CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний дунд, урт хугацааны хөтөлбөр гаргав

04-27-2017 10:51

Саяхан Хятадын Хөгжил, Өөрчлөлтийн Үндэсний Хороо, Эрчим Хүчний Үндэсний Газар хамтран "2016-2030 оны эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний хувьсгалын стратеги" гаргав. Тус хөтөлбөрт: 2020 он гэхэд, Хятадын эрчим хүчээр өөрийгөө хангах хэмжээг 80 хувиас дээгүүр түвшинд хүргэж, эрчим хүчний аюулгүй байдлын баталгааны төгс төгөлдөр систем бүрдүүлнэ. 2030 он гэхэд, эрчим хүчний орчин үеийн системийг бүрдүүлнэ. Бүх иргэд эрчим хүч хэмнэх, нүүрсийг цэвэршүүлж ашиглах, "Нэг бүс нэг зам"-ын хүрээнд эрчим хүчний хамтын ажиллагаа явуулах зэрэг нь ажлын гол тал болно гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн цар хүрээ өргөжин тэлж, эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдлээ. 2016 онд, Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлд 3 тэрбум 460 сая тонн, хэрэглээнд 4 тэрбум 360 сая тонн стандарт нүүрс зарцуулж, дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний хамгийн том орон болсон юм. Гэхдээ Хятад улсын эрчим хүчний хөгжилд олон бэрхшээл тулгарч байна. Хятадын Хөгжил, Өөрчлөлтийн Үндэсний Хорооны Суурь үйлдвэрийн хэлтсийн орлогч дарга Жэн Жянь хэлэхдээ: "Манай орны эрчим хүчний нийлүүлэлтийн чанарлаг нөөц хомс, нөөцийн хуваарилалт тэнцвэргүй, экологийн орчин тааруу зэрэг байгалийн тогтцоос улбаатай дутагдал бий. Эрчим хүчний хөгжилд нүүрсний уламжлалт эрчим хүчийг хэт үйлдвэрлэсэн, цахилгаан эрчим хүчний салбар дахь эрэлтийн зөрчил их байгаа. Газрын түүхий тосны импортод түшиглэж буй хэмжээ 65 хувьд хүрсэн зэрэг шийдэх шаардлагатай асуудлууд олон бий" гэжээ.
 
Өдгөө дэлхийн улс орнууд эрчим хүчийг үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх салбар, хөгжлийн стратегийн чухал агуулга болгож, их гүрнүүд ирээдүйд чиглэсэн эрчим хүчний хөгжлийн стратеги гаргаж байна. Тухайлбал, Америкийн "Эрчим хүчний стратегийн төлөвлөгөө", Европын холбооны "Эрчим хүчний замын зураг 2050" , Японы "Эрчим хүч баталгаажуулалтын шинэ стратеги", Оросын "Эрчим хүчний стратеги 2035" зэргийг дурдаж болно.

Хятадын эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний дунд, урт хугацааны төлөвлөгөөнд: 2020 он гэхэд эрчим хүчний өөрийгөө хангах хэмжээг 80-аас дээш хувьд хүргэж, эрчим хүчний аюулгүй байдлын баталгааны нэлээд боловсронгуй систем бий болгоно. Үүнээс гадна, Хятад улсын 2030 он хүртэлх эрчим хүчний хэрэглээний ерөнхий хэмжээ, бүтэц, үр ашиг, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт, эрчим хүчний аюулгүй байдлын үзүүлэлтийн тухай анх удаа дурджээ.

2050 оныг хүртлэх төлөвлөгөөнд дараах зорилтыг дэвшүүлжээ. Тухайлбал Хятадын эрчим хүчний хэрэглээний нийт хэмжээг тогтвортой байлгаж, хими, нефтийн бус эрчим хүчийг 50-иас дээш хувьд хүргэнэ. Эрчим хүчний үр ашгийн түвшин, технологи, эрчим хүчний тоноглолыг дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүргэнэ. Дэлхийн эрчим хүчний цэгцлэлтийн гол оролцогч болж, орчин үеийн эрчим хүчний системийг бүрдүүлнэ.

Дээр дурдсан зорилтыг биелүүлэхийн тулд, нийтээрээ эрчим хүч хэмнэх, нүүрстөрөгч ялгаруулахгүй байх, нүүрсийг цэвэршүүлж ашиглах, "Нэг бүс нэг зам"-ын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг 13 гол салбарыг чухалчилна. Жэн Жянь хэлэхдээ: Олон улсын хамтын ажиллагааны талаар Хятад улс олон орны эрчим хүчний аж үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, Хятад болон дэлхийн эрчим хүчний хамтын ажиллагааны сүлжээ байгуулна гэжээ. Тэрээр "Нэг бүс нэг зам"-аар жишээ татаж хэлэхдээ: Энэ нь "Нэг бүс нэг зам"-ын эрчим хүчний тээврийн гол замыг шулуутгах тухай асуудал юм. Бид нефтийг ихэнхдээ олон улсын зах зээлээс импортолж байна. Одоогийн нефть импортлох сувгаа бэхжүүлж, цаашлаад эрчим хүчний буухиа тээврийн суваг байгуулбал бидний нефть хангамжийн хүчин чадал нэмэгдэнэ. Энэ бол хамтран ажиллаж, харилцан нөхөж, хамт ашиг хүртэх явц мөн. 5-р сард болох "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт дэд бүтцээр холбогдох асуудлаар тусгай хурал хуралдуулж, эрчим хүчний дэд бүтцээр холбогдох асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагааны түвшин, цар хүрээг өргөтгөх боломжийг авч хэлэлцэх болно гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100