CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Аминаас үнэтэй эх орон буюу Луут завины баяр

05-25-2017 14:49

 Энэ жилийн 端午节- ДуанВуЖие буюу Луут завины баяр тавдугаар сарын 28-нд  тохиож байна. Энэ жилийн гэсний учир нь хэдэн мянган жилийн түүхтэй уламжлалт энэ баяр яг л еэвэн сартай адил билгийн тооллоороо жил бүр өөр өдөр болдог. Билгийн тооллын тавдугаар сарын 5-ны өдөр. Ингээд Луут завины баяртай холбоотой домог түүхийг сөхье. 

战国时代Жангийн үед (МЭӨ 476) тавдугаар сарын 5-ны өдрийг “Муу ёрын өдөр” гэж үздэг байжээ. Тухайн өдөр хорт могой, хилэнцэт хорхой, жаран хөлт гээд хортон шавжууд гарч ирдэг, энэ өдөр төрсөн хүүхэд хүртэл гай зовлон авчирдаг гэж итгэдэг байв. Үүнээс үүдэн энэ өдөр гай зовлон, үхэл хагацлыг хөөн зайлуулахаар хаалган дээрээ эмийн ургамал өлгөж, эмийн ургамалтай усанд ордог зан үйл хийдэг байна.

Харин алдарт яруу найрагч, эх оронч 屈原Чү Юанийн дурсгалд зориулан тэмдэглэдэг гэдэг нь хамгийн бодитой тайлбарт тооцогддог. Тэрээр战国时代 (475-221) буюу Жангийн үед эх оронч шүлгүүдээрээ ард түмний дунд тахин шүтэгдэж байв. Цуцашгүй эх оронч тэрээр楚国Чү улс унасны дараа гарч ирсэн өөр улсад зүтгэхийг тэвчилгүй тавдугаар сарын 5-ны өдөр汨罗 Милуо голд үйж амиа егүүтгэжээ. Гунигт мэдээг сонссон хүмүүс түүнийг аврахаар завиар голыг хөндлөн гулд туулсан ч махчин загасанд мөлжүүлсэн цогцосных нь үлдэгдлийг л олсон гэдэг. Тиймээс “Луут завины баяр”-ын үеэр иддэг 粽子 Зунзи буюу хулс модны навчинд ороосон будааг дуурайлган хийж голд шиддэг заншил үүссэн байна. Мөн баярын үеэр 雄黃酒 Шионхуанжиу хэмээх хорыг илаарьшуулагч нэг төрлийн дарсыг уухаас гадна махчин загаснуудыг үргээхээр голд хийдэг болсон гэнэ.

Луут завины баяр тохиодог тавдугаар сарын 5-ны өдөр түүхэнд хэд хэдэн харамсалт үйл явдлын давхцал таардаг нь сонин. Хятадын зарим нутагт тэдгээр үйл явдлуудтай холбогдуулан тэмдэглэх нь ч бий.

江苏Жиансу, 浙江 Жэжиан аймгуудад 春秋战国 (МЭӨ 559 - 484 ) ЧүнЧиу гүрний үеийн төрийн зөвлөх, эзэнт гүрний харгис бодлогын эсрэг тэмцэгч 伍子胥Ву Зи Шү-гийн дурсгалд зориулан тэмдэглэдэг. Түүхэнд өгүүлснээр түүнийг урвагч хэмээн хилсээр яллаж, улмаар өөрийнхөө илдээр амиа егүүтгэхийг тушаажээ. Цогцсыг нь тавдугаар сарын 5-ны өдөр голд үйсэн гэдэг.

