CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Аялагчдад хэрэгтэй утасны аппликэйшнууд

06-26-2017 17:40

Та ухаалаг утастай л биз дээ. Тэгвэл ертөнцийг гартаа атгасан л гэсэн үг. Техник, технологи хөгжсөн энэ эрин үеийн аялагч бидэнд хөтөч, тайлбарлагч тэгтлээ  хэрэгцээтэй байхаа ч больж байна. Хэрэгтэй бүхнээ утсандаа татаад авчих. Санаа өгөх үүднээс өөрийнхөө хэрэглэдэг аппликэйшнуудыг танилцуулъя. 

Lonely planet 

Миний хамгийн дуртай аялалын хөтөч. Тухайн хот газруудын заавал үзэх болон сонирхолтой газрууд, хийх зүйлс, буудаллах буудал, нийтийн тээвэр, такси гээд байхгүй зүйлгүй аппликэйшн. Аялагчдын сэтгэгдлүүд, бүр орох тасалбар, яаж очих гээд бүх мэдээлэл бий. Очих газрынхаа хөтчийг татад авчихсан бол интернэтгүй үед ч ажиллана. Номыг нь аваад явбал бүр л сайн. Монголын тухай ном ч бас гаргасан байсныг харсан шүү.

Trip advisor

Аялагчдын дунд хамгийн алдартай аялалын хөтөч. Ямарваа аялал жуулчлалын газар, үйлчилгээ нь Trip advisor-оос шалгаруулдаг төрөл бүрийн номинациудад тэргүүлж, жагсаалтад нь орно гэдэг маш том нэр төр байдаг. Тухайлбал, Тайландын Чианмай хотыг Trip advisor-оос Тайландын шилдэг аялал жуулчлалын газраар нэрлэсэн нь тус хотын хувьд аялагчдыг татах маш том сурталчилгаа болж байдаг юм байна лээ.  Lonely planet шиг л дээр дурдсан шиг бүх зүйл бий. Мөн байду мэдлэг, яахүү форум шиг онлайн форум нь маш хэрэгтэй, мэдээлэл сайтай. Би Тайландаас Камбож явах талаар энэ форумаас мэдээлэл аваад л явж байсан.

Agoda

Зочид буудал, хостел захиалгын аппликэйшн. Хямд, үнэтэй, зэрэглэл өндөр гээд л янз бүрийн буудал, байрнуудыг төвлөрүүлсэн, бүх төрлийн валют, Visa, paypal, Alipay-ээр ч төлбөрөө төлж болно. Хэрхэн хайхаа өөрөө тохируулдаг, миний хувьд үүргэвчтэй аялагч учраас ихэнхидээ хостел буюу нийтийн байраар байрладаг. Тиймээс хайлтын үр дүнг хямдаас нь үнэтэй руу  тохируулж хайх нь олон доо. Мөн буудал захиалгын хувьд Booking.com, Hostelworld аппликэйшн түгээмэл хэрэглэгддэг. Олуулаа явж байгаа бол өрөө, байрнаас эхлээд хаус хүртэл түрээслүүлэдэг Airbnb апп тун ч аятайхан санагддаг.

Qunar

Очих газраа судалчихлаа, буудлаа захиалчихлаа. Одоо унаагаа олох хэрэгтэй, тийм ээ. Миний хувьд Qunar апп-ийг ашигладаг, бас Wechat. Харин англи хэл дээр бол Ctrip, Kayak.com, easybook.com зүгээр. Зөвхөн нислэг, галт тэрэг, автобуснаас гадна фэрри буюу завь, усан онгоцнууд ч бий. Төлбөрийг мөн л visa болон paypal-aa төлнө.

 

Maps.me

Шинэ газар очингуут догдлол, баяр хөөрийн хажуугаар төөрчих вий гэсэн айдас дандаа мэдрэгддэг шүү. Тиймээс сайн газрын зурагтай байх хэрэгтэй. Онлайн газрын зургийн тухайд Хятадад Baidu map, ерөнхийдөө google.map хамгийн шилдэг сонголт нь яах аргагүй үнэн. Харин интернэтгүй нөхцөлд ажилладаг шилдэг газрын зураг бол Maps.me. Сануулахад, интернэттэй байхдаа очих газрынхаа хөтөчийг татаж авсан байх ёстой шүү.


Uber

Такси дуудлагын аппликэйшн. Аялж байгаа улс орны нөхцөл байдлаас хамаараад тэр болгон найдвартай такси олдохгүй, залилуулах зэрэг асуудал гардаг шүү дээ. Шийдэл нь Uber болоод байна. Google map-д очих газрынхаа байршлыг хийгээд л дуудчихна гэсэн үг.

Couchsurfing

Ганц нэгээрээ аялж байгаа аялагчид аяллын хамтрагч олох, тухайн нутгийн айлд үнэгүй хонох зэрэг боломжийг санал болгодог аппликэйшн. Аялагчид ихэнхидээ нутгийн айлд үнэгүй хонох боломжийг нь ашигладаг юм байна лээ. Харин миний хувьд аялж явах үедээ зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаануудад оролцох, аяллын хамтрагч олоход хэрэгтэй санагддаг юм. Тухайлбал Камбожид Ангкор Ват-аар аялалын компаниудын хийдэг өдрийн аялалыг нутгийн залуу Couchsurfing дээр арай хямдаар зохион байгуулдгийг олж мэдсэн. Бас Тайландын Чианмайгаас Бангкок хүртэл хитч хайкинг буюу замын унаанд дайгдах хамтрагчаа хайж байсан америк охинтой бараг л хамт явах дөхсөн юм даг.

 

Энэ мэт ганцаараа аялж байсан ч ганцаардуулахгүй, маш хэрэгтэй маш олон төрлийн аппликэйшнийг олж болно. Хэрэгтэй бүхнээ утсандаа татаад авчихсан хойно мэдэхгүй газар төөрөх вий гэх айдсаа таягдан хаяад өөртөө итгэлтэйгээр аялаад байж дээ. Мэдээж, утсаа сайтар цэнэглэж, зөөврийн цэнэглэгч аваад гарахыг сануулахад илүүдэх юун. Сайхан аялаарай!


Н. Батчимэг 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100