CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

“Адал явдалд дуртай ходоод” баярлах газар Хятад

06-23-2017 15:31

Хэрэв Хятад хүн танаас “Хоолоо идсэн үү?” гэж асуувал хоолонд урих гэж байна гэж яаран битгий бодоорой. Энэ бол зүгээр л эелдэг хандаж байгаагаа илэрхийлсэн мэндчилгээний үг. Ингэж мэндэлдэг гэхээр Хятад улсад хоол, хүнс ямар чухал гэдэг нь тодорхой байгаа биз.

Бээжин хот. Нийслэл хот нь учраас түүхийн бүхий л үед эзэн хаан засаглан суудаг, энд тэндээс зочин гийчид их ирдэг их хөлийн газар байсан. Тиймдээ ч Бээжингээс газар газрын хоолны амт, өвөрмөц онцлогуудыг амталж болно. Хятадын эзэн хаадын дийлэнхи нь хойд нутгийн нүүдэлчин аймгийн хаад ноёд байсан гэдэг. Тиймдээ ч нүүдэлчдийн хоолны гол онцлог махан хоолыг ноёд хаадын гол зоог болгосон жишгийг тэд тогтоожээ. Ялангуяа Юань гүрний үед ордны зоогийн 80 гаруй хувийг хонины махаар хийдэг байсан аж. Үүний нөлөө одоо хүртэл Бээжинд тод мөрөө үлдээсний жишээ нь чанасан мах болон хонины махтай банш зэрэг юм. Түүнчлэн Эзэн хаан Хятадын өнцөг булан бүрээс шилдэг тогооч нарыг ордондоо авчран ажиллуулдаг байсан ч гэх. Чухам ийм учраас “Нийслэлийн зоог” гэж тусгайлан нэрлэж болохуйц олон төрлийн өнгө аястай хоолны соёл бий болсон байна . Хамгийн их нөлөө үзүүлсэн муж, аймаг нь Шандунь аймаг юм. Газарзүйн байрлалын хувьд Бээжинтэй хамгийн ойр учраас Шаньдунчууд Бээжинд ирэн хоолны газар нээж, худалдаа наймаа хийдэг байжээ. Хонины махыг түргэн болгох, амтлах арга технологи нь Шаньдунаас гаралтай ба түргэн хоол, бүр сонгино хэрэглэх заншил хүртэл Шандуньчуудаас дэлгэрсэн гэж үздэг. Хэтэрхий баялаг “гал тогоо”-той Хятад улсын төв болсон Бээжинд заавал амтлаарай гэж зөвлөх хоол хүнс үнэхээр тоолж барамгүй олон. Тиймээс олонхи гадаад жуулчдын үнэлэмжээр заавал амсах ёстой хоол гэж зөвшөөрөгдсөн зоогуудыг танилцуулъя.

北京烤鸭Бээжин шарсан нугас
Энэ нь Бээжингийн хамгийн алдартай, хүндэтгэлийн зоог юм. “Бээжин нугас идээгүй бол Бээжинд очсон гэж ярих хэрэггүй” гэдэг үг хүртэл бий. Бэлтгэх арга технологи нь ч тусгай, өвөрмөц. Сайн чанарын нугасны махыг анхилуун үнэрт жимсний модоор утаж гадна талыг нь шарлатал нь шарна. Бэлэн болсон нугасыг өргөст хэмх, чихэрлэг буурцагны соус буюу жан, нимгэн гурилын хамт олгодог. Бээжин нугасаар төрөлжсөн зоогийн газруудыг Бээжингийн хаанаас ч олж болно, хүсвэл авч явахад зориулан бэлтгэсэн төрөл бүрийн нугасыг дурын дэлгүүрээс авч яван гэрийнхэндээ амтлуулж ч болно.

火锅Халуун тогоо
Анхандаа халуун тогоо нь зөвхөн зэс тогоонд хийгддэг байжээ. Халуун тогооны хоолны гол материал нь төрөл бүрийн мах, олон төрлийн ногоо. Ширээн дээр өрөөстэй мах, ногооноос өөрийн амталгаанд тааруулан өөрөө хийж иддэг болохоор зөвхөн хятад хүмүүсийн ч гэлтгүй гадаадуудын ч дуртай хоолны нэг юм. СыЧуан мужийнхан халуун тогооны хоолонд их дуртай, тэнд ч их дэлгэрсэн болохыг тус мужийн залуустай хамт аялж явахдаа анзаарсан.  

