CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

ЭЛЭГ НЭГТ ӨВӨРЛӨГЧ ТҮМНИЙ ДУНД

04-27-2017 18:38

                                      Аян замын тэмдэглэл

 “Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”  Энэ өвөрмөц үг хэллэг  Монгол оронд хэзээний танил болсон төдийгүй хилийн чанадад ч  дуурсаж амжжээ.  Энэ аяныг санаачлагч Дамдинсүрэнгийн Наранцогт тус аймгийн Өндөршил сумын уугуул эрхэм билээ.  Эх орныхоо хамгийн их цөлжин доройтсон, элсний нүүдэлд автсан газар нутгийг ногооруулах, ойжуулах нь байгаль, эх дэлхийгээ аврах ажлын  нэг хэсэг гэж үзсэн түүний энэ буянтай үйлс долоон жилийн хугацаанд Монгол орны арван аймгийн тавь гаруй сумыг хамарч чадсан төдийгүй хүн амын эмзэг хэсгийн дунд сайн үйлсийн аян өрнүүлсээр явна. Энэ аяны хүрээнд Д.Наранцогт  өөрийн уугуул  Дундговь аймгийн Өндөршил сумын удирдлага оролцсон элч төлөөлөгчдийн бүрэлдүүнтэйгээр өмнөд хөршид  хийсэн аяллын тухай тэмдэглэлийг хүргэж байна.


  АЯН ЗАМЫН ЭХЭН. Бидний аялал эх орны өмнөд хилийн нэгэн суурин Замын-Үүдээс эхэлсэн юм. “ Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы тэргүүн, бидний нэрлэж заншсанаар   Нарка маань  Ордос аймгийн өмнөд нутаг  Шаньши, Үүшин хошуу хүрч эх нутгаа ногооруулах мөнх ногоон нарс, үнэр анхилам, үзэмж төгс сакура цэцгийн гүйлс, ягаан, цэнхэр, ногоон өнгөөр солонгорон ургаж орчноо чимэглэх олон сортын дэрс, ариун анхилам арц тэргүүтний суулгац, үрийн ээлжит таталтаа хийсний дараа аяны дөрөө мултлалгүй өмнөд хөршийг зорьж буй нь энэ. Аяны хүрээнд Замын-Үүдийн Соёмбот цогцолборын дэргэд мянган  нарсны суулгац тарилаа. Энэ ажлыг Байгальмаа, Болормаа гэж энэ нутгийн хоёр дайчин эмэгтэй эрхлэн хариуцаж сум орны удирдлагаас аваад албан газрынхныг эгээ л цэргийн дарга нар шиг командлах юмаа.  “Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы гишүүн, ажилсаг энэ хоёр эмэгтэй элсний нүүдэл нөмөрсөн Замын-Үүдээ  нарсан ой шуугисан хот болгох хүсэл мөрөөдлөөр “Нарсан үүд” төрийн бус байгууллагын гал голомтыг бадраан хоёр дахь жилдээ үзэж тарж, ажил үйлс нь бүтэмжтэй яваа юм байна.  Энэ аяны хүрээнд өнгөрсөн жил тарьсан мод нь ч ургалт, бойжилт сайн байгааг сумын Засаг дарга Найдангийн Алдарбаяр онцолж  насны нэгэн буянд тооцогддог мод тарих, ургуулах аяныг бүх талаар дэмжин ажиллахаа Наранцогт тэргүүнд уулзалтын үеэр ахин дахин амлана лээ.


 Ер нь Замын-Үүдийн иргэдийн аж төрөх хэлбэрээс сурах юм зөндөө л харагдсан. Хилийн боомт суурины онцлог ч юмуу, олонхи иргэний нэгэн өдрийн ажил үүр цүүрээр эхэлнэ.  Энэ тухай дараа дахин өгүүлэх болно.


 ХӨХХОТООР АЯЛАХУЙ.  Элэг нэгт Өвөрлөгч түмний нийслэл Хөххот Далан хар гэх сүрлэг урт нурууны энгэр бэлээр 90 километр сунаж тогтсон том хот. Хүн амын тоо 3,6 саяас давсан гэхээр энэ хотын цар хүрээ мэдрэгдэх биз. Далан хар уул байгалиас ургасан нэг ч модгүй хадан уул байсан бол одоо хүний гараар тарьсан  ой шугуй энгэр бэлийг чимэглэнэ. Жил бүр олон арван саяар нь тарьдаг ой модыг ургуулахын тулд услалтын хүчирхэг систем байгуулахад мөнгө харамладаггүй нь хотын олон сая хүнийг экологийн сайн нөхцлөөр хангах ногоон байгууламжийн хүрэлцээг байнга тэлж элсний нүүдлээс хотыг хамгаалж чадсан байна. Манайхан олноор  очин эмчлүүлдэг төв эмнэлгийн дэргэдэх “Мандухай” цэцэрлэгт хүрээлэнг гэхэд цагаан, ягаан өнгө хосолсон сакура  цэцэгс  чимэглэх нь тун үзэмж төгс юм билээ. Харин Өвөр Монгол нөхөд маань Бээжин, Тяньжин хотын эмнэлэгт ч төлбөр нь адил, эмчилгээ, үйлчилгээ илүү тухай өгүүлсэн. Гэхдээ манайханд хамгийн ойр нь Хөххот л доо.


