CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Дэлхийг өөрчлөх хүсэлтэй Монгол хөвгүүд

06-22-2017 13:42

Цуврал №1


Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ


Их хөлийн газар болох Солонгосын хаа нэгтээ таарсан бол монгол гэхээргүй харагдах энэ охиныг М.Марал гэдэг. Гадаадад албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Монголын цорын ганц бүрэн дунд сургуулийн VII ангийн сурагч. Тэр хэзээ ч Монголд очиж байгаагүй. Тиймээс тэр ирсэн хүн бүрээс Монголын тухай сониучирхан асуудаг. Хариулт нь өсөж, торнисон Солонгос улсаас нь тэс өөр, бохир, заваан, хөгжилгүй гэхээс хэтэрдэггүй. Гэсэн ч тэр чухам яг юу нь өөр вэ гэдгийг мэдэх хүсэлтэй. Сургуулийн багш нар болоод цахим хуудаснаас авсан мэдээллээр нь Монгол маш өргөн уудам газар нутаг, цэлийсэн хөх тал, байгалийн баялаг ихтэй орон. Анх аав, ээж нь Орост байхдаа том охиноо төрүүлж, нэг нас хүрэхэд нь Монгол руу явуулжээ. Харин Марал Солонгост мэндэлсэн. Хорвоо дээрх цорын ганц эгчтэйгээ нүүр тулж уулзаж байгаагүй. Өдөр болгон дүрсээ харж ярьдаг ч энэ нь түүнд хангалтгүй санагддаг. Тийм ч болохоор тэр ангийнхаа эгчтэй, түүнтэйгээ хамт амьдардаг хүүхдүүдэд учиргүй их атаархдаг. Анх солонгосоор хэлд орсон түүнийг аав, ээж нь монгол хүн эх хэлээрээ ярьж чадахгүй байж болохгүй гэснээр энэ сургуульд явах болж, одоо бага зэрэг аялгыг эс тооцвол монголоор чөлөөтэй ярьдаг болжээ. Монгол сайн хөгжөөгүй, ажиллаж, амьдрахад  хэцүү гэж ойр тойрныхон нь түүнд хэлсэн тул тэр хэзээ нэгэн цагт очихдоо зөвхөн аялана гэсэн юм. Марал шиг Монголд нэг ч удаа очиж үзээгүй, тэр байтугай монголоор ярьж чадахгүй хүүхдүүд БНСУ дахь Монгол сургуульд цөөнгүй бий. Хэдий тэд хэний ч өмнө эргэлзэлгүйгээр “Би монгол хүн” гэж хэлж чадах ч эх орныхоо талаар төдийлэн мэддэггүй. Хэрэв ийм сургууль байгаагүйсэн бол тэд өнөөдөр монгол хүн гэдгээ ч мартсан байх биз. Тиймээс хилийн чанадад монгол хүүхдүүдийн төлөө 20 орчим жилийн тэртээ энэ сургуулийг байгуулсан Ю Хэ Гын эрхэмд талархмаар.
 1999 он. Солонгосыг зорих их нүүдэл Монголд ид хүчээ авч байсан үе. Монголчууд өр, зээл тавин байж Солонгост ирж, тэрийгээ дараад, гэр бүлийн хүнээ, дараа нь үр хүүхдүүдээ татах болжээ. Хэл ус мэдэхгүй хүүхдүүд сургууль, цэцэрлэг гэхээсээ илүү ээж, аавыгаа ажилдаа явсан хойгуур нь урт өдрүүдийг тоглож наадан өнгөрүүлнэ. Хэсэг хүүхэд өдөржин гудамжинд харж хандах хүнгүй тоглож байхыг харсан сүмийн номлогч эхэндээ тэднийг гудамжны өнчин хүүхдүүдтэй андуурсан гэдэг. Харин хүүхдүүдтэй ярилцсаны эцэст Монголоос ирсэн гэдгийг нь мэджээ. Ийн тэрбээр монгол хүүхдүүдэд сургуульд орох замыг нь нээж, солонгос хэл заах болж. Солонгост гадаадууд тодорхой хугацаанд зорилго тавин ирж, ажиллаад л нутаг буцдаг бол монголчууд өдгөө ч нүүдлийн хэв маягаа хадгалж, нүүдэллэсээр байгаагийн нэг илрэл нь энэ хэмээн тус сургуулийн удирдлагууд онцолсон.
