CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Дүлий сахиусан тэнгэр

05-08-2017 10:37

 Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Амьдралын утга учир юу вэ. Хүн яах гэж төрж, бас ямар шалтгаанаар буцдаг, хаана очдог юм бол. Амьдрал үнэндээ амьдрал уу, аль эсвэл зүүд үү. Амьдрал үнэн үү, үхэл үнэн үү. Хүн ганцаардал гэгч сүүдэр доор өөрийнхөө сэтгэлд өөрийгөө нуучихаад, өөрийгөө хайгаад, өөртэйгээ хөөцөлдөж тоглосоор хорвоог бардаг гэдэг.
  Би түүнийг сахиусан тэнгэр гэж нэрлэхээр шийдлээ. Тэр өөрийгөө олсон. Одоо өөр шигээ дүлий хүүхдүүдийн замыг гэрэлтүүлэхээр ажиллаж буй. Хүүхэд бүрт ээж нь сахиусан тэнгэр байдаг. Б.Намираа хүүгээсээ гадна дүлий хүүхдүүдийн сахиусан тэнгэр.
Цас хаялж, хацар хайруулсан 25 жилийн тэртээ. Хэн, ямар бэлэг өгөх бол гэсэн битүүхэн таамаглалтай шинэ оныг хүлээх бяцхан охины бие гэнэт өвдөв. Дотор нь эвгүйрхэж, нуруу нь өвдөх түүнийг түргэний эмч үзээд “Ханиад төдийхөнд баашлаад. Эм тана, сармистай шөл уу” гээд явжээ. Харин үүнээс хоёр хоногийн дараа охин ухаан алдав. Орой нь унтаад, өглөө нь босдог шигээ л түүнийг сэрэхэд хүсэн хүлээж байсан шинэ жил нь өнгөрчихсөн. Нэг сар ухаангүй хэвтчихсэн байж. Тэр ханиад хүрээгүй, харин менингэт туссан байлаа. Эмч “Охин чинь өвчнөөсөө эсвэл тарианаасаа болоод тахир дутуу болно. Хэлгүй, дүлий, сохор, эсвэл тал бие нь мэдээгүй болохын алийг нь ч хэлж мэдэхгүй. Эмчилгээг үргэлжлүүлэх үү” гэхэд ээж нь эргэлзэлгүйгээр “Миний охин амьд байвал бусад нь хамаагүй” гэж хариулжээ. Эмчийн таамаглаж байснаар охин дүлий болов. Нэг л өдөр ертөнцийн бүх дуу чимээг сонсохгүй болчихоод гайхсан ч эмчийн “Буцаад сонсдог болно” гэсэн үгэнд найдан хоёр жил эмнэлгээр явжээ. Харин өөр нэг эмчийн “Хэзээ ч дахиж сонсдог болохгүй” гэхэд тэр амьд явах хэрэгтэй эсэх, том болоод ямар ажилтай болох, яаж амьдрах, сургуульд сурч чадах уу гээд юу эсийг бодон,  сэтгэлээр унаж, “Хэн ч биш, дүлий нэгэн болгочихлоо” хэмээн ээждээ гомдоллож, яагаад заавал би гэж амьдралаа үзэн ядсан гэдэг. Эгчтэйгээ аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн хэмээн ярьдаг байсан нь ч оргүй хоосон мэт санагдана.
