CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Тэнгэр газрын зааг - ЖанЖиаЖие

05-22-2017 11:20

Урин цаг ирж, аялал амралт бодогдоод, үүргэвчээ үүрээд хаа нэг тийшээ “арилж өгмөөр” байна уу?
Ойлгож байна аа, жилийн энэ үед би ч бас тэгдэг юм. Хичээл сургууль, ажил гээч маань амьдралын чухал зүйлс байснаа байр суурь огцом доошилж “тээг, садаа” мэт санагдаж эхэлнэ гээч. Амралтаа тааруулаад аялах газрын санаа өгье.
ЖанЖиаЖие. Тийм ээ! Алдарт “Аватар” киноны үзэсгэлэнт Пандора арал!  Үлгэрийн мэт гайхамшигт энэ газар байдаг Ү Лингюань  бүс нутаг нь 1992 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр бүртгэгджээ. Дээр нь “Амьддаа заавал үзэх ёстой газар”, “Дэлхийн хамгийн гайхалтай газар” гэх мэт аялагчдын хорхойг хүргэсэн газруудын бүхий л жагсаалтад зүй ёсоор нэрлэгдсэн байдаг. Очихгүй бол харамсахаар газар байгаа биз! Аялахад хамгийн тохиромжтой үе нь хавар, зуны эхэн сар гэгддэг ч дэлхийн өнцөг булан бүрээс гайхамшгийг нүдээрээ харах гэсэн жуулчдын цуваа жилийн турш тасардаггүй. Үзэх гол цэгүүдтэй танилцъя.

Тэнгэрийн хаалга
Үлгэр домогт гардаг Тэнгэрийн хаалга яг л ийм байдаг болов уу гэмээр байгалийн гайхалтай, өвөрмөц тогтоц.  1182 метрийн өндөрт орших Тэнгэрийн хаалганаас хязгааргүй үргэлжлэх үүл мананг харж байна гээд төсөөл дөө. Очих зам нь ч үгээр хэлэмгүй гайхалтай, 999 гишгүүртэй шат, уулыг нүхэлсэн урсдаг шат, 1289 метрийн өндөрт хүргэх татлаган замтай бүхээг, огцом огцом мушгиралдсан уулын замаар аялах…

 

 

“Юаньжиажие” байгалийн цогцолборт газар

Энэ бол чухам “Аватар” киноны гайхамшигт байгаль, ид шидийн ертөнц Пандора арал. 2010 онд анхны нэрийг нь өөрчилж “Аватар уул” болгосон нь тэнгэр газрын зааг мэт өвөрмөц байгалийн тогтцыг дэлхий дахинд алдаршуулсан  Холливудын “Аватар” киноны нэр гэдгийг  та бүгд андахгүй биз ээ.

 

Шилэн гүүр
Тэнгэрт тэмүүлэн, үүл манан дундаас цоройсон эгц өндөр энэ л уулс дунд дэлхийн хамгийн өндөр шилэн гүүрийг барьж байгуулжээ.  Газраас 300 метрийн өндөрт, тув тунгалаг шилэн дээр 430 метр алхана гээд төсөөл дөө. Айдас гайхамшиг зэрэгцсэн ер бусын мэдрэмж !

 

Шар лууны агуй

7,6 км урттай, 140 метр өндөр, 100 км квадрат энэ агуй нь зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан, байгалийн олон өнгө цогцолсон гайхамшигтай газар юм. Газар доор, бүр агуй дотор урсгал ус, хүрхрээ, усан сан цогцолсон ийм газар дэлхий дээр байна гэхэд итгэмээргүй. Миний хувьд очиж байж л итгэх байх.

 

 Travelers WeChat группийн гишүүн аялагчдын зөвлөмж: 
1.Очих үеийнхээ цаг агаарыг мэдэх нь чухал. Маш чийглэг бүс нутаг учраас бороотой, манантай, бүрхэг үед үзэх зүйлс хязгаарлагдана гэсэн үг.
2.“Тэнгэрийн хаалганы домог” жүжгийг заавал үзээрэй! Энэ жүжиг нь гурван хэмжээст гэрэл ашиглан, бүхэл бүтэн уулыг тайз болгон засаж, 500 жүжигчин нэг дор 3000 хүнд зориулан тоглодог байна. 
3.Хятадын бүх нийтийн амралт болон жуулчид их очдог үеэс аль болох зайлсхийгээрэй. Хэт их хүнтэй үед байгаль биш бөөн жуулчин харахад хүрэх нь ч бий. 
4.Орох тасалбарууд 200 юань болон түүнээс дээш буюу харьцангуй үнэтэй.
5.Орой 17 цаг гэхэд ихэнхи үзэх цэгүүд хаалгаа барьдаг учраас аялалаа эрт эхлээрэй.
 
Н.Батчимэг 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100