Анх найман хүүхэдтэй гараагаа эхэлсэн сургууль эхэндээ сүмд, дараа нь контейнерт хичээллэдэг байжээ. Харин гурван жилийн өмнө олон хүний хандив, тусламжаар биеийн тамирын талбай, урлагийн заал бүхий орчин үеийн жишигт нийцсэн сургуультай болсноор өдгөө 300 орчим сурагч, 20 гаруй багштай үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдүүдээ шаардлага хангасан сургуультай болгох гэж сургуулийн удирдлага, эцэг, эхчүүд чадах ядахаараа мөнгө хандивласнаас гадна нүүлгэлт, цэвэрлэгээ гэх мэт өөрсдийнхөө хийдэг ажлын хүрээнд тусалцгаасан гэнэ.
 Багш нарын олонх нь монгол бөгөөд гар урлал гэх мэт хөгжүүлэх хичээлийн багш нар нь л солонгос. Эдгээрээс бусад хичээл монгол хэлээр, манай сургалтын хөтөлбөрөөр, тэр бүү хэл монгол сурах бичиг ашигладаг. Зарим хичээлийг Солонгост магистр, докторантурт суралцаж байгаа хүмүүс ирж, цагаар заадаг гэнэ. Түүнчлэн тус сургууль Монголын боловсролын мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй, хүүхдүүдийн шилжилт хөдөлгөөний талаарх бүхий л мэдээлэл байдаг төдийгүй эндээ суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодог. Мөн улсын шалгалтыг Монголын сургуулиудын жишгээр яамнаас ирсэн материал ашиглаж авдаг гэнэ. Хүүхдүүдийн зарим нь төгсөөд Монголдоо очиж сурдаг бол солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч, Солонгосын их, дээд сургуульд элсэх нь ч бий.
 Бороо шивэрсэн тийм гэхийн аргагүй намуухан өглөө Сөүлийн нэг захаас нөгөө зах руу тус сургуулийг зорин метрогоор хоёр цаг орчим явж, зорьсон газраа хүрсэн юм. Хүүхдүүд өглөө хичээл эхлэхийн өмнө коридортоо цуглан, төрийн дуулалаа дуулах нь омогшиж, бахармаар аж. Солонгосын тэнгэрт Монголын төрийн дуулал монгол үрсийн цовоо дуугаар эгшиглэнэ.
Манай сургуулиуд ихэвчлэн хоёр ээлжтэй, зарим нь бүр гурван ээлжээр хичээллэдэг бол эндхийн сургуулиуд нэг ээлжтэй. Солонгост үйл ажиллагаа явуулдаг монгол сургууль ч мөн адил. Хэдий хүний нутагт ч гэлээ Монголоос сайхан нөхцөлд сурч байгаа хүүхдүүдэд бага зэрэг атаархах сэтгэл төрсөн. I, II ангийнхны хичээл 9.30, бусад ангийнхных нь 8.30 цагаас эхэлж, орой 17.00 цаг хүртэл сургууль дээрээ байрлах боломжтой юм билээ. Сургуулиас өдөр их завсарлагаанаар хүүхдүүдэд үдийн хоол өгдөг. Хоол нь халуун ногоо багатай, монголжуу амттай.
Хажуугаар зөрсөн хүүхэд бүр “Сайн байна уу эгчээ” гэж мэндэлнэ. Тэд өмнө нь надтай уулзаж байгаагүй. Анх удаа зөрөх төдий тааралдахад ийн мэндлэхэд нь би эхлээд гайхсан. Харин дараа нь тэд хүн бүрийг хүндэтгэж харьцахын чухлыг ийм эрт ухаарчээ гэдгийг ойлгосон. БНСУ дахь Монгол сургууль 2005 онд тухайн үеийн БСШУЯ-наас тусгай зөвшөөрөл авсан юм билээ. Тус оноос IX анги төгсгөж, энэ жил хоёр дахь удаагаа XII анги төгсгөж буй. Нийт 153 сурагч төгсгөжээ. Анхны төгсөгчид аль хэдийнэ нийгэмд байр сууриа олж, Монголд өөрийн компанитай хүртэл болцгоосон гэнэ.
