CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хятадын Венец Сужоу

07-01-2017 15:07

ЖианСу мужийн хоёрдахь том хот Сужоу нь жуулчдын заавал очих газрын нэгээр дуу нэгтэй нэрлэгддэг. Чухам юу нь өргөн уудам Хятад улсын олон хотоос онцгойрох болов?
Хариулт нь Мин улсын үеэс өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн 60 гаруй цэцэрлэг. Цэцэг мод найгасан, бишрэм үзэсгэлэнт гайхамшигт загвар хийцтэй эдгээр цэцэрлэгүүд ЮНЕСКО-ийн дэлхийн өвд “Сонгодог Сужоу цэцэрлэгүүд” хэмээн бүртгэгджээ. Үнэхээр ч ЮНЕСКО-ийн мэргэжилтнүүдийн “Өөр хаана ч Хятадын уламжлалт сонгодог маягийн цэцэрлэгийн хэв загварыг одоо хүртэл хадгалсан ийм гайхамшиг байхгүй, газар дээрхи диваажин л гэлтэй” гэж үнэлсэнтэй санал нийлэхгүй байхын аргагүй ээ.
Усан дээрхи романтик хот Венецэд очих мөрөөдөлтэй нэгэн би бээр өнгөрсөн намар Хятадын Венецид зочлох боломж олдсон юм. Энэ аялалаар 耦园Couple’s retreat garden цэцэрлэг,留园 Lingering garden цэцэрлэг, 拙政园 Humble administrator’s garden цэцэрлэг, 木渎古镇 Му Ду хотхоноор зочилсон.
Галт тэрэгнээс буунгуут л 耦园Couple’s retreat garden цэцэрлэгийг зорьсон. Энэ цэцэрлэг 2000 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвөөр бүртгэгджээ. Цэцэрлэгийн нэрний 耦 ханз нь эхнэр нөхрийг илэрхийлсэн эртний ханз гэж хөтөч маань тайлбарлан, нэгэн сурвалжит ноён алтан гургалдайн хоолойт, үзэсгэлэнт эхнэртээ зориулан барьсан түүхийг нь өгүүллээ. Хэдэн зуун жилийн өмнөх гайхамшигт хайрын түүхийг өнөө үед хүртэл мөнхлөн өгүүлэх энэ цэцэрлэг үнэхээр биширмээр. Төрөл бүрийн цэцэгс, мод, нуур цөөрөм, цэцэрлэг баригдсанаас хойш одоог хүртэл ургасаар байгаа зуу зуун жилийн настай аварга том моднууд гээд л. Зуны саравчинд нь яг л эрт үед цэцэрлэгийн эзэн, дуучин бүсгүй ингэж суудаг байсан болов уу гэмээр бүсгүйчүүд хятадын үндэсний хөгжмийг хөгжимдөн, дуу дуулна.
Цэцэрлэгийн хаалган дээрээс яг л мөрөөдлийн Венецдээ байгаа мэт усан дээрхи барилгуудын дундуур завиар зугаалав. Нэг л тийм амар амгалан, ер бусын мэдрэмж. Сэлүүрчин настай эмэгтэй дуу дуулан, зургийг нь дарахад инээмсэглэж,, хуруугаа гозойлгон пооз авч биднийг хөгжөөнө.

Аялалын дараагийн зогсоол 留园 Lingering garden цэцэрлэг байлаа. Энэ цэцэрлэг 1997 онд буюу “Сонгодог Сужоу цэцэрлэг”-үүдээс хамгийн эрт ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад орсон байдаг. “Дөрвөн улирлыг нэгэн дор харах боломжтой цор гахц газар энэ шүү дээ” гэж хөтөч маань хэлэв. Нээрээ л цэцэрлэгээр зугаалж явахад нэг хэсэгт нь цэцэг ногоо найган байхад нөгөө хэсэгт нь шарлаж гундсан байх нь сонин. Бараг 400 жилийн өнө эртний түүхтэй энэ цэцэрлэгт байгалийн хад чулуу, өнгөлөг цэцэгс, хулсан төгөл, алтан загас чуулсан цөөрөм, манайхны мөнгөний мод гэж нэрлэдэг мод л болов уу гэмээр бонсай хэмээх мод бий. Би энд л анх удаагаа алтан загасыг нэг дор, ийм олноор нь харсан.