 Тэнд “Тансаг өргөө” “Гэрлээ ээж” гэх  зоогийн газраар орлоо. Манайхны голчлон зорчдог машин, тэрэгний өртөөнд ойр орших эдгээр зоогийн газарт манай Нарка эздийнх нь хичээнгүйлэн захиснаар эх орноосоо Монгол хоолны тогооч сонгон ажиллуулсан нь итгэл хүлээсэн сайн ажилтан болсон гэнэ. Өмнө нь Оюу толгойн уурхайд тогоочоор ажиллаж байсан Эрка буюу Эрдэнэбаяр гэх тэр залуу хамгийн багадаа  сард 5000-7000 юаны цалин авч байр, хоол үнэгүй аж төрж ээждээ мөнгө төгрөгөө гуйвуулдаг тухай ярьсан. “Гэрлээ ээж” Зоогийн газрын “Тулга” цай  олон хоногийн аялалд ундаасч аяншсан Монголчуудын “Ясны хөлс” гаргахаар уунгатайг яахав. Ширээнээ шатамхай бодис бүхий тулган дээр тогоо дүүрэн шаргал цай мэлтэлзүүлэн тавьснаа нэг дийз нунтаг борц, дахин нэг дийз жижиглэсэн ааруул, бас нэг дийз өрөм, өөр нэг дийз болсон будаа... гэхчилэн амттан бүхнийг тогоо руу хөнтрөн  галаа асаачихна. Цайг дахин буцлангуут самарч аягална.  Тэр бүхэн зочны нүдэнд ил, ширээн дээр болох тул ямар ч хар сэргүй, сэтгэл хангалуун цайлна. Манайхны аль ч Зоогийн газарт ийм цай хийхгүй л байгаа.  За тэгээд хээрийн даршилсан хөмүүлтэй хуушуур, борцтой хуурга... гээд яривал зөндөө л дөө.


 “Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы Хөххот дахь гишүүн Барсаа, Хослуу хоёр аяны шугамаар очсон элч төлөөлөгчдийг угтан авах, үдэн гаргах, өдөр, оройн зоог барих, хот оронтой танилцуулан аялуулах... гээд бүх л үйлчилгээнд хойно өмнөө орон давхилдаж үйлчлэнэ гэдгийг ч үзүүлэх шиг болно. Хот руу орох төв замд Өвөр Монголын телевиз хорооны “Одон” телевизийн өвөрмөц шийдэлтэй цогцолбор хараа булаана. Дэлхийн 53 оронд монгол хэлээр нэвтрүүлгээ 24 цагийн турш цацан тэдгээрт суугаа монголоор ярьдаг сая сая хүний дэлхийг харах мэлмий болсон “Одон” телевизийн содон орд харш аварга том телекамер эгнүүлсэн шиг зохиомжоор нүднээ тусах нь сонин.


 Хотын төвд эзэн Чингисийн морьт  сүрлэг хөшөөг өндөр гэгчийн суурин дээр залж түүн рүү хүрэх замын хоёр талаар  эгнэсэн үхрийн эврүүд нь гэрэлтүүлгийг шийдсэн зохиомжтой, ойролцоох  гуч гаруй давхар цамхгийн орой мөнгөн аяганы загвартайг харсан Монголчуудын бахархал, омгорхол төрнө. 


 ОРДОС ГЭДЭГ НЬ ОРД ГЭСЭН ҮГЭЭС  ҮҮДЭЛТЭЙ. Бид Хөххотоос цахилгаан хурдан галт тэргээр Ордос хотыг зорилоо. Хурдан галт тэрэгний суудалд тухалсан шиг аялахуйяа цагт ямар хурдтай яваа, галт тэрэгний гадаа ба дотор  хэдэн хэмийн дулаан байгааг минут тутам цахим самбарт мэдээлсээр байх юм.  Хөдлөх, зогсох цаг хугацааг секундын зөрүүгүй баримталдаг хурдан галт тэрэг цагт 300 км хурдлах агаад  голчлон 200-280 км\цагийн хурдтай явааг мэдээлж байлаа. Бээжин-Тяньжингийн хурдан галт тэрэг тэр хооронд ердөө 29 минут зарцуулдаг тул аль нэгнээс нь нөгөө рүү ажилдаа явдаг хүмүүс олон байдгийг өмнө нь сонссон.  Ордос гэдэг нь орд харш гэсэн үгнээс гаралтай болохыг энэ тэр ном сударт тэмдэглэсэн харагдана. Дүншин, Кан ба ши гэж ярилцана. Дүншин нь хуучин Ордос, Кан ба ши нь 2003 оноос шинээр барьсан Ордос юмуу даа. Хиа багш дүүрэг гээд байгаа нь хятад дуудлагаар Кан ба ши болчихсон гэх.  Шинэ Ордос архитектурын  хувьд Монгол үндэсний  уламжлал, ахуй, соёл, хэв загварыг  алхам тутам шингээсэн онцлогтойг харж болно. 


Орд харш бүр өөр хоорондоо давтагдашгүй өвөрсөц шийдэлтэй. Төв номын сан гэхэд “Монголын нууц товчоо” “Эрдэнийн эрхи” “Алтан товч” гээд Монголын түүхийн тулгуур гурван ботийг эгнүүлэн залсан зохиомжоор баригдсан байх жишээний. Ер нь “Эрдэнийн товч” “Алтан товч” гэх  түүхийн алдарт  эх сурвалж бичиг энэ  газар нутагт бичигдсэн түүхтэй. Номын санд нь Монгол номын  том нэгжтэй. Тэнд монгол, крилл үсгээр бичигдсэн ном тун баялаг. Манай аймгаас гэхэд До.Цэнджавын “Чонын алтан шагай” роман, Х.Зандраабайдийн  “Монголын зохиолчдын намтар” гэх ном ч харагдлаа.


