CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Гайхмаар өвөрмөц, биширмээр үзэсгэлэнт Гуйлин

06-07-2017 12:59

Нийт газар нутгийнхаа хэмжээгээрээ Хятад улс нь дэлхийд хоёрт ордог билээ. Энэ хэрээр өөрийн гэсэн онцлог бүхий сонирхолтой байгаль, үзэмж төгөлдөр бүхэн цогцолсон байдаг. Бодоод үз л дээ, хойгуураа Өвөр Монголын өргөн тал, говь цөл, Харбины мөс цас, урагшлах тусмаа цаг агаар уярч, уул хангай нь ч өндөрссөөр ГуйЛин, Кунмины үзэсгэлэнт байгаль, өндөр уулс, ой мод, дал мод найгасан далайн эрэг…

Яг одоо гараад аялъя гэвэл хаачих вэ? Аялагчдын мөрөөдөл болсон, заавал үзэх газруудын нэгээр зүй ёсоор нэрлэгдсэн Гуйлинг桂林санал болгож байна.  

Хятадын хойд хэсгийн Гуаньши мужид орших энэ газарт л зуны халуунаас таатайгаар зугтаж, өнгө будаг цогцолсон байгалийн үзэсгэлэнг чинээндээ тултал мэдэрч чадна. Бүр 桂林山水甲天下 буюу “Тэнгэрийн доорхи хамгийн тансаг байгаль, цэнгэг ус гагцхүү Гуйлинд л байдаг” гэсэн утгатай хятад хэлц үг ч бий.

Гуйлинд очсон бол заавал үзэх газрууд
Ли голын усан онгоц, завьтай аялал
Гэрэл зурагчид гайхамшигтай байгалийн зураг авахаас эхлээд л тоочвол Гуйлинг зорих шалтгаан олон л доо. Гэхдээ хамгийн том шалтгаан нь яг энэ  усан онгоцны аялал.

Хятадын хамгийн том Ли голын завь, усан онгоцтой аялал. Цэцэг ногоо өвч бүрхсэн оюу өнгөт уулсын дундуур, мяралзан туяарах цэнгэг усаар завьтай аялана гээд төсөөл дөө.

 

 Яншуо тосгон阳朔

Гуйлингаас 65 км-ын зайд орших Яншуо тосгонд “10 милийн галерей” гэж байгалийн тусгай бүс бий. Үүгээр хулс модон завиар эсвэл хүрээлэн доторхи бяцхан галт тэргээр бүр эсвэд мопед, унадаг дугуй түрээслэн аялж болно. Өргөн уудам тал дундах тосгоны уламжлалт сууцууд, түүнийг тойрсон хөдөө газрын өнгө төрх нь амар амгаланг мэдрүүлэх шидтэй.


Зааны хошуу толгод  象鼻山

   

Нээрээ л аварга том заан хошуугаа голд дүрэн ус ууж байгаа мэт хэлбэртэй өвөрмөц толгод Таохуа болон Ли голын дундаас урган гарчээ. Зааны хошуу, их бие хоёрын дундуур завиар гарч болох ба үүнийг Саран агуй гэж нэрлэдэг.

Лимбэний агуй芦笛岩

 Энэ нь Хятадын зүүн хойд хэсгийн хамгийн алдартай, өвөрмөц тогтцоороо шагшигдсан агуй юм. Уужим том энэ агуйн хад чулуу нь байгаль эхийн бүтээсэн урлагийн бүтээл гэлтэй янз бүрийн хэлбэр дүрстэй. Арслан бараас эхлээд сүм хийдийг хүртэл хад чулуугаар байгаль эх хэрхэн бүтээснийг эндээс харж болно. Жуулчдыг гайхашруулахын тулд өнгө өнгийн гэрэлтүүлэг тавьсан нь агуйг яг л үлгэрт гардаг шидтэний болор ордон шиг үзэмж төгс болгож чаджээ.

 Долоон од хүрээлэн七星岩

 Зааны хошуут толгодын яг эсрэг талд байрлах энэ хүрээлэн нь Долоон бурхан одтой адилхан байрласан долоон өндөрлөгтэй. Гайхмаар хачин жигтэй тогтоцтой гүвээ, толгой, агуйнууд байхаас гадна цэв цэнгэг ус, мөн л үзэмжит байгаль цогцолсон дуу алдмаар өвөрмөц газар юм.

 Луугийн нуруун дахь будааны талбай龙胜梯

 Гуйлингаас 90 км-ын зайд орших энэ будааны талбай нь Хятадын өргөн уудам будааны талбайн нэг. Будаа тарьж амьдардаг Жуан, Яао үндэстнүүдийн тосгонд зочилж,  амьдралын өвөрмөц хэв маягтай танилцах боломжтой.

 

Н.Батчимэг

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100