Одоо木渎古镇 Му ду хотхоноор аялах цаг. Хятадын хамгийн алдартай эртний хотхон Му Ду нь 2500 гаруй жилийн түүхтэй гэхийг сонсоод үнэхээр алмайрсан. Яаж ийм урт удаан жилийн түүхэнд ийм янзаар нь хадгалж авч үлдэж чаддаг байна аа?

1983 онд чМуду эртний хотхон нь Тайху голын заавал үзэх үзэсгэлэнт 13 газрын нэгээр нэрлэгдсэн, түүнээс хойш маш олон кино зураг авалт хийгдсэн байна. Энэ хотхоноор зугаалж явахдаа “Бадалмлянхуа” цэцэгтэй маш их тааралдсан. Шавар намган дээр ургадаг хэрнээ цав цагаахан, ариунаар туяаран байдаг энэ цэцгийг “Бурхны цэцэг” хэмээн хүндэлдэг билээ.

Мэдээж, үзэсгэлэнт Сужогийн алдарт эртний хотхонд сонгодог Хятад хэв загварын барилга, павилионууд, төрөл бүрийн өнгөлөг цэцэгс, модот төгөл, нуур цөөрөм бүгд бий. Мөн хятад хийцийн бэлэг дурсгалын зүйл, торго, эд зүйлс тэргүүтнийг худалддаг жуулчны худалдааны гудамж нь том бас сонирхолтой.
Үүний дараа бид Сужоу хотын музейг зорьсон. Энэ музейн барилга нь дахин давтагдашгүй өвөрмөц дизайнаараа алдартай. Дэлхийн хамгийн гоё дизайнтай музейн нэгээр нэрлэгддэг гэхээр зүгээр нэг музей гээд очихоосоо цааргалж болохгүй байгаа биз. Миний хувьд музей ийм гайхалтай байж болно гэдгийг өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй. Маш орчин үеийн, абстракт ч гэмээр. Мэдээж музейн үзмэрүүд ч баялаг бөгөөд дэлгүүр нь хямд хэрнээ содон сонин сувинерүүд худалдаалдаг.

 Сужоугийн аялалын эцсийн зогсоол 拙政园 Humble administrator’s garden цэцэрлэг. 1997 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвөөр бүртгэгдсэн.
Аялалын төгсгөлд бүгд л ядардаг, ялангуя хэд хэдэн цэцэрлэгээр зугаалсны дараа ахиад л цэцэрлэг гэхээр. Үнэхээр автобусандаа үлдмээр болтлоо ядарсан ч шинэ зүйл үзэх хүсэл минь дандаа дийлдэгт талархъя.

Гайхамшигтай нам гүм, аз жаргал мэдрэгдсэн цэцэрлэг. Цэцэрлэгийн голд, ногоон зүлгэн дундах өнгөлөг цэцэгсээр нямбайлан хүрээлсэн бяцхан цөөрөм, өвс цэцгээр сүлжиж хийсэн саравч, өхөөрдөм үрсээ дагуулан зугаалж яваа жаргалтай гэр бүл. Яг энд цаг хугацаа зогссон мэт хэн ч юунд ч яарахгүй, адгахгүй, яг одоогийн цаг мөчдөө аз жаргалтай, тийм гэж тодорхойлох аргагүй тайван, амгалан байхыг өмнө нь мэдэрч байгаагүй ч юм шиг. Диваажин л ийм байдаг байх.

 Н.Батчимэг  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100