 Хотын төв талбайгаа “Уужим талбай” гэж нэрлэнэ. Тэнд Чингис хааны зэс цогцолбор хөшөө  байна.  Эзэн богд Чингис хаан морьтойгоо уулгалан довтолж буйг тойроод  түүний эхээс мэндлэхээс аваад  амьдралын түүхийг бүрнээ өгүүлсэн аварга том цогцолбор юм. Алунгуа хатны таван сумын домгийг өгүүлсэн баримал ч байна. Тэрчилэн Чингис хаан эзлэсэн орнуудын аль л оюун ухааны сор болсон хүмүүсийг өөрийн зөвлөх болгон дэргэдээ авч байсныг харуулсан өөр нэг цогцолбор ч бий.  Энэ бүхнээс эх түүхийнхээ нэгээхэн хэсгийг бүрнээ “Унших” аж.  Ордосын музей бол тун өвөрмөц шийдэлтэй. Гаднаас нь харахад олон мянганыг элээсэн үлэг гүрвэлийн өндгийн олдвор  ч биш байгаа даа. Тэнд Монголын алдарт “Хүрээ нүүдэл”-ийг өгүүлсэн элсэн зурагт бүхэл бүтэн ханыг эзлүүлсэн  байна. Ер нь Ордос нутаг элсэн цөл нутаг ч хүний гараар ойжиж ногоорсон газар. Тэгэхлээр элсэн урлал их хөгжихөөс ч яахав. Энд Бүрээ манхан гэж  хавирган саран шиг тогтоцтой элсэн уул бий гэсэн.  Элсэн дээгүүр явахад бүрээ шиг дүнгэнэн дуугардаг, янз бүрийн авиа гардаг болохоор ингэж  нэрлэсэн гэлцдэг. Тэнд усан бассейн, жуулчны бааз, элсээр урласан аварга том “Энх амгалан хаан” байдгийг музейгээс бид харлаа.


Биднийг Ордост очих үеэр техник технологийн томоохон үзэсгэлэн гарч байлаа.  Тэндээс хоёрхныг онцолмоор санагдана. Нэг нь өндөр даралтат усаар ган болдыг зүсэх  технологи. Зэрвэс харвал томоохон “Хонда” моторын дайны хоёр  хайрцаг төхөөрөмж. Тэгээд бяцхан хоолойгоос  өндөр даралтаар гарах усны аагт хоёр сантиметрийн бүдүүн ганболдыг барихад түүнийг ус түвэггүй зүсэх аж. Усны найрлагад элсний мөхлөг хольсон гэж тэд тайлбарласан. Ган хушууны зүүний сүвэгч шиг нүхнээс  олгойдон гарах ус хорин сантиметрийн бетон хавтан, мөн ганболд төмрийг ямар ч үртэс, хог гаргалгүй, дуу шуугүйгээр хоромхон зуур зүсчих юм. Энэ ховор технологийг авто аваар ослын үед хүнийг гаргахын тулд бүхээгийг санаснаараа зүсэхэд ашиглахаас аваад олон зүйлд ашиглах боломжтой гэнэ. Бетон хавтан, төмөр зүсэх тэр ус хушуунаас цацран гарах аагиндаа тийм шидтэй ч нэг метрээс цааш цацрах усанд хүн тааралдсан ч ямар нэг аюул учруулахгүй зүгээр л ус аж.


Нөгөө нэг технологи нь аливаа  үйл ажиллагааг 360 градусын эргэн тойронд бүх талаар харуулах теле төхөөрөмж юм. Тухайлбал 1000 метрийн дорхи уурхайд явагдаж буй үйл ажиллагааг  сонирхсон хүн хаа байгаагаас үл хамааран нүдний шил шиг төхөөрөмжийг нүдэндээ зүүснээр харж болно. Тэгэхдээ дөрвөн зүг, найман зовхист, дээр, дор болж буй үйл ажиллагааг сонгон харна. Одоогоор урьдчилан хийсэн дүрс бичлэг \Жирийн теле дүрс бичлэгээс өөр, 360 градуст эргэн тойрон болж буй үйл явдлыг зэрэг бичих технологи гэмээр юмуу даа\ -ийг дараа нь эгээ л үйл явдлын дотор байгаа мэт харуулж чадна.  Энэ технологи ердөө 2016 оны сүүлчээр нэвтрээд байгаа ч ирээдүйд газрын дор, агаар тэнгэрт, хаана ч болж буй үйл ажиллагааг шууд харж хянах чадвартай болж хөгжинө  гэдэгт итгэлтэй байгаагаа Ордос аймгийн Нүүрсний хамаарлын товчооны мэргэжилтэн Өлзиймэнд өгүүлж байлаа.  Нөхөд нь Мэндээ гэж нэрлэх энэ залуу мөн л “Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг” аяны Wechat-ын жиргээ холбооны идэвхитэй гишүүн, Наркагийн сайн танил юм.


Ордос хот бүхэлдээ Монгол үндэсний хэв маяг, онцлогийг харуулсан нь гойд. Барилга байшингийн оройд үндэсний хээ бүхий гэр хэлбэрийн бөмбөгөр орой хаа сайгүй харагдана. Гудамжны гэрэлтүүлэг гэхэд л дандаа Чингисийн есөн хөлт цагаан сүлдний загвартай зохиомжлон эгнүүлсэн. Энэ шинэ хотыг дөрвөөс таван сая хүн суурьшина гэж тооцоолон барьсан ч одоо нэг сая ч хүрэхгүй л болов уу. Анх хүн цөөнтэй, гудамж талбайгаар нь хүн бараг харагдахгүй, машин тэрэг ховор  байхад  “Чөтгөрийн хот”  энэ тэр гэж элдвээр нэрлэж байсан ч аажимдаа хүн ам нэмэгдсээр байгаа, цэвэр цэмцгэр, уран барилгын өвөрмөц шийдэлтэй, хот байгуулалтын орчин үеийн дэлхийн жишиг стандартад  нийцсэн эко хот болжээ.