Дүлий хүүхдүүдэд зориулсан 29 дүгээр сургууль байдгийг мэдэж, тэнд очиход өөртэй нь адилхан олон хүүхэд угтахад, анх удаа “Би ганцаараа биш. Харин ч би энэ хүүхдүүдээс илүү. Ярьж, уншиж, бичиж чадна” гэх итгэл төржээ. Хичээл номондоо шамдан сурахын зэрэгцээ дүлий хүмүүсийн тухай, яагаад дүлий болдог тухай олон ном унших болов. “Сонирхолтой физилоги” гэдэг номноос хүүхэд төрөөд зургаан нас хүртлээ хэлээ сурдаг. Харин энэ хугацаанд сураагүй бол бүрмөсөн хэлгүй болдог тухай олж мэджээ. Ангийнхан нь яагаад ярьж чаддаггүйн учрыг мэдэж, хүүхдүүдийг зургаан наснаас нь өмнө сургуульд хамруулах ёстойг багш нартаа хэлээд загнуулсан аж. Зөвхөн ангийн багш нь л “Чиний зөв. Гэхдээ мөнгө төгрөг, боловсон хүчин хаана байна. Чи ганцаараа яриад яах вэ” гэв. Яг энэ үеэс л тэр дүлий хүүхдэд хэлийг нь эрт заах ёстойг ойлгосон. Түүний өнөөдрийг хүртэл тэмүүлж, зорьж байгаа зүйл нь ч энэ. Зорилго нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлж, хүүхдийнх нь бага нас, нөхрийг нь “хулгайлчихсан”. Гэхдээ тэр нэг ч удаа бууж өгөөгүй. Учир нь түүний зорилго өдөр тутмын идэх хоол, хүмүүсийн аар саархан хов жив, атаа хорслыг үл тоохоор том байсан юм.
Дүлий хүүхдийн 29 дүгээр сургууль тухайн үедээ наймдугаар анги л төгсгөдөг байж. Их сургуульд сурах гэхээр аравдугаар анги төгсөх хэрэгтэй байдаг. Гэтэл Намирааг авах сургууль олдсонгүй. “Сургуулийн амжилт, хүүхдүүдийн сурлагад нөлөөлнө” гээд хаана ч авсангүй. Аргаа бараад одоогийн Сэргээн засалтын үндэсний төвд оёдолчиноор сурч, нэг жил оёдолчин хийв. Хамт ажилладаг охиноосоо оройн сургууль байдгийг мэдэж, захиралтай нь уулзахад сурахыг зөвшөөрчээ. Ингээд дараа нь МУИС-ийн Төвд хэл судлалын ангид элсэн, 2005 онд онц дүнтэй сургуулиа төгссөн гурван хүүхдийн нэг болж, номын санд ажиллах эрх авлаа. Түүнд дүлий хүүхдүүдийг сургах нь илүү чухал байсан учраас 29 дүгээр сургуульдаа очив. “Дүлий багш хичээл заана гэж юу байдаг юм. Тэгээд ч чи багшийн мэргэжил эзэмшээгүй юм байна” гэсэн үг сонсоод сэтгэлээр унасангүй. МУБИС-ийн боловсрол судлалын магистрантурт оройгоор сурч, давхар номын санч хийх боллоо.
 АНУ-д дүлий хүмүүст зориулсан хос хэлний “Галлаудет”  гэдэг цорын ганц их сургуульд сурахаар дарга даамал, компанийн захирлуудын өрөөний хаалгыг тогшин, тэтгэлэг хүссэн ч түүнийг гэх хүн байсангүй. Харин тэр азаар тус сургуульд сургадаг “Дэлхийн дүлий удирдагч” хэмээх тэтгэлэг зарлагдсаныг мэджээ. Материал бүрдүүлж, дүлий хүүхдийн сургууль байгуулах мөрөөдлийнхөө тухай, мөн өөрийнхөө талаар бичиж, тэтгэлгээ ч авлаа. Гэхдээ тэтгэлэг хүртсэн оюутан онгоцны тийзээ өөрөө хариуцах байсан нь асуудал үүсгэв. Ингээд тэтгэлэг олгох газартаа “Сурах хугацааг нэг жилээр хойшлуулж өгнө үү. Нэг жил ажиллаж, мөнгө хураагаад замын зардлаа төлөх гэсэн юм” гэхэд нь зөвшөөрч. Онгоцны зардлаа ч олж, сургуульдаа очтол бие дааж сурсан англи хэл нь магистрантурт сурах шаардлага хангадаггүй. Дахиад “Хэлний бэлтгэлд сурмаар байна” гэхэд нь “Нэг жил өгье. Энэ хугацаанд хэлнийхээ шалгалт өгч, магистрын хичээлдээ орвол төлбөрийг чинь төлнө. Чадахгүй бол Монгол руугаа буц” гэжээ. Б.