CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

“Нар монгол”

06-29-2017 14:42

Цуврал №2
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 
Өмнөх дугаартаа бид БНСУ-д байдаг монгол сургуулийн тухай сурвалжилсан бол энэ удаа БНХАУ-ын нийслэл Бээжинд үйл ажиллагаа явуулдаг цорын ганц монгол цэцэрлэгт зочиллоо. Хятад бол 56 үндэстэнтэй, 1.4 тэрбум орчим хүнтэй том гүрэн. Хүн амын олонх нь буюу 90 гаруй хувь нь хан үндэстэн бөгөөд үлдсэн нь жижиг үндэстэн. Энд солонгос, орос, казах хүмүүс ч багтдаг. Үндэстэн бүр өөрийн соёл, уламжлал, түүхтэй. Гэхдээ тэднийг нэг л зүйл нэгтгэдэг. Энэ бол хятад хэл. Өдийгөөс долоон жилийн өмнө Бээжинд цэцэрлэг байтугай монгол гэх тодотголтой зүйлс цөөхөн байсан гэдэг. Энэ үед эх хэлээ түгээн дэлгэрүүлэх, монгол ахуй, уламжлалыг таниулах, өв соёлоо хадгалах зорилго өвөртлөн Бээжин хотноо “Нар монгол” цэцэрлэг байгуулагджээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Л.Наранговио өөрийн гэсэн цэцэрлэгтэй болохыг хүсдэг байсан ч яг ийм цэцэрлэг байгуулна чинээ санасан нь үгүй. Гэтэл хэд хэдэн эцэг, эх түүнийг монгол ахуй, уламжлалаа хадгалсан, хүүхдүүдэд монгол хэл заадаг цэцэрлэг байгуулахыг санал болгожээ. Тэр ч бүү хэл цэцэрлэг нээсэн эхний өдөр л хүүхдээ дагуулаад очихоо мэдэгдэж. Тэрбээр энэ үгэнд урамшин, монголчууд хамгийн олон байдаг Төвийн үндэсний их сургуулийн ойролцоо цэцэрлэгийн байр хайсан ч олдсонгүй. Харин цэцэрлэг байгуулах сургаар л түүнийг нэгэн ээж, хүүхэдтэйгээ харуулдах болж. Тиймээс түүнд буцах эрх байсангүй. Ингээд багагүй хугацаанд эрэл сурал болсны эцэст өнөөгийн байраа түрээслэн 2010 оны аравдугаар сарын тэр нэгэн өдөр цэцэрлэгийнхээ нээлтийг хийжээ. Эхний өдөр гуравхан хүүхэдтэй хичээлээ эхэлсэн байна. Тэр тэднийг цөөн гэж гололгүй харин ч тулгын гурван чулуу хэмээн бэлгэшээж байв. Өдгөө тус цэцэрлэг 2-6 насны 30 гаруй хүүхэдтэй. Хүүхдүүдийн нас харилцан адилгүй учраас манайх шиг бүлэг болгож хуваадаггүй, холимог насны нэг л ангитай. Орчин үеийн боловсролын тогтолцоо ч насны ангилалд төдийлөн ач холбогдол өгөхөө больсон. Насны зөрүүтэй хүүхдүүд нөгөөгөөсөө суралцаж байдаг учраас энэ нь ч тэдний давуу тал биз. Тэд энэ хугацаанд 60 орчим хүүхэд төгсгөжээ. Түрүүч нь сургуульд орсон ч гэлээ хичээлийнхээ зав зайгаар ирж, монгол хэлээ давтдаг хэвээрээ.


Л.Наранговио “Бээжин хотод найман муж газрын 100 мянга гаруй монголчууд амьдарч байна. Гэтэл энд манайхаас өөр монгол цэцэрлэг, сургууль бол бүр ч байдаггүй. Бичиг үсэг, монгол ахуй, соёлоо хойч үедээ уламжлахад улам бүр л хэцүү болж байна. Харин манай цэцэрлэгт монгол соёлдоо хайртай хүмүүс хүүхдээ авч ирдэг. Энэ хавийн байр Бээжиндээ үнэтэйд тооцогддог. Хүүхдээ манайд сургахын тулд хотын нэг захаас нөгөө зах руу нүүн ирж, байр түрээслэн амьдарч байгаа гэр бүл нэгээр тогтохгүй” гэв. Үндэстнийхээ соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлж байгаа гэдгээрээ төрөөс дэмжлэг хүртэх боломж бий ч хараахан албан ёсны болж чадаагүй учраас тэр бүх зүйлийг нуруун дээрээ үүрч яваа. Гэсэн ч 2020 оноос өмнө сургууль байгуулах зорилго тавин ажиллаж буй. Цэцэрлэгийнхээ тоосго бүрийг тэр өрөөгүй ч түүнтэй дүйм их ажлыг хийж, цэцэрлэгээ өдий зэрэгтэй болгосон. Эл цэцэрлэгт хүүхдээ сургахын тулд Хөх хот, Шилийн гол, Ордосоос ч ирдэг эцэг, эхчүүд бий гэсэн.
Ойр орчимд нь олон цэцэрлэг байдгаас би тус цэцэрлэгийг олох гэж багагүй будилсан. Харин хашаанд нь байх монгол гэрийг харснаар цэцэрлэгийг олсон юм. Хүүхэд байгаа газар хэзээд нам гүм байдаггүй хойно хүүхдүүд шуугилдацгааж, тэдний дууг давах гэж би ч хэрэндээ л хичээв. Хүүхдүүд монгол, хятад хольж ярьцгаана. Б.Болормаа багш “Хятадаар ярихгүй шүү. Монголоор яриарай” гэснээр хүүхдүүд монголоор ярих ч эргээд л хятадаар ярьж харагдана. Монгол гэр барьсны учир нь тус цэцэрлэг долоо хоногийн нэг өдрийг онцгойлон монгол ахуйн өдөр болгодог гэнэ. Энэ өдөр тэд гэртээ сүүтэй цайгаа ууж, монгол хоолоо идэн, алаг мэлхий өрөн тоглоцгоодог. Мөн тус цэцэрлэгийнхэн жил бүрийн Цагаан сарыг угтан эцэг, эхчүүдэд юу сурсан мэдсэнээ тайлагнан, урлагийн тоглолт хийдэг юм билээ. Энэ жилийн тухайд хүүхдүүд 10 гаруй ястан, үндэстний соёлыг харуулсан урлагийн тоглолт зохион байгуулсан бөгөөд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт оролцсоноороо онцлог болжээ.