ЧИНГИСИЙН ОНГОНЫ ИХ ТАХИЛГА.  Жил тутам  хийдэг дөрвөн тахилгын хамгийн том нь болох Улаагчин тахиа жилийн хаврын адаг \Манай тооллоор дунд\ сарын 21-ний тахилгад оролцлоо. Ордос аймгийн Эзэн хороо хошууны Гандир овоон дахь Чингисийн онгон Дүншингээс 65 км-т оршино.  Гол барилгыг ширтэй ваараар Юань гүрний үеийн монгол гэрийн хэлбэртэй барьсан байна. Гурван гэрийн голынх  хоёр талынхаасаа арай том бөгөөд гурвуул хонгилоор холбогдоно.


Онгоны ордонд Чингис хааны таван метр өндөр гантиг чулуун сийлбэр хөрөг, цул алтдан бүтээсэн суумал сэрэг дүр залаастай, өмнө нь найман зуу гаруй жилд нэг ч удаа  бөхөөгөөгүй гэх мөнхийн зул бадамлан асч харагдана.    Чингис хаан тэнгэрт хальж сүүлчийн амьсгалаа хураахад цус гарсныг цагаан тэмээний зогдороор дарж шингээн авсныг хайрцаглан өнөө хүртэл нандигнан хадгалж буй шүтээн тэнд бий гэнэ. Хүний хамгийн сүүлчийн амьсгалаар сүнс нь гардаг гэж үздэг тул тэр ноосонд Чингис хааны сүнс шингэсэн гэж үздэг юм байна.
Онгоны ордон дотор гэрэл зураг  авахыг хориглоно. Онгоны гол хаалганаа цагаан дээлтэй таван эрхэм  өргөл мөргөлийн дундуур дун үлээж харагдана. Хүндэтгэлийн тавцанд Чингисийн хоёр загал гэх шарга морьд эмээл хазаартай зогсож монгол дээлтэй хоёр хүн дэргэд нь харуул адил зогсоно. Гол хаалганы халзад хүндэтгэлийн дэвсгэр дэвсэж хоёр талаар сонирхогчид, зочид эгнэн зогсох агаад хаалганы халзад хошуудын төлөөлөл өргөл барьцаа бэлдэн дугаарлах юм.  
Чанга яригчаар тахилга хийх хошууны танилцуулгыг монгол, хятад хэлээр хийсний дараа Чингис хааны тахилгын санг аялгуулан уншина.  Хошууны дарга ч юмуу дээгүүр мяндагтай нэгэн хошууны нэрийг монгол үсгээр бичсэн шар тугийг залан хүндэтгэлтэй алхаж араас нь 3-5 хонины бүтэн шүүс тус тус царан дээр  өрөн дамнасан  эрхмүүд алхаж явна. Тэдний араас өнгө өнгийн хадган дээр  мөнгө төгрөг, савласан шар тос,   шил шилээр архи, хавтгай цай тэргүүтнийг тавьсан хүмүүс цувран их хааныхаа тахилгад өргөх юм. Ойролцоогоор нэг хошуунаас 50-100 орчим хүн ийнхүү тахилгын өргөл хошууныхаа нэрээр өргөж байна. Тэдгээр хүмүүс эгээ л урлагийнх шиг гоёмсог дээл, малгай, үндэсний хувцсаар  гангарч шүр сувдан гоёл чимэглэл зүүжээ. Тахилгад Өвөрмонголын  бүх аймаг, олон хошууны элч төлөөлөгчид зорин иржээ. Тэдний өргөл мөргөл өглөө эртнээс эхэлж гурав, дөрвөн цаг хүртэл үргэлжлэх аж.  Гол ордон дахиас гадна Чингисийн догшин хар сүлдний тахилгад бас  өргөл өргөнө. Энэ бүхнийг Чингис хааны онгоны захиргааны ажилтнууд нарийн дэгтэй зохион байгуулах юм. 
Жирийн иргэд мөн дэг журамтай дугаарлан баруун хаалгаар орж их хаандаа мөргөн тахилгад өргөл өргөн  зохион байгуулагчаас хүн бүрийг нэрээр дуудан “Эзэн сан”-г уншин Чингис хааны хишиг хүн бүрд хүртээнэ. Хишиг хүртсэн мөргөлчид ордны зүүн хаалгаар гарч явна.  Чингис хааны хишиг хэмээн хүн бүрд архи хүртээдэг заншилтай юм байна. Орой нь тахилгын мах шүүсийг дахин чанан хувааж эзэн Чингисийн хувь болгон хүмүүст хүртээдэг гэнэ. Тэр өдрийн тахилгад нэг зуун мянгаас хол давсан хүн оролцсоныг албаны хүн мэдээлсэн. Хүчит бөхийн барилдаанд гэхэд 512 бөх барилдсанаас Баруун үзэмчин хошууны Цагаанзаан түрүүлж Зүүн Сөнөд хошууны Алтандуулга үзүүрлэсэн юм.  Энэ барилдаанд түрүүлсэн Цагаанзааныг Чингис хааны адуун сүрэг өндгөн цагааны дагалт сүргийн удмаас есөн цагаан адуугаар шагналаа. Энэ шагналыг Цагаанзаан өмнө нь бас нэг удаа хүртсэн байна. Өөр ч олон ёслол, хүндэтгэл болдог юм билээ.  Тэр бүхнийг манай Үндэсний телевизийн Г.Бадамсамбуу ахлагчтай “Гараг” студи  энэ удаагийн тахилгыг сурвалжилж явсан нь илүү дэлгэрэнгүй  үзүүлнэ байхаа. Харин Чингисийн тахилгаар уншдаг “Эзэн сан”-г монгол үсгээр бичиж залсан албан байгууллага, жирийн хоол, цайны газар, тэр ч бүү хэл айл өрх алхам тутам таарах юм билээ. Чингис хааны хөрөггүй өрөө тасалгаа ч гэж алга. Отог хошууны монгол сургуулиар ороход анги бүрийн самбарын дээр Чингис хаанаа залсан харагдана лээ.


