. Соёлын хувьсгалын үед нэг хүн “Цус нулимсанд будагдсан хуучин Шехэ эмнэлэг” хэмээх жижиг товхимол бичиж, түүндээ Бээжин хүний чулуужсан яс Хятадын хилээс гараагүй хэмээн тэмдэглэсэн боловч уг товхимлын зохиогчийг хайгаад олоогүй гэдэг.

Хятадын хүн судлаач эрдэмтэн Жөү Го Син олон жил судалгаа шинжилгээ хийсний үр дүнд ийм нэгэн сураг гаргасан байна. Сувдан эргийн байлдааны өмнөхөн, Америкийн тэнгисийн цэргийн десантын ерөнхий газар, Америкийн элчин сайдын яамны хооронд харуул хийж байсан хамгаалалтын албаны цэрэг, хоёр хүн нэг хайрцагтай юмыг дамнаж элчин сайдын яамны арын хашаанд булж байсныг олж харсан гэдэг. Тэр цэрэг хайрцагтай юмыг Бээжин хүний чулуужсан яс байж болзошгүй гэж бодсон ажээ. Жөү Гүошин тэр газрыг эрж олсон боловч дээр нь байшин барьсан болохоор малтах аргагүй болжээ. Бээжин хүний чулуужсан яс алга болоод хэдэн арван жил болсон ч одоо болтол сураггүй хэвээр байна. Хятадын ерөнхий сайд агсан Жөү Эньлай “Бээжин хүний чулуужсан ясыг хадгалахаар хүлээн авсан америкчууд цааш гараасаа алджээ. Шударга эрдэмтэд түүнийг заавал хайж олох ёстой” гэж хэлсэн удаатай.

Д.Гүнтөмөр

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100