Эл сургуульд хамгийн удаан буюу 12 жил ажиллаж буй бага ангийн багш Б.Мөнгөнцэцэг “Хоёр, гурван жилийн өмнө манай сурагчдын тоо эрс цөөрсөн. Эцэг, эхчүүд “Монгол маань сайхан болж байна. Бид ч бас сурсан мэдсэнээ эх орондоо үлдээе. Бүтээн байгуулалтад гар бие оролцоё” гээд нутаг буцсан. Гэтэл энэ жилээс эргээд ирэх боллоо. Түүнчлэн залуу хосууд сурч, ажиллахаар хүүхдээ дагуулж ирж байна. Манайх I-XII ангийн тус бүр нэг бүлэгтэй. Анх зарим бүлэг ганц, хоёрхон сурагчтай байх үе байсан. Одоо нэг бүлэг хамгийн багадаа 17, ихдээ 30 хүүхэдтэйгээр хичээллэж байна. Сүүлийн үед Солонгост төрсөн, Монголд очиж үзээгүй, төсөөлөлгүй, тэр ч байтугай монголоор сайн ярьж чадахгүй хүүхдүүд олон болсон” гэв.
Солонгост амьдардаг монгол хүүхэд бүр тус сургуульд сурах боломжтой бөгөөд жилийн төлбөр нь 1.5-1.6 сая вон. Түүнчлэн өөр хотод амьдардаг хүүхдүүдэд зориулсан дотуур байр ч бий. Энд 6-18 насны хүүхдүүд нэгэн гэр бүл болон аж төрдөг. Гэхдээ хүүхдүүдийг эцэг, эхтэй нь уулзуулж байх үүднээс амралтын өдөр дотуур байр ажилладаггүй. Мөн сургуулийн дэргэд цэцэрлэг үйл ажиллагаа явуулаад найман жил болж байгаа юм билээ. Зарим хүүхдийг 24 цагаар хардаг гэсэн. Өдгөө 3-5 насны 16 хүүхэдтэй. Багш нарын олонх нь солонгос хүмүүс бөгөөд хүүхдүүдэд олон төрлийн сургалт явуулахаас гадна тэвэрч өгдөг гэдгийг онцолсон. Багшийн биш эхийн сэтгэлээр хандаж байгаа нь энэ аж.
“Монгол хэл 35 үсэгтэй. Эгшиг 13, гийгүүлэгч 20, тэмдэг үсэг хоёр гэж гурав ангилна” хэмээн нэгэн дуугаар унших хүүхдүүдийн дуу ангийн гаднаас цуурайтна. Явж орвол Д.Амаржаргал багш дөрөвдүгээр ангийнханд монгол хэлний хичээл орж буй аж. Багш шүлэг хэрхэн бүтдэг талаар тайлбарлаж, хүүхдүүд мэддэг шүлгээ уншиж, шүлэг дээр гарсан нутаг ус хаана байдгийг Монголын газрын зураг дээр заалаа. Ийн “Монголынхоо нийслэл Улаанбаатар хотыг харцгаая” хэмээн дэлгэцэнд нийслэлийн зургийг харуулахад хүүхдүүд нэгэн зэрэг биширсэн өнгөөр дуу алдав. Сүхбаатарын талбайн өмнүүр алхах цэргийн сүрт жагсаалыг хараад хүүхдүүд багшаасаа “Дайн болж байгаа юмуу” гэв. Багш томоохон баярын өдрүүдэд цэргийн сүр хүчээ ийн гайхуулдагийг ярьж өглөө. Үүний дараа номин ногоон тал дээр зурайх шороон замыг харсан хүү “Энэ замыг УАЗ-469 машин л туулна даа” хэмээхдээ бусдынхаа мэдэхгүйг хэлчихсэн мэт дээгүүр харан сууна. Нээрээ ч ийм машиныг мэдэх хүүхэд энд цөөхөн юм шиг санагдсан. Монголд очиж үзсэн хүүхдүүд хэрхэн аялсан, машин нь замдаа эвдэрч, танихгүй хүмүүс тусалсан тухай, хөдөө нутгийн тухай, таван хошуу малын тухай яриа цааш хөврөв.
Тус сургуулийн зорилго нь эх орондоо хэрэгтэй хүнийг бэлтгэх, Монгол хүн болж төрснөөрөө бахархах үзлийг төлөвшүүлэх гэсэн. Учрыг асуухад хүүхдүүд төдийгүй томчуудад эх орноо муулах хандлага их байдаг гэнэ. Тиймээс багш нар солонгос хүмүүс болоод Монголын талаар төсөөлөлгүй хүүхдүүдэд буруу сэтгэгдэл төрүүлэхээс сэргийлж тэдэнд аль болох зөвөөр тайлбарлахыг хичээдэг байна. Арга ядсан үедээ “Монгол маань хөгжиж байгаа улс. Энэ мэт асуудлууд байхаас аргагүй. Үүнийг засах хүмүүс нь та нар” гэж хүүхдүүдэд хэлдэг аж. Тэрчлэн тус сургууль Монгол бахархлын өдөр, Тусгаар тогтнолын өдөр, наадам зохион байгуулж, монгол соёл, уламжлалыг сурталчилдаг юм билээ.