         ОТОГ ХОШУУ БИДНИЙГ БАЯРЛАН УГТСАН. Ордос аймгийн Отог хошуу бидний зорьж очсон гол газар. Бид гэдэгт  “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы тэргүүн Д.Наранцогт,   Өндөршил сумын ИТХ-ын дарга У.Алтанхүү, Засаг дарга Л.Мөнхбадрах, сумын төрийн сангийн эрхлэгч Хундмаа, ИТХ-ын төлөөлөгч Д.Нарантуяа,  малчин Түмэнбаатар, Наркагийн холбооны тэргүүлэгч Одбаяр, сурвалжлагч  С.Пүрэвсүрэн миний бие багтсаныг дахин сануулъя. Энд биднийг хүндэтгэн угтсан нэг гол хүн бол Өвөр Монголын Ардын урлагийн нийгэмлэгийн дэд тэргүүн, Ордос хотын Ардын урлагийн нийгэмлэгийн тэргүүн, отог хошууны Соёлын албаны дарга Хатгин овогт Оюундалай юм. Өөрийгөө их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнтэй нэг овгийнх гэж онцолсон. Энэ хүн бол Монгол ардын  урлаг судлаач хүн. Би энэхэн бичвэрээ Оюундалай эрхмийн  “Та нарыгаа баярлан угтаж байнаа” гэсэн үгээр нэрлэсэн нь жирийн хэрэг биш ээ. Отог хошуу бол алдарт дуучин Тэнгэрийн уугуул нутаг. Ер нь эндхийхэн дуу хууранд үнэн сэтгэлээсээ дуртай, дууч, хуурч түмэн болох нь манай Дундговьчуудтай төстэй. Ордос нутгийн дууны эмхэтгэл ном ч энд харагдана лээ. Өвөрлөгч түмний зан заншил, аж төрөх ёс, бичиг соёлын өвөөс харамгүй танилцуулж хэдэн өдөр үйлчилсэн Оюундалай эрхмийн ач тусыг мартах аргагүй.  Энэ үеэр  манай багийн тэргүүн Нарка маань нэгэн сэтгэл хөдөлгөсөн түүх ярьж Оюундалай эрхэмд өвөрмөц сюрприз барьсан юм. Нарка ярихдаа:
          -Ордос аймгийн Отог хошуунаас Үүшин хошуу руу явж байх замд замчилж яваа О тэргүүлэгч \Оюундалайг хүндэтгэн ийн нэрлэдэг\ замаас нэлээд зайдуу уулын энгэрт ургасан ганц том хайлаас модыг заан "Тэрийг харж байна уу?" гэсээр машинаа тооромслон зогсооход бид машинаас буун нөгөө модыг саравчлан харлаа. Оюундалай "Энэ хайлаас мод аавын минь хайрын гэрч байгаа юм даа. Хорин жил ургажээ. Ээж минь тэнгэрийн орныг зориод хорин жил болсон байна шүү" гэж санаа алдан нүдэндээ нулимстайгаар тэртээх уулын энгэрт байгаа ганц хайлаасыг ширтэн хэсэг зогссоны дараа аавынхаа үнэнч хайрын тухай ярьж билээ.
Одоогоос 20 жилийн өмнө аав Бор нь дөрвөн хүүхдийнхээ ээж, хайртай ханиа алджээ. Хайртай хань нь уулынхаа энгэрт шингэнээ гэж байнга хэлж байсан болохоор аав нь захиас ёсоор нь эхнэрээ нутаглуулсан аж. Өмөг түшиг болсон хайртай гэргийгээсээ хагацсан аавд нь хорин жилийн өмнөх тэр өдрүүд хэцүү байсан нь мэдээж. Уй гашууд автсан Бор 49 хоногт нь амжуулаад гэргийгээ "нутаглуулсан" газарт нь мод тарихаар шийджээ.
Унаа машин байтугай явганаар ч хүрч очиход хэцүү хад, асга, нугачаа ихтэй уулын энгэрт аавыг нь мод тарина гэхэд хэнч итгээгүй гэдэг.
Тэр тарьсан нялх хайлаас модоо ургуулах гэж бүтэн гурван жил ус дамнуургаар зөөсөн гэнэ лээ. Явганаар арай чүү хийж хүрч очих тэр л газар өдөрт 2 км гаруй алхан 20 литр ус дамнуургаар зөөж тарьсан модоо усалж арчилж тордсоор байсан аавынх нь хайрын түүх үнэхээр агуу байгаа биз. Өвөрмонгол өвөөгийн үнэнч хайрын гэрч болсон мод 20 жилийн дотор хичнээн гоё ургасанг та бүхэн зурагнаас харж байгаа.  Би О тэргүүлэгчийн аавын хайрын энэ түүхийг жил бүрийн 14-нд фейс хуудсаар цацан олонд хүргэдэг нь  уран бүтээлч нарт ч сайхан сэдэв болдог юм билээ. Энэ түүхийг надаас  сонсоод  миний нутгийн нэрт зохиолч Ц.Түмэнбаяр “Энгэрийн ганц хайлаас” гэж өгүүллэг  бичсэн, түүгээрээ кино бүтээхээр зориглоод байгаа” хэмээгээд   О тэргүүлэгчид зориулан уран бүтээлч Тулгаа гэх залуугийн бичсэн “Энгэрийн ганц хайлаас” шүлгийг уншин  удахгүй дуу болон дуулагдана гэдгийг дуулган гардууллаа.