тоглолтыг эндээс  http://mongol.cctv.com/contantroot/c/2017/02/04/517e891b-87ff-4112-9bd8-557ce800966a.html


Тус цэцэрлэгт охин нь гурав дахь жилдээ сурч буй Ч.Сувд Хянган аймгийнх. Бээжинд Төвийн үндэстний их сургуулийг төгссөнөөсөө хойш энд ажиллаж, амьдарч байгаа. Хүүхдээ монгол хэл сургах ганц л зорилгоор энэ цэцэрлэгт явуулж эхэлсэн. Тэрбээр “Миний хүүхэд монгол хэлээ сурч байгаа гэж бодохоор сэтгэл дүүрэн, сайхан байдаг юм. Багыгаа ирэх жилээс явуулна. Манай хүүхэд хятад цэцэрлэгт бас явдаг. Өөрөө байнга л наашаа тэмүүлж, энэ цэцэрлэгтээ явах дуртай” гэв. Хятад цэцэрлэгүүд сургуулиас дутахгүй хүүхдүүдийг даалгавраар дардаг гэнэ. Тийм ч учраас элдэв даалгавраар шахдаггүй монгол цэцэрлэгтээ хүүхдүүд ч явах дуртай. Боловсролтой болгох нэрээр бид ч заримдаа хүүхдийнхээ хүүхэд насыг гээчихдэг гэмтэй.


 “Нар монгол” цэцэрлэгийн эрдэнэ нь Б.Болормаа багш. Боловсролын салбарт 20 жил ажилласан түүнд найз нь санал тавьснаар энд ажиллах болсон. Анх хүүхдүүдтэй ойлголцохгүй, үгээ хэлдэг байсныгаа дурссан нь хоёр жилийн тэртээ өнгөрсөн явдал. Одоо бол хүүхдүүд түүний үгийг торох зүйлгүй ойлгоно. Үгүй юмаа гэхэд нэг нь нөгөөдөө орчуулаад өгчих хэмжээний. Цэвэр халх аялгаар ярьдаг хүүхэд ч бий гэдгийг онцолсон. Тэрбээр хүүхдүүдэд монгол хэлийг дуу, хөгжим, шүлэг, ерөөл, магтаал, үлгэрээр дамжуулан заадаг. Өөрөө дуу хөгжмийн багш мэргэжилтэй нь түүний давуу тал. Цэцэрлэг албан ёсны зөвшөөрлөө аваагүй байгаа учраас тэрбээр мөн ажиллах визгүй. Тиймээс сард нэг удаа хилээ зорьж, тугаа тойрон, эх нутгийнхаа салхийг үнэрлээд ирдэгтээ ч дуртай. Ар Монголоос ирсэн багш хичээл заадаг гээд тус цэцэрлэг өвөрмонголчуудын дунд зэгсэн нэр хүндтэй. Бээжинд ажиллаж, амьдардаг манайхан ч заримдаа хүүхдээ авчирдаг юм билээ. “Өвөрмонгол хүмүүс монгол хэл, өв соёлыг хадгалж үлдэхийн тулд их тэмцдэг. Манай цэцэрлэгийг эрж хайгаад л хүүхдээ авчирна. Монгол хэлтэй хүн ажилладагт олзуурхдаг. Эцэг, эхчүүд эхнээсээ талархлаа илэрхийлж, хүүхдүүдээ төгстөл ажиллахыг гуйдаг. Монгол хэлээ сайн мэддэггүй томчууд хүртэл хүүхдээрээ дамжуулан хэл сурч байна. Миний хийсэн, заасан бүхэн эцэг, эхчүүдэд таалагдана. Ажиллахад урамтай, сайхан байдаг” хэмээн Б.Болормаа багш ярив. Тэрбээр мөн дуу, бишгүүр хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг. Ийн биднийг ярилцах зуур хүүхдүүд тараг ууж, төд удалгүй унтах цаг нь болцгоож, би ч тэндээс явсан юм.

  

  

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100