Намираа англи хэлийг, дохионы хэлтэй нь ганцхан жилийн дотор сайн сурч, хэлний бэлтгэлээ онц дүнтэй төгсчээ. Ийн дүлий хүүхдийн тусгай хэрэгцээт боловсрол болон эрт оролцооны боловсрол гэсэн хоёр мэргэжлээр магистр хамгаалж, дөрвөн жилийн сургалтыг гурван жилд сурч, сургуулийнхаа шилдэг оюутан болсон түүхтэй. Монголдоо ирээд шууд л 29 дүгээр сургуульдаа очиход АНУ-д мэргэжил эзэмшсэн, дүлий хүүхдийн боловсролын чиг хандлагын талаар номын дуу сонссон Монголын цорын ганц мэргэжилтнийг ажилд авсангүй. Захирал нь “Бид дүлий хүүхдийн талаар бүх зүйлийг мэднэ. Чи илүү” гэжээ. Ийн тэрбээр МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын цагийн багш хийх болов. Энэ үеэ “Монгол Улс хүний хөдөлмөрийг ямар их мөлждөгийг мэдэрсэн” гэж тэр дурссан. Учир нь нэг цагийн хичээлийг нь ердөө 1600 төгрөгөөр үнэлдэг байж. Хичээлийн судлагдахуун байхгүй, бүх хичээлээ англи хэлнээс орчуулдаг, 300 оюутны бие даалтыг шалгах нь цалин нэмэх шалтгаан болохгүй.
Хэлгүй хүмүүс ярьж, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл бол дохионы хэл. Гэтэл манайхан үүнийг хэл гэж хүлээн зөвшөөрдөггүй. Эцэг, эхчүүд дүлий хүүхдээ хүчээр яриулах гэдэг байна. USAID буюу Америкийн олон улсын хөгжлийн агентлагиас зарласан төслийн уралдаанд Б.Намираа оролцон, төсөл нь шалгарч, одоо Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоотой хамтран хоёр төсөл хэрэгжүүлж буй. Нэг нь 0-3 настай сонсголгүй хүүхдийн эрт оролцооны хөтөлбөр, нөгөө нь 29 дүгээр сургуулийн 1б ангид “Хос хэл, соёлын арга зүйгээр бага боловсрол олгох” туршилтын үйл ажиллагаа. 0-3 настай сонсголгүй хүүхдийн эрт оролцооны хөтөлбөрийг 186 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлдэг. Бүртгэлтэй найман хүүхэд байдаг ч өдөрт 3-4 нь л ирдэг аж. Б.Намираа “Төрөлхийн сонсголгүй хүн ярих амаргүй. Хүн ярихын тулд сонсдог байх ёстой. Энэ яваа насандаа сонсоогүй хэлээрээ хүн ярина гэж байхгүй” гэдгийг хэлсэн. Төслийнхөө хүрээнд эмнэлгүүдээс судалгаа авч, цэцэрлэгийнхээ талаар ярьдаг ч чих, хамар, хоолойн ЭМЖЖ эмнэлэг л гэхэд “Бид дурангийн хагалгаа хийж, аппарат суулгаж, хүүхдийг ярьдаг болгодог. Дурангийн хагалгаа хийлгэсэн хүүхэд танай цэцэрлэгт сурснаар үр дүн гарахгүй байна” гэжээ.
АНУ-д хийсэн судалгаагаар дурангийн хагалгаа хийлгэсэн хүүхэд дохионы хэл сурвал илүү ярьдгийг баталсан байна. Тухайлбал, нэг нас хүрэхээсээ өмнө дурангийн хагалгаа хийлгэсэн 10 хүүхдийн тавынх нь эцэг эх жирийн сонсголтой, дохиогоор ярьдаггүй. Харин таван хүүхдийнх нь эцэг, эх дүлий, зөвхөн дохиогоор ярьдаг байжээ. Хүүхдүүдийг зургаан жил ажиглахад эцэг эх нь дохиогоор ярьдаггүй хүүхдүүдийн яриа нь 60-70, дохионы хэлтэй хүүхдүүд яриандаа 100 хувь сайн байсан аж. Өөрөөр хэлбэл, дохионы хэл нь аман хэлийг нь дэмждэг гэнэ. Гэтэл тус эмнэлгийнхэн цэцэрлэгт явдаг гурван хүүхдийнх нь эцэг, эх рүү ярьж “Намираагийн цэцэрлэгт хүүхдээ битгий явуул. Зөвхөн манай ам хэл заслаар явуул” гэж загнасан гэнэ.