Тэр шүлэгт:
 “Хайрын хүчинд ургасан энгэрийн ганц хайлаас
 Хангал залуу насны дурьдатгалын ганц хайлаас
 Хорин намрыг элээсэн үнэнчийн ганц хайлаас
 Хонгор чиний сэтгэл шиг үүрдийн ганц хайлаас
 Холдоод одсон өдрүүд хормын төдий санагдана
 Хоёул хамт өтлөөд хорвоог туулсан шиг бодогдоно
 Хайрт чамдаа очихоор холын аялалдаа гарна
 Хайлаас мод хоцорч хан тэнгэрт тэмүүлнэ
Хожим бидний таарах учралын ганц хайлаас
Холоос чамайгаа санасан зүрхний ганц хайлаас
Холдож итгэлийг мартаагүй үнэний ганц хайлаас
Хосгүй хайрыг ивээсэн жаргалын ганц хайлаас
Амрагаа санаж мөрөөдсөн гунигийн ганц хайлаас
Амьдралд ханьсаж үлдсэн итгэлийн ганц хайлаас
Аргадаж зүрх тайвшруулсан авралын ганц хайлаас


Ахиж чамтай л учруулах мөргөлийн ганц хайлаас” гэж өгүүлжээ.  Энд бидний уулзсан нэг эрхэм нь Отог хошууны Хөхтолгой гацааны Хэрэйд Алтаа юм. Чулууны хоббитой, чулуугаар урлах эрдэмтэй,  бүх л амьдралаа чулуунд зориулсан түүнийг найз нөхөд нь “А багш” хэмээн авгайлна. Уул нь харицангуй залуухан ч яагаад ийн авгайлуулсан нь бүү мэд. Түүнийг Монгол улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цолоор бараг хоёр жилийн өмнө шагнасныг энэ удаа л гардуулах боломж олдсоныг ч Нарка тэргүүн ашиглаад авлаа. Баяндүүрэнгийн Алтаа гэх энэ залуу шагнал авсандаа цээж түхгэр,  сэтгэл дэврүүн, хөл газар хүрч байгаа эсэх нь мэдэгдэхгүй хэд хоног явснаа ярьж олныг хөхрөлдүүлж хөгжөөсөөр л биднийг үдсэн дээ. Тэр бидэнд өөрийн урлалын өөдөс үнэт чулууг атга атгаар өвөртлүүлж гацааны засаг захиргааны өмнөөс манай багийн найман гишүүн бүрд өөрийн урласан янз бүрийн мана, гартаам хөөрөг  ёс тэртэй, хадаг яндартай бэлэглэсэн. Тэр дотор хосгүй “эрдэмтэй” чулуун хөөрөг ч байсан байх шүү. Энд  О тэргүүлэгч, А багш нарын ярианаас нэгэн зүйлийг эргэцүүлэхэд хүрснээ хуваалцъяа.
Тэндхийхэн Монгол нутгаас  ирсэн бүхнийг дээд язгуурт, алтан ургийнхнаа ирлээ хэмээн дээдэлдэг, асар их хүндэтгэл үзүүлдэг  юм байна. Өөрсдийгөө Монгол үндэсний зан заншил, аж төрөх ёс, өв  соёлоо авч үлдэхийн тулд олон зууны турш тэмцэж өнөө хүрсэн хүмүүс гэж үздэг. Тэр бүхнээ хадгалах хамгийн хүчирхэг хэрэгсэл нь босоо монгол бичиг юм. Босоо монгол бичигт эртний монгол хэллэг, нэр томъёо тэр чигээрээ үлдэн өнөө хүрч ирсэнийг Өвөр Монголчууд яг түүгээр нь хадгалж  хэрэглэсээр байгаа нь нэг давуу тал нь юм даа. Иймд элэг нэгт өвөрлөгч түмнийг  хятадууд мэт нэрлэн ярьж бичих нь тэдэнд тун эмзэг тусдаг юм билээ.  Хувь заяаны эрхээр өөр өөр газар оронд аж төрөн суугаа Монгол  туургатнууддаа хүндэтгэлтэй хандах нь бидний ёс суртахууны нэг хэмжүүр юм шүү.  Манай багийнхныг Отог хошууны Монгол сургуулиар орууллаа. 1100 монгол хүүхэд суралцдаг энэ сургуулийн хичээлийн байр, Биеийн тамирын ордон,  ногоон талбай, гүйлтийн зам  бүхий  цэнгэлдэх хүрээлэн,  дотуур байр, 1100 хүүхэд хоёр танхимд зэрэг хооллох цайны газар зэргийг үзээд аугаа том орны байгууламж ийм том байдаг юмаа даа гэхээс өөр юүг ч бодох вэ дээ. Манай орны хаана ч түүнтэй зүйрлэх  сургуулийн байгууламж алгаа.


 МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ МУЗЕЙ. Энд биднийг хүндэтгэн угтсан Оюундалай гуайн сургуулийн нэг ангийн найз Хайрхан бол монгол үсгийн уран бичлэгийн өв тээгч, уран бичлэгийн олон удаагийн аварга эрхэм. Хайрхан гуай Монголын нууц товчооны музей байгуулахад сүүлийн 17 жилийн хөдөлмөрөө зориулж одоо Өвөр Монголын 70 жилийн ойн наана буюу зургадугаар сарын 30-нд шинэ байранд нь Монголын нууц товчооны музейгээ нээхээр бэлтгэж байна. Отог хошууг эзэн Чингисийн бага хүү Тулуйн нутаг гэж үздэг.  Тиймээс Отог хошууны төвд Тулуйн сүрлэг хөшөө бий. Хөшөөний өмнө талд өнө мөнхөд асан бадрахын бэлгэдэл асч буй галын дүрс бүхий өндөрлөг байна. Энэ уужим талбайн дор “Монголын нууц товчоо”-ны музейн шинэ байрыг шийдсэн нь учиртай. Нэгэнт л “Монголын нууц товчоо” юм бол бас музей нь ч нууц байх ёстой гэж газар дор байгуулж буйг Оюундалай эрхэм бидэнд ойлгууллаа.
Харин Хайрхан гуайн зураг төслөөр музейн барилга бүхий талбай арай өөр зураг төсөлтэй байсан гэнэ.  Музейн   үзмэрээс заримыг сонирхуулъя. “Монголын нууц товчоо”-ны үйл явдал бүрээр 56 зургийг монгол зургийн аргаар Германы тосон будгийн зургийн зориулалтын бөс материал дээр урласан байна. Тэдгээр нь монгол зураачдын бүтээл гэнэ. Мөн 2,6 метрийн өндөр 66 тулгуур шаазан багана дээр Нууц товчоог монгол, хятад үсгээр бичин шарж урласан нь нэг үзмэр юм. Нэг метр шахам диаметртэй эдгээр баганыг Хубилай хааны үеийн арга технологиор   Шаньши мужийн шаазан шатаах үйлдвэрт бүтээсэн байна.  Мөн цаасан дээр монгол уран бичлэгийн хичээнгүй тэгээр туурвисан Нууц товчоо энд бий. Энэ бол Хайрхан гуайн өөрийн гараар урласан бүтээл. “Нууц товчоо”-ны зүйл бүрийг нэг нэгэн Шаазан тавган дээр бичиж шарахад 185 таваг оржээ.  Мөнгөн дээр цохисон  “Нууц товчоо” 185 хавтан дээр багтсан байна.  Эвхмэл зандан модны нэг тал дээр монгол үсгээр, нөгөө талд хятад үсгээр сийлсэн “Нууц товчоо”-г мөн дэлгэн үзүүлжээ.  Бас 188 хэсэг, найман см зузаан гантиг чулуун дээр сийлсэн “Нууц товчоо” байна. Чулууны бичээс мөнх үлддэг дээ.
Нэг сонирхолтой үзмэр нь тэмээний чөмгөн дээр сийлсэн “Нууц товчоо” юм. Хоёр үзүүрийг мөнгөөр хулдан хээлж чимэглэсэн 188 чөмөг ирийтэл өрсөн нь бас л сонин үзмэр санагдсан.  Ордос нутаг тэмээгүй болсон атал энэ олон тэмээний чөмөгний  яс хэрхэн олсныг лавлахад Хайрхан гуай:
-Алшаа аймгаас нэлээн яриа хэл болж байж чөмгөө гүйцээсэн. Уул нь тэмээ олонтойгоор нь Монголоос түвэггүй олно гэж бодсон ч хил, гаалийн байцаалтыг давж чадсангүй хэмээсэн юм.
          Өөр нэг үзмэр нь үхрийн ширэн дээр хонхойлгож, бас гүдийлгэж хэвлэсэн хоёр янз “Нууц товчоо” юм. Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологиор бол гүн болон өндөр хэвлэлийн аль алиныг ашигласан байна. Торгон дээр Отог хошууны үйлчин хүүхнүүдийн уран хатгамлаар оёсон “Нууц товчоо” энд мөн бий. Тэр нь бас 185 хэсэгтэй. Түүнээс гадна  англи, монгол, хятад үсгээр бичсэн “Нууц товчоо”-ны цахим  сан бий болгожээ. “Энэ нь Монголын түүхийн аугаа их сурвалж бичгийг дэлхийн бүх улс түмэн комьютерээсээ, гар утаснаасаа өөрийн эзэмшсэн аль ч хэлээрээ уншиж болох сэтгэлийн өргөл  юмаа, миний зүгээс” гэж Хайрхан гуай  бахархан ярьж байна лээ.
  Тэрчилэн  Монголын алтан ургийн 37 хааны тосон будгаар зурсан зургийг энд залжээ.  Түүнээс гадна “Нууц товчоо”-нд холбогдох олон зуун ном, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг зөвхөн эндээс л үзэж болно. Дэлхийн хаана ч “Монголын нууц товчоо”-г ийнхүү иж бүрнээр харуулах том музей, номын сан байхгүй гэж болно.  Тэнд  Чингис хааны онгонд өглөө бүр уншдаг “Эзэн сан”-г  монгол уран бичлэгээр  туурвин тавьсныг музей үзсэн бүх хүн дуудан унших юм.
 Монгол үсгийн уран бичлэгийн өв тээгч Хайрхан:
 -Миний 17 жилийн хөдөлмөрөө зориулсан музей ийнхүү төр, түмний дэмжлэг, санхүүжилтээр босч байна хэмээн эцэст өгүүлээд “Өөрийн гэмийг бусдаас асууж мэд” гэсэн Чингис хааны билэг сургаалын уран бичлэг бүхий бүтээлээ над дурсгасан юм. Хайрхан гуайн хүсэл мөрөөдөл ийнхүү бодит үйл хэрэг болж байна.


