CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчилна

05-11-2017 10:58

 МОНЦАМЭ агентлагийн мэдээлснээр: Монгол Улсын Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 12-15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдах "Нэг бүс нэг зам" Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож, мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар БНХАУ-д айлчилна.
 
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчянтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсад хөрөнгө оруулагч Хятадын зарим томоохон компанийн удирдлагуудтай уулзах юм. Хоёр улсын ерөнхий сайд нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцоно.
 
"Нэг бүс нэг зам" дээд хэмжээний чуулга уулзалтад дэлхийн 28 орны төр, засгийн тэргүүн нар болон НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын удирдлага урилгаар оролцох юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, "Түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь", "Хөгжлийн төлөө дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь" сэдвээр үг хэлнэ. Мөн тус чуулга уулзалтад оролцож буй зарим орны төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100