CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Бороотой далайн тэмдэглэл

06-01-2017 17:02

Түм түжигнэж, бум бужигнасан хотын хурдан хэмнэлээс түр гарч, байгалийн сайханд нэг сайхан амьсгаа авмаар санагддаг, тийм ээ.
Бээжинд хэдийнээ зун ирж, жигнүүрт хийчихсэн юм шиг л бүгчим халуун өдрүүд үргэлжилж байна. Яг л энэ үед зах хязгаар нь үл харагдах их ус, далайн эргийн торгон элс хамгийн тохиромжтой санагдаж, Луут завины баяр тохиосон амралтын өдрүүдээр Бээжин хот дахь Монгол Оюутны Холбооны хэсэг нөхдийн хамт БэйДайХө 北戴河зорив оо. Гэтэл бидний очсон хоёр хоног бороо зүсэрчихэв. Төлөвлөж байснаараа далайн усанд умбаж шумбаж, элсэн дээр нь наранд биеэ шарж чадаагүй ч далай бол далай, уйтгарлах зав олдсонгүй. Далайд хийж болох бүхнийг л хийж, хөгжилдсөн.

Бороотой далай бүр ч гайхалтай гэж хэн нэгэн хэлвэл битгий гайхаарай. Би яг хэлэх гэж байна. Мөнхөд биенээ тольдох боловч, эгнэгт тусдаа, хэзээ ч учран золголдох боломжгүй тэнгэр газар хоёр уулзчихсан юм шиг мэдрэмж. Бороо орох үед тэнгэр, далай хоёр яг ижилхэн өнгөтэй, яг ижилхэн чийгтэй, яг л нэг зүйл шиг харагддаг. Жаахан уран сэтгэмж нэмээд хэлэхэд далай руу яваад орчихвол алхсаар байгаад тэнгэрт хүрчих ч юм шиг.

БэйДайХө нь Хятадын алдарт дөрвөн далайн эргийн нэг гэгддэг, нийтдээ 22,5 км үргэлжилнэ.秦皇岛市Чинхуангдао хотод оршдог, Бээжингээс хурдны галт тэргээр 2 цаг л яваад оччихно. Далайн эргийн жижигхэн хотын буйдхан уур амьсгал, далайн хоол, олон холхисон уушийн газрууд, далайн үзэмж…
Аялагчдын санал болгосон хэд хэдэн гол үзэх цэгүүдийг танилцуулахад老虎石海上公园 Ирвэс хадны хүрээлэн нь далайн эргийг дагасан том том хаднуудтай. Хэдэн бээрийн цаанаас ирж байгааг таахын аргагүй далайн хүчит давалгаа хад мөргөн шуугих чимээ, гайхалтай үзэмж нь БэйДайХө-д ирсэн жуулчдыг эрхгүй татдаг байна.

Инжиаоши буюу Бүргэд хад нь далайгаас 20 метр өндөрт урган гарсан хад юм. Тагтаа үүрлэдэг учраас Тагтааны үүр хад гэж ч нэрлэх нь бий. Хадан дээрхи гоёмсог энэ павилионоос нар мандахыг хараарай.

Илүү адал явдал хүсэж байвал凉粉山 Лианфэн уулыг зорьж болно. Энд 望海亭Ванхайтин хэмээх толгодын орой дээрхи павилионоос нар мандахыг харж, уулын бэл дэх Лянхуа цэцгийн хэлбэрт хаднуудын үзэмжийг бишрэн, амар амгаланг чинээнд нь тултал мэдрэхийг хүсвэл Гуанин сүмээр ч ороод гарч болно.
Нэгэнт БэйДайХө-г зорьсон бол Африкийн арслан, хар хун, Сибирийн барнууд гээд 5000 орчим зэрлэг амьтадтай Сафариг үзэж, ганц автобусанд суугаад л далай руу түрж орсон цагаан хэрэмний төгсгөлийг үзэж амралтаа аялал болгон илүү баяжуулж ч болох юм.

Мартах шахлаа, жил бүрийн хавар 3-р сарын дунд үеэс 5-р сарын хооронд, намар 9-р сараас 11-р сарын дунд үе хүртэл Сибириэс Хятадын урд хэсгийн хооронд нүүдэллэх нүүдлийн шувууд яг энд, БэйДайХө-д түр амсхийж, буудалладаг байна. Энэ үеэр тэнгэрт элин халих түмэн зүйлийн шувууд, далайн хөвөөг бүрхсэн үзэсгэлэнг харах гэж олон жуулчид ирдэг аж.


Н.Батчимэг 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100