 Б.Намираа “Хүүхдүүд манай цэцэрлэгт явснаар дохионы хэлтэй болно. Мөн сэтгэхүй нь хөгжинө. Ингэж байж ирээдүйд хүн шиг амьдарна. Хэл сурдаг чухал насыг алдахгүй байх хэрэгтэй. Гэтэл эцэг, эхчүүд эмч нарын үгэнд орж, хүүхдийг “Ярь ярь” гэсээр хугацаа алдаж, бүх насаар нь хэлгүй болгодог. Эцэг, эхчүүд дурангийн хагалгаа хийсэн л бол манай хүүхэд сонсдог боллоо гэж боддог. Дурангийн хагалгаа нэг л удаа суулгаад болохгүй. Тэрийг жил бүр засаж, тохируулахад олон сая төгрөг хэрэгтэй. Бүх амьдралаараа аппаратандаа мөнгө зарцуулах боломж байх уу. Үүнийг ойлгодоггүй. Аппарат суулгаа л эрүүл болчих юм шиг санадаг” гэв.
“Гурав биш ганцхан хүсэл”
Тэр одоо сонсдог болохсон гэж боддоггүй. Сонсохыг хүсдэг дуу чимээ ч байхгүй. Ер нь шувуу яаж дуугардаг, ус урсах чимээ, ээжийнхээ хоолойг, юмс яг ямар сонсогддог байсныг бүгдийг нь онц цагийн уртад мартчихсан. Гэхдээ хүүхэд байхдаа сурсан дуугаа бол аялна. Түүнийг сонсдог болгохыг хамгийн их хүсдэг хүн бол хүү нь. “Бурхан гурван хүслийг чинь биелүүлье гэвэл юу хүсэх вэ” гэх асуултад “Надад гурав биш ганцхан хүсэл байна. Ээжийг маань сонсдог болгоод өгөөч” гэж хариулдаг. Байнга л ээждээ “Та сонсдог байсан бол гоёо” гэж ярьдаг аж. Б.Намираа “Манайд дүлий гэхээр л тэнэг мангар, хэл усгүй гэх мэтээр сөрөг талаас нь харж, өрөвддөг. Энэ нь миний хүүд ээж нь тийм өрөвдөлтэй амьтан гэсэн ойлголт төрүүлдэг байх. Хэрэв нийгэм ээжийг нь тэгж дорд үздэггүй, хүн гэдгээр нь хүндэтгэдэг байсан бол хүү маань ээжийгээ сонсдог болоосой гэж тэгтлээ их хүсэхгүй байсан” гэв.
Б.Намираа хүүгийнхээ эцэгтээ оёдолчиноор сурч байхдаа танилцжээ. Өөрөөс нь олон ах түүнээс л хайртай гэдэг үгийг анх сонссон. “Чи л байхгүй бол би үхнэ” хэмээж байсан тэр хүн нь түүнийг Америк явсны дараа хүүгээ ээж дээр нь орхиод, хамтдаа нэг нэгээр нь тоосгыг нь өрж, босгосон байшингаа заран, тавилгаа аваад явчихсан байв. Эхэндээ итгээгүй ч, хожим өөр хүнтэй болоод явсныг мэджээ. “Яах вэ, намайг гэсэн хайр нь хөрдөг л юм байж. Хорвоо дээрх ганц үрээ үнсэнд хаясан шалз мэт хаяад явсанд би голдоо ортол гомдсон. Ээж нь сургууль соёл гээд явахад аав нь эцэг шиг байж чадахгүй. Эцэст нь миний хүү бага балчир насаа эцэг ч үгүй, эх ч үгүй үдсэнд би харамсдаг” гэв. Одоо америк залуутай үерхдэг түүнтэй ярилцлаа.
-Монголд их сургуульд сурахад хэцүү байсан уу?
