CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Эртний нийслэл Ши Ань

07-06-2017 13:45

Ши Ань хот гэхээр эртний Хятад улс, торгоны зам хамгийн түрүүнд санаанд орж ирж байгаа биз. Үнэхээр л энэ хот эрт үед Чан Ань буюу “Мөнхийн хот” нэртэй байсан шигээ хэдэн мянган жилийн буурал түүхийг өгүүлэх амьд ном гэлтэй. 3000 жилийн өмнө байгуулагдсан энэ хот 1100 гаруй жилийн турш Хятад улсын олон төрт улсын үед нийслэл нь байсан юм. Ингээд бодохоор Ши Ань хотыг зорих шалтгаан ганц “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор "-оор дуусахгүй нь.
Нэгэнт дурьдсанынх заавал үзэх газруудыг兵马俑 “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор "-оос эхлэе. Шаанси муж дахь дэлхий дахины анхаарлыг татдаг гол цэг бол ерөөсөө энэ. “Дэлхийн долоон гайхамшиг”-ийгг хэдийнээ мэдэх биз ээ. Тэгвэл 1987 онд ЮНЕСКО-гоос зарласны дагуу “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор” нь  “Дэлхийн найм дахь гайхамшиг”-аар нэрлэгдэх болсон юм. Зөвхөн үүнийг л үзэх гэж жил бүр 2 сая гаруй жуулчин дэлхийн өнцөг булан бүрээс Ши Ань хотыг зорьдог байна. Олдворыг Чин улсын үед буюу МЭӨ221-МЭӨ206 оны үеийн найман мянган морьт цэргийн үлдэгдэл гэж үздэг. Нийтдээ 20 км кв талбайг эзлэх 2000 орчим өөр хоорондоо адилгүй, давтагдашгүй царай төрхтэй морьт цэрэг, 30 мянга гаруй зэр зэвсэгтэй хосгүй үнэт соёлын өв. 

Хойд гол хаалганаас Чинь Ши хуаны бунхан хүргэдэг үнэгүй автобус явдаг. “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор "-ын тасалбарын үнэд багтсан байдаг тул бунхныг ч бас үзэхийг зөвлөе.  Энэ нь Ши Ань хотын төвөөс 20 км-ийн зайд оршдог.

Хэрхэн очих вэ?
Ши Ань хотын төв болон Ши Ань галт тэрэгний төв буудлаас жуулчдын 5 (306) болон 914 дугаарын автобусаар зорчиж болох Ши Ань төмөр замын хойд буудлаас үнэгүй автобус цагийн хуваарийн дагуу явдаг байна.

 华清池 ордон болон халуун рашаан. Морьт цэргүүд дээр зочилсон бол буцах замдаа Хятадын түүхэн дахь алдарт дөрвөн эмэгтэйн нэг Ян Гу Фэйд зориулж хаан эзний бариулсан энэ ордноор зочлоорой. Үүх түүхтэй нь танилцангаа нэгэн цагт хаан эзний хувирашгүй зүрх сэтгэлийн эзэн байсан үзэсгэлэнт хатан орж байсан ч байж мэдэх халуун рашаанд нь алжаалаа тайлж аваад аялалаа цааш нь үргэлжлүүлж болно.

 

 

Харин хотын төвд хамгийн түрүүнд西安城墙 буюу “Ши Ань хотын хэрэм”-ийг үзэх ёстой. 12 метр өндөр, 18 метрийн өргөнтэй, 13,7 км урт энэ хэрэм 700 гаруй жилийн турш бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн дэлхийн хамгийн том хэрэм гэдгээрээ алдартай. 36 км.кв талбайтай учраас бүтэн үзэхийн тулд 4-5 цаг алхах хэрэг гарна. Тиймээс хэрмийн хаалга бүр дээр унадаг дугуй түрээсийн үйлчилгээ бий. Сануулахад бороотой үед маш их халтиргаатай гэдгийг анхаарах хэрэгтэй. Урд хаалган дээр нь хятадын эртний гар урлал, уран бичлэг зэргийг дэглэсэн музейтэй.