ХӨХТОЛГОЙ ГАЦАА БА ӨНДӨРШИЛЧҮҮД. Отог хошууны Арвас сумын Хөхтолгой гацаа манай Өндөршилийн төлөөлөгчдийг өөрсдийн нь хэллэгээр “Баярлан угтлаа”   Хөхтолгой гацааны удирдлага нутгийнхаа цэсийн зааг дахь хаалган дээр угтлаа. Манайхан шиг л бүгд Монгол үндэсний хувцастайгаа, идээ будаатай,  архи дарстай, бас “Дүүриймаа”-тай, ёс төртэй зан үйлтэй угтдаг юм байна.   Хөхтолгой гацааны намын үүрийн дарга Оргилын танилцуулснаар эднийх таван зуу гаруй хүн амтай, хүн амын олонхи нь монголчууд, дан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг аж.  Айл өрхийн 90 гаруй хувь төвлөрсөн эрчим хүч, цардмал \Тэд тосон зам гэж нэрлэдэг\ замаар холбогдсон, нутаг бэлчээр кадастрын зургаар айл өрх бүрд хувьчлагдсан, тогтсон хил хязгаартай,  хүн амын амьдрал бүхэлдээ чинээлэг гэсэн ангилалд багтдаг гацаа юм. Манайхаар багтай дүйцэх засаг захиргааны нэгж юм даа. Эдний гацаанд Бурханы шашны том хийд, Соёлдалай захиралтай мах боловсруулах нүсэр үйлдвэртэй танилцлаа. Мал сүргийн хувьд 1982 онд хувьчлагдсан, олонхи айл суурин маллагаатай, ноолуурын чиглэлийн “Арвас” омгийн цагаан ямаа үржүүлдэг. Ямааны ноолуурын гарц дунджаар 750 граммд хүрээд байна. Айл бүр тэжээлийн бага, дунд оврын үйлдвэртэй, голчлон эрдэнэшиш, бор царгасыг бусад амин хүчилтэй холин шахмал тэжээлийг малчид нь үйлдвэрлэдэг.  Малчдын аж амьдрал, орон сууцны нөхцөл хотынхоос ялгах юмгүй тохилог. Малчид улс орны, аймаг, хошууны гэсэн зэрэг дэсээр “Хөдөлмөрийн жишээч” гэсэн цол хэргэм хүртдэг нь манай улс, аймаг, сумын аварга малчинтай дүйх цол юм даа. Бидэнд ажлаа танилцуулсан нөхдийн дотор Арвас сумын намын дарга  Батмөнх,  Хөхтолгой гацааны намын үүрийн дарга Оргил, гацааны дарга Мөнгөн-Уул,   гацааны орлогч дарга  Жаранбаяр эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга Сарнай нар гацааныхаа давуу байдлыг үзүүлж харуулах, айл өрхийн аж амьдралыг танилцуулахад үнэнхүү сэтгэл гаргаж байсанд манайхан их баярлаж байлаа.   \Нийгмийн тогтолцооны хувьд коммунист нам төвтэй орон учир  албан тушаалын зиндаа манайхаас өөр болохыг энд тодруулъя\ Малчин Цагаанчулуу, Хувьсгалт, Наянтай нарынх бол үнэнхүү “Хөдөлмөрийн жишээч” айл өрх, тэндхийн малчдын нүүр царай болсон хүмүүс юм. Наянтай, гэргий Уранбэр нар урлаг, дуу хөгжмийн авъяастай, Өвөр Монголын дуу хөгжмийн нийгэмлэгийн гишүүд юм.  Наянтайнд болсон найр дээр  тэдний ардын хөгжмийн хамтлаг  Монгол ардын болон зохиолын ямар л дууг бол нэр хэлэнгүүт эгшиглүүлээд, ардын авъяастан  бүсгүй Соёлоо нэг ч давхардуулалгүйгээр хэдэн арван ч дуу дуулав даа. Тэд холын зочиддоо авъяас билгээ, дуу хуураа  өргөн барьж дуулж хөгжилдөн нэгэн оройжин, шөнөжин найрладаг байна шүү. Зарим хүний яриагаар 24 цаг найрлахад нэг  ч дуу дахин давталгүйгээр дуулан найрладаг дуучин энд цөөн биш гэсэн шүү.  Манай багийнхнаас  малчин Түмэнбаатар морин хууранд халх жонон аяс уянгалуулж, малчин Наянтайд хурдан морины хүүхдийн ташуур бэлэглэнгээ өөрийн адуун сүргээсээ хурдан удмын үрээ  бэлэглэснээ мэдэгдэн “Хурдан очиж аваарай” хэмээн олныг хөгжөөв.  Өндөршил сумын дарга нар ч урлаг соёл, боловсрол, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах эхлэл, арга замаа ярилцан хэд хэдэн зүйл дээр тохиролцсондоо баяртай байлаа. Хөгжил цэцэглэлт бодит зүйл болсон Өвөр Монголын Ордос нутаг, Дуу хууртай, дундрашгүй авъяастай, ажилсаг, хөдөлмөрч  элэг нэгт өвөрлөгч түмэн- Хөхтолгой гацааныхан  эргэн баяртай уулзанаа.

      Сэтгүүлч ПҮРЭВСҮРЭН

 “Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы баг өмнөд хөршид хийх аяллаа эхлэхийн өмнөхөн

  Замын-Үүдийн ИТХ-ын дарга Анхбаяр, Н.Алдарбаяр нар Д.Наранцогтыг Замын-Үүд дэх холбооны гишүүдийн хамт хүлээн авлаа.

Д.Наранцогт бид 2 Хөххотод 

 Ордос хотын төв талбай дахь чингисийн цогцолбор

Аяллынхан Чингисийн онгоны их тахилга дээр

 Отог хошууны чулуун сийлбэрч Хэрэйд Алтаад Монголын Засгийн газрын шагнал гардууллаа. 

Отог хошууны уран бичлэгийн өв тээгч, “Монголын нууц  товчоо”-ны музей байгуулагч Хайрханы хамт

 Дундговь аймгийн Өндөршил сумын элч төлөөлөгчдийг Хөхтолгой гацааны удирдлага хүндэтгэн угтлаа

Хөхтолгой гацааны малчин, Өвөр Монголын урлагийн нийгэмлэгийн гишүүн Наянтайн ахласан  үндэсний хөгжмийн хамтлагийн тоглолтын хэсэг

Хөхтолгой гацааны ардын авъяастан Соёлоо


      Зохиогчийн авсан гэрэл зургууд

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100