Дэлхийн нийслэл Бээжин
06-12-2017 14:06
Энэ бол “Бээжин хотыг би сайн мэднэ” тэмцээний үеэр хамгийн их давтагдсан үг. Тэртээ 15 жилийн өмнө хилийн дээс алхаж, Улаанбаатараас өөр том хот үзээгүй жаахан охин Бээжинд хөл тавихдаа хэзээ ч, хаана ч үзэж байгаагүй бүхнээ харж, үлгэрээс л хардаг байсан амьтадтайгаа нүүр тулж байсан бол тэрбээр одоо тэр хотдоо сурч байна. Бяцхан охины хүсэл мөрөөдлөө биелүүлэх талбар нь Бээжин. Аавынх нь захиснаар, тэрний боддогоор энэ хот бол дэлхийн нийслэл.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг монгол оюутнууд ийн төсөөлж, өдгөө тус хотод 1000 гаруй оюутан дэлхийтэй хөл нийлүүлэн алхах эрдэм, мэдлэгийг өвөртлөхөөр суралцаж байна. Тэдэнд зориулж Хятадад анх удаа, хамгийн өндөр шагналын сантай, монгол оюутнуудын мэдлэг чадвар, авхаалж самбаа, ур ухаан, авьяас мэлмийг сорьсон “Бээжин хотыг би сайн мэднэ” тэмцээнийг ХОУР-гийн монгол хэлний редакци, ХҮР-гийн монгол хэлний редакци, БМОХ хамтран өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Уг тэмцээнд Бээжингийн өнцөг булан бүрт суралцдаг монгол оюутнуудаас бүрдсэн 10 баг өрсөлдсөн юм. Тэмцээнийг нээж ХОУР-гийн монгол хэлний редакцийн дарга Гэрэлт хоёр улсын найрсаг харилцааны гүүр болгон, мөн Хятадын соёл, урлаг, уламжлалыг оюутнуудад таниулах, тэдний мэдлэг мэдээллийг тэлэх зорилгоор ийм тэмцээн зохион байгуулж байгаагаа дурдсан.
Тэмцээн гурван үе шаттай явагдсан бөгөөд багууд эхний шатанд өөрсдийн бэлтгэсэн сэдвийн дагуу илтгэл тавьсан. Багуудын сонгосон сэдэв сонирхолтой, өргөн хүрээг хамарсаныг үзэгчид төдийгүй шүүгчид олзуурхаж байсан юм. Тухайлбал, “Газар доорх шоргоолжны үүр буюу Бээжингийн метро”, “Бээжингийн олимп”, “Хориотой хот”, “Бээжин дуурь” гэх мэт сэдвүүд үзэгчдийн сонорыг мялааж, шинэ мэдээ, мэдээллээр дүүрэн байснаас гадна багууд сэдвийнхээ дагуу сайтар бэлтгэсэн нь шүүгчдийн асуултанд түгдрэхгүй хариулж байгаагаас харагдаж байлаа. Дараагийн шатанд багууд өгөгдсөн гурван зургаас нэгийг сонгон, нэг минутын хугацаанд багаараа ярилцан хариулах байсан юм. Хамгийн сүүлийн буюу гуравдугаар шатанд багууд урлагаар дамжуулан Хятадын соёл, урлаг, уламжлалыг харуулсан. Энэ шатанд монгол оюутнууд хичнээн авьяастай, шинийг сэтгэдэг, эрэлхийлдэг гэдгээ харуулснаас гадна хятад хэлний түвшингээ ч гайхуулж байсан юм. Тодруулбал, тэд хятадаар дуулж, шүлэг уншиж, тэр ч байтугай зураг зурж, бүжиглэхийн зэрэгцээ Хятадын соёл, уламжлалыг харуулсан богино хэмжээний жүжигчилсэн тоглолт хүртэл үзүүлсэн.
Ийн Хятадын ардын их сургуулийн оюутнуудаас бүрдсэн “Сондор” баг тэргүүлж 5000, “ММВ” болон “Хуучин хүрээний шинэ сэхээтнүүд” баг удаалж тус бүр 3000, гуравдугаар байранд “Kung Fu Panda”, “More light”, “Beijingers” шалгарч мөн 1000 юань болон цом гардан авсан юм. Түүнчлэн тусгай байранд дөрвөн баг шалгаруулсан. Цаашид уг тэмцээнийг уламжлал болгон явуулахаар зохион байгуулагчид ярилцаж байгаа аж.