碑林Чулуун ой гэж монгол хэлэнд буулгамаар юм уу даа. Хотын хэрмээр зочилсон бол өмнөд хаалгаар нь гарангуут1087 онд баригдсан энэ байгууламжид оччихно. 3 км кв талбайд 2300 гаруй чулуун баганатай. Багана бүр дээр Хятадын төрт улсуудын үед бичигдсэн Хятад уран бичлэгүүдийг сийлсэн байдаг.

23 40 221 222 302 309 402 дугаарын автобус хүрнэ. Өдөр бүр өглөөний 09 цагаас оройны 05:30 хүртэл ажиллана.

鼓楼和钟楼 Хонхот цамхаг болон Бөмбөрт цамхаг. Мин улсын үед хот бүр өөрийн гэсэн хонх, бөмбөртэй байсан нь цаг зарлах үүрэгтэй байж. Үүрийн гэгээнээр хонх дуугарч өглөө болсныг зарлан, үдшийн бүрийгээр бөмбөр нүдэж амрах болсныг сануулдаг байв. Хонхот цамхгаас Ши Ань хотын бүхлээр нь харах боломжтой бол Бөмбөрт цамхгаас Муслим хорооллыг дээрээс нь тольдоно.

 

回民街Ши Ань Муслим хороолол нь Бөмбөрт цамхагийнхаа ард бий. Эндхийн大清真寺
Их сүм нь маш алдартай. Дундад азийн лалын сүмүүдийн хэв загварыг Хятад загвартай хослуулсан өвөрмөц загвартай энэ сүм нь Хятад дахь хамгийн том лалын сүм юм. Зөвхөн муслим шашинтнуудыг нэвтрэхийг зөвшөөрдөг ч зарим хэсэг нь жуулчдад нээлттэй. Их сүмээр зочилсныхоо дараа худалдааны гудамжаар зугаалж төрөл бүрийн бараа таваар, бэлэг дурсгалын зүйлсээр нүдээ хужирлаж, басхүү таалагдсанаа худалдан авч болно. Үнэхээр хямд.

Тэнд очихын тулд 23 40 221 222 302 309 402 дугаарын автобусаар зорчиж хүрнэ. Өдөр бүр өглөөний 09 цагаас оройны 05:30 хүртэл ажиллана.
大雁塔Giant Wild Goose Pagoda сүм нь 652 онд баригдсан Ши Ань хотын бэлгэ тэмдэг болсон сүм юм. Хятад дахь буддын шашны хэв маяг, соёл, зан заншлыг ойлгохыг хүсвэл энэ сүм зөв газар. Сүмд лам нар шавилж, сүсэгтнүүд цуглан мөргөл, ёслол үйлддэг. Түүнээс гадна сүмийн өмнөх усан оргилуурын шоуг үзээрэй, үнэхээр гайхалтай өнгө, дэглэлт, ая дантай.

Миний хамгийн их очиж үзэхийг хүсэж байгаа газар бол 华山 Хуа Шан уул. Ши Ань хотоос 120 км зайд байна. Ууланд авирагчид, адал явдалд дурлагчид хошуурдаг шалтгаан нь 2000 метрийн өндөрт орших огцом, эгц хадны хоёрхон хүн зөрөх боломжтой банзан дээгүүр алхаж, хадыг ухаж гаргасан жижигхэн нүхнүүдэд хөлөө тааруулан хаанаас ч юм бэхэлсэн гинжинд л найдаж авирах тэр мэдрэмж. Үүлэн дунд, Хятадын ард түмний шүтдэг уул хангайн хамгийн өндөр цэгт ийм авиралт хийнэ гэдэг үнэхээр адреналин ялгаруулсан мэдрэмж биш гэж үү? Аюулгүй байдлыг сайн тооцоолсон ч жил бүр л хэн нэгэн бэртэж гэмтэж, бүр амь насаа алдах тохиолдол болдгийг анхаарахад илүүдэхгүй.
Энд хүргэдэг галт тэрэг, хурдны галт тэрэг байдаг төдийгүй Ши Ань хотын төвөөс машин, автобус ч хөлслөх боломжтой.  

 Хятадын түүх, соёлыг сонирхон судалдаг аялагчдын хувьд үзэх юм энүүхнээр ч дуусахгүй ээ. Олон мянган жилийн түүхт Хятад улсын “эртний” тодотголтой хотод Ши Ань ирсэн музей, бунханууд гээд зочлох газрууд өгүүлшгүй олон шүү. 


Н.Батчимэг

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100