CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

06-26-2017 11:21

 МОНЦАМЭ агентлагийн мэдээ: Монгол улсын тав дахь ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа Улаанбаатарын цагаар 07:00 минутад орон даяар албан ёсоор эхэллээ.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдөж байна. Тэр гурван нэр дэвшигчийн төлөө 1983 санал авах байрт нийт 1.978.298 иргэн саналаа өгөх юм.
Мөн 44.700 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад "түр хасав" тэмдэглээтэй байгаа ба эдгээр иргэд өнөөдөр харьяа санал авах байрандаа амжиж очвол саналаа өгч болох юм. Өөрөөр хэлбэл, хорих ангид хоригдож байгаа, эсвэл гадаадад 60-аас дээш хоногоор зорчсон иргэн саналаа өгөхөөр ирсэн тохиолдолд "Түр хасав" тэмдэглэгээнээс гаргаж, саналыг нь авах боломжтой хэмээн СЕХ-ноос мэдээлэв.

Сонгуулийн үйл явцыг ажиглахаар олон улсын байгууллагын ажиглагчид ирээд байна. Мөн улс төрийн намуудын 17 мянган ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиглаж байна.
Нийт сонгогчдын саналын дүн мэдээг 22.00 цагаас хойш СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх ба ирцийн мэдээллийн тухайд 12.00, 17.00, 22.00 цагт СЕХ салбар хороодоос авах юм. Үүнээс нэг цагийн дараа хэвлэлийнхэнд ирцийн явцын үр дүнг танилцуулах болно.

Сонгуулийн санал авах ажиллагаа 22 цагаар дуусгавар болно.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100