-Маш хэцүү. Дохионы хэлний орчуулагчтай бол бид жирийн хүн шиг сурах боломжтой. Орчуулагчгүй болохоор тэнд нэг хүн яриад байдаг. Юу ч ойлгохгүй. Би хүүхдүүд юу бичнэ, түүнийг нь хуулна. Хүн бүрийн аливаа зүйлийг хүлээж авах өнцөг өөр учраас хичээлийн тэмдэглэл нь янз бүр. Тиймээс 3-4 хүүхдийн дэвтрийг харьцуулж хичээлээ нөхдөг байсан. Шалгалтан дээр надаас хуулсан хүүхэд онц, сайн авна. Харин би дунд. Багш “Чи хүүхдээс хуулсан” гэдэг. Ерөөсөө л сонсдог хүүхэд дүлий хүүхдээс сайн сурлагтай байна гэсэн ойлголттой. Нийгэм хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бий болгодог. Нийгмийнх нь тусгай хэрэгцээг тэр хүнд бэлтгээд өгвөл бид жирийн хүн шиг амьдарч чадна. 
-Шантрах үе хэр гарч байв.
 -“Намираа худлаа дүлий дүр эсгээд тэтгэлэг аваад явчихлаа. Америкт муу сураад сургуулиасаа хөөгдсөн гэнэ. Биеэ үнэлж байна” гэх мэтээр хүмүүс ярьдаг. Тэр надад хамаагүй. “Муулаад байна болъё” гэвэл энэ хүүхдүүдэд хэн туслах юм бэ. “Би хийхгүй бол. Хэн хийх юм бэ” гэж өөртөө хэлдэг. Зорилго маань том байсан учраас шантарч байгаагүй.
-Таны бодлоор хүнийг юу хүн болгодог вэ.
-Хүн байхын гол чанар бие биендээ дэм болох. Хүний төлөө амьдар. Хэрэв би зөвхөн өөрийгөө л боддог байсан бол өдий зэрэгт хүрэх байсан уу. Би хүүхдүүдийн төлөө юм хийе, тэд жирийн хүүхэдтэй адил өсөх ёстой гэж зүтгээд энэ хүрсэн. Ганцхан өөрийнхөө төлөө байсан бол хөдөө мал хариулаад, эсвэл оёдлын үйлдвэрт ажиллаж байгаа.
Би оюутан байхдаа хүүгээ төрүүлсэн. Төрөөд нэг сар болоод л хичээлдээ ортол хөх хавдаад, хагалуулах болж, хэсэг хугацаанд хичээлдээ явж чадаагүй. Гэтэл ангийнхан маань хичээл нөхчихсөн, зузаан дэвтэр авчирч өгөхөд хамгийн их баярласан.
-Эргээд харахад амьдралд тань алдаа, оноо хэр их байна вэ?
-Залуу насандаа алдсан байх. Гэхдээ зорилготой байсан учраас түүнийг уучилж болно. 
-Хэрэв дүлий болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ. Одоо юу хийж байгаа бол?
-Эдийн засагч болох байсан. Эгч бид хоёр аав, ээжийнхээ мэргэжлийг эзэмшинэ гэж байнга ярьдаг байлаа. Эгч маань хэлсэндээ хүрч, аавын мэргэжлийг өвлөж, цахилгаан, эрчим хүчний инженер болсон.
Б.Намираа биднээр дамжуулж ээждээ “Баярлалаа” гэж  хэлэхийг хүссэн. Хэрэв ээж нь тахир дутуу болохоос айж, эмчилгээг нь зогсоосон бол тэр өнөөдөр байхгүй байсан. Мөн тэрбээр “Дүлий хүүхэд жирийн хүүхэд шиг боловсрол эзэмших ёстой. Хүүхэд заавал сонсдог байх албагүй. Америкт дүлий хүмүүсийг бие даасан хэл, соёлтой хүмүүс гэж үздэг. Эрүүл хүн амаараа, дүлий хүн дохиогоор ярьдаг. Энэ хоёр хүний ялгаа ярьдагт л байгаа. Бусдаар яг адил. Эрүүл хүний хийж чадах бүх зүйлийг дүлий хүн хийж чадна. Иймээс хүүхдээ дүлий болчихлоо гээд битгий ай. Харин дохиог нь сургавал эрүүл хүнээс дутахгүй” гэлээ.
 Түүний өнөөдрийг хүртэлх амьдрал дардан байгаагүй. Тиймээс хэзээ ч бүү шантар.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100