豆浆Шар буурцгийн сүү
Хятад хүмүүс эртнээсээ тариа тарьж амьдардаг байсан учраас үхрийн сүүтэй харьцангуй хожуу танилцсан байдаг. Үхрийн сүүг орлож байсан шар буурцгийн сүү нь 300 гаруй жилийн түүхтэй, одоо ч Бээжингийн иргэдийн өглөөний цайны гол орц хэвээр байсаар байна.

Цагаан будааны бялуу
Бээжингийн хамгийн онцлогтой уламжлалт хоолны нэгээр цагаан будааны бялууг нэрлэхэд буруудахгүй биз. Улаан, шар, цагаан давхаргаас бүрдсэн уг бялууны гадуур шар буурцгийн гурил цацсан байдаг. Хятад нэр нь “Илжигний ороомог” гэсэн утгатай нь сонин.

煎饼Хачиртай бин
Мэдээж, аялагчдын хувьд газар газрын хоолны хамгийн чухал зүйл нь түргэн хоол. Тэгвэл Бээжингийнх煎饼 буюу Монголчилвол хачиртай бин. Хэд алхаад л тааралдах гудамжны хоолны мухлагуудын алинаас ч олж болно. Нүдэн дээр грилл маягийн халуун төмөр хавтан дээр шараад өгөхийг нь харах ч сонирхолтой шүү. Илчлэг ихтэй, шарсан хуурсан хоол учраас эрүүл хоол гэж хэлж болохгүй ч үнэхээр амттай.

Цаашлаад илжигний махтай бургер, шөл, гахайн гэдэс дотор, төрөл бүрээр боловсруулсан шар буурцгийн бяслаг буюу дүпү, сармисны гол, далайн амьтад гээд л нэрлээд байвал хэдэн боть ном бичих биз ээ.

Жижигхээн зөвлөмжүүд:

Хятад хоол гэхээр л хамгийн түрүүнд этгээд, сонин гэсэн бодол толгойд орж ирж байгаа биз. Үнэндээ ч тийм. Анх ирээд хоолны амт нь нэг л этгээд санагдаад, дандаа идэж чадахгүй хоол сонгон азгүйтдэг байснаа санаж байна. Тиймээс адал явдалд дургүй ходоодтой аялагчиддаа өөрийнхөө туршлагаас зөвлөхөд 牛肉面 буюу үхрийн махтай шөл, 西红柿炒鸡蛋 буюу улаан лооль, өндөгтэй хуурга, 牛肉炒饭 будаатай хуургатай төстэй амттай,木樨肉 мөөгтэй хуурга,饼 буюу төрөл бүрийн бин идээд яваад байвал амтлах мэдрэхүйгээ нэг их цочроохгүй байж чадах болов уу.

Бас Хятадуудын хувьд өглөөний цай хамгийн чухал учраас өглөө 5 цагаас эхлээд л хямдхан, амттай өглөөний цайг хаанаас ч олж болно. Голдуу гахайн махтай мантуун бууз, банш, 油条 боорцог, 鸡蛋汤 өндөгтэй шөл, 米粥 будааны зутан байна. Эдгээрийг эрүүл хоол гэж үздэг. 早餐好,午餐包,晚餐小 буюу өглөөний цай эрүүл, өдрийн хоол дүүрэн, оройн хоол хөнгөн байх ёстой гэсэн үг ч бий.

Өө бас, оройдоо 串 буюу жижигхэн мухлагаас эхлээд гайгүй зоогийн газрын гадаа хүртэл байх шорлогны газарт сууж үзээрэй. Мөөг сармиснаас эхлээд хонины махтай шорлогууд амтлан, нутгийн пиво шимэнгээ орчин тойрноо харж, Хятад хүмүүсийн ааш аяг, онцлогийг анзаарах сайхан боломж шүү.

Эцэст нь Бээжинд ирсэн л бол foodie tourist биш байсан ч 王府井小吃大街 заавал орж үзээрэй. Зориг байвал амьдаар нь арвагануулаад шараад өгдөг аалз хорхойг ч амсаад үзэхэд илүүдэх юун. Зориг хүрэхгүй бол зургийг нь аваад хүмүүсийг гайхашруулж ч болно шүү дээ.

  

Хятадын газар нутаг өргөн уудам, газар бүрийн хоол өөр хоорондоо адилгүй, ийм онцлогтой, амт, үнэртэй гээд яг таг тодорхойлох ч боломжгүй хэтэрхий баялаг. Тиймдээ ч “Адал явдалт дуртай ходоод”-ыг баярлуулъя гэвэл Хятад яг тохирох газар.

Н.Батчимэг 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100