CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Далайн эргийн Далэнь хот

05-16-2017 15:23

Өнөөдөр олон Монгол хүмүүс Хятад оронд худалдаа наймаа эрхэлж, аялж жуулчлан басхүү сурч хөдөлмөрлөж байна. Үүний нэгэн адил миний бие 2015 онд  мастерын зэрэгт суралцахаар БНХАУ-ын Далянь хотыг зорин ирсэн билээ. Суралцах хотынхоо тухай багахан мэдээлэлтэй зураг энэ тэрийг нь интернэтээс анх харсан бөгөөд энэхүү хотын тухай монгол хэл дээр мэдээлэл, нийтлэл ховор байсан. Тиймээс өнөөдөр хоёр жил шахам амьдарч, суралцаж байгаагийн хэргийг гаргаж энэ хотын тухай тодорхой мэдээллийг та бүхэнд хүргэхээр шийдсэн билээ. Ингээд та бүхэн миний сурч, амьдарч буй Далэнь хоттой танилцана уу.

Хятад улсын Ляонин мужид орших Далэнь хот


       Хятад ханзаар ‘大连’【Dalian хэмээн 4-р хөг 2-хөгөөр дуудна.】, англи латинаар “Dalian” , 1895-1905 оны хооронд японоор “大连”【Daren】хэмээн дууддаг байсан ба оросоор Далянь,  харин монголоор бичихдээ ихэвчлэн уг нэршлийг орос галигаар нь дуудаа ба бичиж буйг анзаарсан билээ. Гэхдээ монгол хэлний үүднээс галиглан бичвэл Далэнь(Далиэн)хэмээн бичвэл зохистой хэмээн санана.
        2016 онд Далэнь хотын их дээд сургуулиудын монгол оюутнуудын 8-р наадамд оролцож байхад Өвөр Монголын нэрт морин хуурч Чи Булаг гуай (“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн  оролцогч ) уригдан уран бүтээлээ толилуулан бидэнтэй халуун дотно яриа дэлгэх зуур  “Энэхүү хотод монгол хүмүүс суурьшиж байсан. “Далэнь” гэдэг бол “Далайн эрэг ”гэсэн нэрийн төстэй дуудлагаар өгсөн нэр хэмээн” хэлж байсан нь  их л сонсголонтой сайхан санагдаж билээ.
Далэнь хот нь Хятадын зүүн урд хэсэгт байрлах ба Хойд  болон Өмнөд Солонгос,  Япон орнуудтай далайгаар хэлэлдэг бөгөөд уулсын дундах далайн эрэг дээр байрлах Хятадын үсрэнгүй хурдацтай хөгжиж буй хотуудын нэг юм. Уг хот нь  Ляонин мужид, 8-р цагийн бүсэд, 13,237 км2  талбайг эзлэн оршдог бөгөөд 7сая 820 мянган хүн амтай.(2013оны тооллогоор) Хүн амын дийлэнх хувийг залуу идэр насныхан. Солонгос, Япон, Орос иргэд ажиллаж, амьдарч, сурах нь бусад орнуудаас илүү их.


  
      Далайн цэнгэг агаар, цэнхэр тэнгэр, уул ус, ургамал, гээд байгалийн сайхныг хот дотроо бүрдүүлж чадсан хотуудын нэг билээ. Жилийн 4-н улиралтай, аль ч улиралд аялахад таатай сайхан уур амьсгалтай. Цаг агаарын хувьд Монгол оронтой төстэй, далайн эрэг дээр байрлах онцлогоос шалтгаалаад далайн хүчтэй салхитай.

  Далэнь хотод амьдарч буй монголчуудын дийлэнх хувийг их дээд сургуульд суралцаж буй оюутан залуус эзэлнэ.  Тиймээс Далэнь хот нь “大连大学”/ “Далэнь –ний их сургууль” / ,“大连海事大学”/ “Далэнь –ний далайн хэргийн их сурууль” /,“大连医科大学”/ “Далэнь –ний анагаахын их сургууль” /,“大连外国大学”/ “Далэнь –ний гадаад хэлний их сургууль”/ гэх мэт 10-н их сургуультай бөгөөд бүх төрлийн мэрэгжилээр хүрэлцэн ирж суралцах бүрэн  боломжтой. Манай хотын “大连东北财经大学”нь Монголын “Санхүү эдийн засгийн дээд сургууль”-тай нягт холбоотой ажилладаг бөгөөд “2*2” хөтөлбөрөөр оюутануудаа суралцуулдаг ба манай хотод нэг хичээлийн жилд хэлний бэлтгэл, баклавар, мастер, доктор гэх суралцагчидын түвшинээс хамаараад дунджаар 150 гаруй  монгол оюутнууд суралцдаг.
Далэнь хотоор аялагчидын заавал очих үсэсгэлэнт газруудыг цухасхан дурьдая.