Монголоо, дараа нь дэлхийг өөрчлөх хүсэлтэй хөвгүүд


Монголд нэг ч удаа очиж үзээгүй бага ангийн хүүхдүүдээс Монголын талаар юу мэдэхийг нь асуухад зарим нь солонгос, монголоор хольж ярьж байсан юм. Тэд “Монголд цас их ордог, олон морь байдаг. Бас их шороотой гэсэн. Монголд очиж үзмээр байна. Та гэрт амьдарч үзсэн үү. Хэзээ Монгол явах вэ. Монголын хөдөө шороо байдаггүй хэрнээ хотод яагаад шороо байдаг юм” гэж эргээд намайг асуултаар “булсан”. Харин Монголд сурч байсан хүүхдүүдийн хувьд “Монгол, Солонгос сургуулийн сурах орчин, багш нарын хувьд ялгаатай. Энд цөөхөн хүүхэдтэй учраас багш хүүхэд бүртэй тулж ажилладаг” гэсэн юм.
Солонгосын хөдөлмөрийн тухай хуулиар 16 нас хүрсэн хүүхэд эцэг, эхийн зөвшөөрлөөр ажил хийх эрхтэй. Тус сургуулийн X ангийн сурагч Х.Түвшин-Амгалан амралтаараа зөөгч хийдэг. Тэрбээр “Нэг цаг ажиллаад 6500 орчим вон авдаг. Харин Монголд нэг цаг ажиллахад 1900 төгрөг байдаг гэсэн. Солонгос хүмүүс мөнгийг нь авсан бол ажлыг нь хийх ёстой гэдэг бол монголчууд яаж зүгээр байж байгаад мөнгө авах вэ гэж боддог юм шиг санагддаг. Монголчууд энэ зангаа засаж чадвал шинэ Монголыг бүтээнэ. Би хичээлдээ шамдаж, сайн сураад Монголдоо очиж, Монголоо хөгжүүлнэ” гэв.
Энд ирээд зургаан жил болж байгаа, ирснээсээ хойш буцаагүй XII ангийн сурагч Т.Тэгш-Алдар төгсөөд Монголд сурахаар төлөвлөсөн. Гэхдээ тэр бага зэрэг айж байна гэсэн. Учир нь түүнд Монголд найз байхгүй. Буцаж очино гэдэг дахиад өөр нэг шинэ улсад хөл тавьж байгаатай адил. Интернэтээс авсан мэдээллээр нь бол Монгол их захгүй, замбараагүй, дээр, дооргүй юу хийхээ мэдэхгүй хүмүүсээр дүүрэн улс. “Ийм нийгэмд очоод юу хийж, яаж амьдрах вэ гэдэгтээ санаа зовж байна. Гэхдээ эх орон минь учраас амархан дасах байх” хэмээн ний нуугүй хэлэхдээ Монголыг, дараа нь дэлхийг өөрчлөхийг хүсдэгээ ч нуугаагүй. Түүний ярианаас Монголоо гэсэн, Монголдоо санаа зовсон өнгө аяс илэрхий байсан. Анх ирэхдээ тэрбээр солонгос сургуульд сураад монголоор ярьж чадахаа больчихсон аавынхаа найзын хүүхдүүдийг хараад монгол сургууль л биш бол өөр сургуульд сурахгүй, нутаг буцна гээд шийдчихсэн байсан гэсэн. Тэрбээр “Монгол хүний машин эсвэл гэр нь ямар ч тоос тортоггүй, цэвэрхэн. Гэтэл гудамжинд энд тэндгүй хог, нус, цэр, тамхины иш. Харин солонгос хүний гэр, машин нь бохир. Гэсэн атлаа гудамж нь цэвэрхэн, хүмүүс хогоо ялгаж хаядаг. Монгол хүмүүст миний гэхээс бидний гэсэн сэтгэл байдаггүй. Монгол хөгжөөд зам, талбай, барилга нь гоё болж байгаа гэсэн. Тэрнээс илүү хувь хүн бодлоо өөрчилбөл монгол амархан хөгжинө” хэмээсэн юм. Түүний үгээр нийтлэлээ өндөрлөе.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100