Мөн өөр нэг түүх нь 汉代 Хан гүрний үед (202 BC - 220 AD) амьдарч байсан Цао Э гэх 14 настай охинтой холбогдоно. Цао Э нэгэн тосгонд эцэгтэйгээ туйлын ядуу амь зуудаг байв. Эцэг нь өдөр бүр голоос загас барина. Нэг л өдөр өнжвөл хоосон хонох учраас аадар бороо шаагиж, аянга цахилгаан цахилсан аймшигт нэгэн өдөр эцэг нь аанай л арга буюу загасанд явжээ. Тэр өдөр нь тавдугаар сарын 5-н байлаа. Охин гэртээ өдөржин сэтгэл түгшин хүлээсээр, нар жаргаж орой болсон ч  хөгшин эцэг нь ирсэнгүй. Охин тосгоны оршин суугчдын хамт гол уруудаж, өгсөн хайсан ч олж чадсангүй. Эрэл мухардсан тосгонынхон буцацгаасан ч охин хайсан хэвээр, аавыгаа дуудан хашгирах дуу нь шөнийн харанхуйд алсарсаар… Эцгийгээ амьд мэнд, голын урсгал даган хөвж яваа гэж итгэсэн охин ус руу үсрэн оржээ. Хэдэн өдрийн дараа тосгонынхон Цао Э ч, түүний эцэг ч үхсэн байхыг нь олсон байна. Амь насаа үл хайрлан эцгийгээ хайсан ачлалт охиныг мөнхөд дурсаж, түүнд зориулан ариун сүм барисан гэдэг.

Хятадын шинэ үеийн түүхэнд ч тавдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэгдэн үлдсэн нь 秋瑾Чиү Жин (1875 - 1907) хэмээх хувьсгалч, феминист үзэлтэн, яруу найрагч, зураач, хөгжимчин тэр ч байтугай моринд эрэмгийгээрээ алдаршсан эмэгтэйтэй холбогдоно. Чиү Жин улс орныхоо төлөө амиа өргөсөн өдөр нь нэгэн цагт эх оронч үзлийн бэлгэ тэмдэг болсон яруу найрагч Чү Юанийн үхэлтэй нэг өдөр яг л энэ Луут завины баярын өдрөөр тохиосон байдаг. 

Эр зориг, эх оронч үзэл, ачлал элбэрлийн төлөө амь насаа зольсон баатруудын дууль болсон энэ баярыг чухам яаж тэмдэглэдэг вэ?

Хятадын уламжлалт баярууд бүгд өөрийн гэсэн оцлог зоогтой байдгийн адил “Луут завины баяр” ч өөрийн нэрийн зоогтой. Энэ бол 粽子Зунзи. Наалдамхай будааг гурвалжин хэлбэрт оруулан, хулс модны навчинд ороож хийдэг. Хойд нутгийнхан чавгатай хольсон будааг таашаадаг бол өмнөдийнхөн чихэрлэг шош, өндөгний шар, махаар ч шанзалдаг.  

Мөн дээр өгүүлсэнчлэн зунзиг дуурайлган хийж голд шидэх, эмийн ургамал хаалган дээрээ өлгөх болон эмийн ургамалтай усанд орох, хорыг илаарьшуулагч шидтэй дарс уух мөн түүнчлэн хүмүүс таван өнгийн торгоор зангидсан анхилуун үнэртэй уут зүүдэг зан үйлүүдийг хийнэ.

Баярын гол үйл ажиллагаа бол яах аргагүй луут завины уралдаан. Шилдэг сэлүүрчин залуус баг болон луун хэлбэртэй завиар уралдана. Ингэхдээ нэг гишүүн нь завины өмнө хэсэгт сууж бөмбөр цохин эгнээ болон сэлүүрдэж байгаа сэлүүрчдийн хэмнэлийг тааруулна. Чү Юанийн домогт өгүүлснээр луут завины уралдаан нь түүнийг голд үйж амиа егүүтгэсний дараа завиар сэлүүрдэн түүнийг хайж байснаас үүдэлтэй. Одоо энэ уралдаан нь уламжлалт нэгэн спортын үйл ажиллагаа болсон төдийгүй Вьетнам, Япон, Их Британид хүртэл жил бүр зохиогддог болоод байна. 

Луут завины баярын үеэр 3 хоногийн турш бүх нийтээрээ амардаг. Энэ үеэр баярыг нүдээр үзэж, биеэр мэдрэхийг хүсвэл дараах газруудыг зориорой.

1.ЮэЯн олон улсын луут завины уралдаан: Хунан аймгийн 岳阳市g ЮэЯн хот
2.ЗүйГүй луут завины уралдаан: 湖北Хубэй аймгийн 宜昌市Ичан хот
3.Миао олон улсын завины наадам: 贵州Гүйжоу хот
4.Ханжоу шиши луут завины уралдаан: 杭州市 Ханжоу хот, 嘻嘻西溪湿地公园 Шиши усан парк
5.Хонгконг луут завины наадам: Викториа эрэг

Н.Батчимэг

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100