 “XingHai” цэцэрлэгт хүрээлэн



176 км2  талбайтай 1-2 цагийн хооронд нэг бүтэн тойрч үзэх боломжтой ба ямар нэг хураамж авдаггүй, олон нийтэд зориулсан Далэнь хотын хамгийн том, хамгийн алдартай амралт чөлөөт цагийн газар юм.

Далэнь хот дахь Орос болон Японы барилга байгууламжийг харуулсан “ Орос ба Япон гудамж”



                        
“大连俄罗斯风情街”  гэх нэртэй Оросын барилга байгууламж , өнгө төрхтэй, энэ гудамжтай танилцах боломжтойгоос гадна Далэнь хотод “大连日本风情街” гудамж мөн оршино. Аль гудамжаар нь та зугаалахад орос, японы онцлог шингэсэн барилга байгууламжуудтай танилцана.

“Далэнь хот дахь Венец ”




Далэнь хотоор аялагчид, амраг хосууд, найз нөхдийн хамгийн очих дуртай газрын нэг бол  “大连威尼斯水城” буюу  “Далэнь хот дахь Венец ” юм. Алдарт Венец хотын нэрээр нэрлэсэн “ усан дэээрх хот ” гэсэн тодотголтой энэхүү амралт зугаалгын газарт та гайхалтай сайхан зураг татуулж, хайрын романс үүсгэн хөтлөлцөн зугаалахад тун тааламжтай .Мөн сэлүүрт завин дээр суун дуу сонсож, оргилуун дарс уухгүй ч гэлээ хөх цэнхэр тэнгэр харж, завиар зугаалах бүрэн боломжтой.
Далэнь хотоор аялагчид мөн “Амьтны хүрээлэн”, “Далэнь хотын түүхийн музей”, “Далайн музей”, “Далайн амьтны хүрээлэн”, “Ууланд авирах аялал”/ Уулын оргилоос далайг харах мөн боломжтой/, “Цэцэрлэгт хүрээлэн”, “ Эртний Тан улсын ордон ” /“唐王宫”  【Tang Wang gong】/,“Qiang Guan wetland park” /“前关湿地公园”【Qiang Guan shidi gongyuan】/, “Усан парк” дээр очиж усанд сэлж тоглох, далайн эрэг дээр биеээ шарах бүрэн боломжтойгоос гадна худалдааны их дэлгүүрүүдээр “shopping” хийж болох юм.

“Дэлхийн аялал жуулчлалын байгууллага”аас гаргасан таамаглалаар 2020  он гэхэд Хятад улсыг аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл нөөц, бололцоотой 4 дэхь орон болно гэж үзжээ. Үүнээс харахад Хятад улсын бүх муж хотууд жилийн аль ч улиралд жуулчдаар дүүрэн байх бололтой. Түүнчлэн өргөн уудам газар нутаг,  түүх соёлын арвин баялаг өв уламжлал, байгаль эхийн хосгүй бүтээлүүд, олон үндэстэн ястаны дахин давтагдашгүй амьдралын хэв маяг, үсрэнгүй хурдацтай хөгжиж буй  хотууд, сүндэрлэн харагдах тэнгэр багандсандсан барилгууд гэх мэтчилэн үзэх юм ихтэ хөршөөрөө та хэзээ нэгэн цагт аялах биз. Тус улсад ирж буй нийт жуулчдын 63.87 хувийг Өмнөд Солонгосын жуулчид эзэлдэг. Тус улс нь  Далэнь хоттой далайгаар хиллэж байдаг нь үүнд нөлөөлдөг бизээ. 
   Үзэсгэлэнт Далэнь хотын талаар багахан ч гэсэн мэдээллийг танд өгч чхдсан байх. “Манайхаар ороод гараарай” гэдэг шиг Хятад улсаар аялах гэж төлөвлөж байгаа аялагч та бүхэн Далайн эрэг дээрх орших Далэнь хотоор заавал ороод гараарай. Орчин үеийн барилга байгууламж , далайн зөөлөн давалгаа, цэв цэнхэр тэнгэр, тааламжтай сайхан цаг агаар нь таньд лавтай таалагдах бизээ.

М.Адьяасүрэн "Travelers WeChat группээс зарласан "Хятадыг нээцгээе!" аялалын тэмдэглэл, танилцуулгын  уралдааны тэргүүн байрын шагналт

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100