CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Аялал жуулчлалын хот Манжуур

04-20-2017 16:24

Түүхийн хугацаанд энэ хотын буй газарт хүннү, дүнхү, кидан, сяньби, монгол гээд янз бүрийн үндэстэн амьдарч байсан гэдэг. Харин Чин гүрний үед Орос Хятадын газар нутгийн Аргунь голоор тусгаарласан аж.
1901 онд Орос-Хятадын хэлэлцээрээр Хятад-Дорнодын төмөр замыг барьж дуусгасан нь Манжуурыг Сибирь, Алс дорнодтой холбож хилийн дэргэд энэ өртөөг байгуулсан нь өнөөгийн Манжуур хотын суурь болжээ.
1909 онд энэ нутагт Хятад улс Хуйлунзян мужийн Лубинь гацаа байгуулагдсан бөгөөд 1941 онд Манжуурыг хотын статустай болгож, Синянь мужид хамааруулжээ. Харин 1949 онд БНХАУ байгуулагдсанаар Манжуурыг ӨМӨЗО-ны Хун аймгийн бүрэлдэхүүнд оруулсан байна.
1992 оноос Манжуурыг нээлттэй худалдааны хот гэж зарлаж, 1992-1997 онд хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн аж.
Манжуурт жилдээ сая саяаар тоологдох жуулчид хүлээж авдаг
Хорьхон жилийн өмнө , элс шороо шуурсан, оршин суугчид нь тийм ч хангалуун биш амьдралтай байсан жижиг боомт хот Манжуурыг газар газрын жуулчид хөлхсөн аялал жуулчлал, худалдааны том хот болно гэж хэн ч төсөөлж байсангүй. Өнөөдөр энэ сайхан хот орос, монгол хүмүүсийн байнга аялаж, арилжаа наймаа хийдэг томоохон хот болжээ
Оросын алс дорнодын хязгаар, бүр Сибирь, монголчуудын дунд өнөөдөр “Манжуур явлаа” гэсэн үгийг хэзээ ч сонсч болно. Аялал жуулчлалаар, юм үзэж нүд тайлах гэсэн хэсэг байхад, арилжаа наймаа хийхээр явах нөгөө нэгэн байх. Ямартаа ч зүүн хойд Хятадын, Орос, Хятад, Монголы гурван улсын хилийн энэ боомт хот өнөөдөр газар газрын түмэн үндэстэн, ястан хөлхдөг орчин үеийн хөгжиж буй том хот болжээ.
Уг нь, энэ хот өөрөө 260 орчим мянган хүнтэй, Орос Хятадын төмөр замын боомт, гарц болсон хот.
Статистик мэдээнээс харвал 15 жилийн тэртээ 2000 онд энэ хотод 610 мянган жуулчин ирж байсан бол долоон жилийн дараа 2006 онд гэхэд л 2,7 сая жуулчин, 2010 онд 4,27 сая жуулчин  ирж байж. Энэ хэрээрээ жуулчдаас ордог орлого ч өсөн нэмэгдэж, 2000 онд 75 сая юань байсан бол 2006 онд 480 сая юань болж өсчээ. Харин 2010 онд аялал жуулчлалаас 240 сая долларын орлого олсон байна.
Ирж байгаа жуулчдын 53,3 хувь нь Манжуур хотод дунджаар 500-1000 юань зардаг байхад 26,7 хувь нь 1-2 мянган юань зарцуулдаг, 10 хувь нь 2000-аас дээш юань зарцуулдаг гэхээр арга ч үгүй юм. Үүний дээр зөвхөн гадаадын жуулчид төдийгүй Хятадын бусад нутгаас ирдэг дотоодын олон мянган жуулчин Манжуур хотод хөрөнгө оруулдаг.
Манжуур бол яахын аргагүй аялал жуулчлалын хот. Ийм ч болохоор “Хятадын аялал жуулчлалын шилдэг хот”, “Бүх Хятадын соёлын хот” “Бүх Хятадын үлгэр жишээ хот” алдрыг хүртсэн хэрэг.
Манжуур бол Орос-Хятадын худалдааны 60 орчим хувь нь  дамжин өнгөрдөг хуурай замын хилийн хамгийн том боомт хот. Ийм ч болохоор “Дорнод Ази руу нэвтрэх цонх”, “ЕвроАзи руу гарах гарц” гэж нэрлэдэг.
1992 онд энэ хотыг БНХАУ-ын  Төрийн зөвлөл “Хилийн нээлттэй хот” гэж зарласнаар энэ хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжих боломж бүрдэж Орос, Монголын харилцаа, хил орчмын худалдааны үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх болсон байна.
Улмаар 2010 оны зургадугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөл Манжуур хотыг “Нээлттэй эдийн засаг хөгжлийн туршилтын бүс” хэмээн тодорхойлсон нь энэ хотын хөгжилд шинэ боломж бүрдүүлсэн юм.
Өнөөдөр энэ хотод аялал жуулчлалын улирлын үеэр олон улсын болон орон нутгийн 11 нислэг үйлдэж зорчигчдын тоо нь хэдийнээ 180 мянгаас давжээ. Энэ хотоор жилд төмөр замын 120 сая, авто замаар 3,5 сая тонн ачаа дамжин өнгөрч байна. Чингэлэгтэй ачаа гэхэд л төмөр замаар тээвэрлэгдэн Манжуур-Далянь гэсэн чиглэлд зөөж байгаа юм. Хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн байгууллага 24 цагаар ажилладаг нь аяаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх боломж олгодог байна.
   Манжуурын онцлог жуулчдын анхаарлыг татсан газрууд
Хотын төв талбай
Хотын төв талбайд Манжуур хотын 100 жилийн ойн хөшөө бий. Энэ бол өнөөдөр Манжуур хотын хамгийн том талбай. Хамгийн сонирхолтой нь энэ талбай дахь хөшөө, барилга архитектурын байгууламж нь бүгд европ төрхөөр баригдсан байдаг.
Хөгжимт оргилуурын талбай
Манжуур хотод зунаар зочилсон хүмүүсийн зочилж үзэх дуртай тансаг зүйлийн нэг. Хөгжмийн аяар гэрлийн өнгө солонгоруулан оргилох усан оргилуурын дэргэд хөгжим сонсон амарч тухлахын зэрэгцээ бас бүжиглэж болно.
Матрёшкагийн талбай
Орос орос жуулчдын хамгийн ихээр зорчиж сонирхдог газар бол Матрёшкагийн талбай. Энд зургаан том, 200 ширхэг жижиг матрёшкагаас гадна, өнгө өнгийн 30 өндөг байдаг нь орос хятад монголын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог аж.
Амь үрэгдсэн баатруудын дурсгал
Манжуур хотын хоёрдугаар гудамжинд Зөвлөлтийн Улаан армийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө цогцолбор бий. Манжуурын парк гэж нэрлэгдэж байсан энэ цэцэрлэгт хүрээлэнд 1945 онд зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө барьснаар Улаан армийн амь үрэгдсэн дайчдын цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэдэг болжээ.
Далай нуур
Хятадын цэнгэг устай нууруудын тавд ордог энэ нуур Манжуур хотоос 36 км зайд оршдог. Энэ нуур 30 гаруй төрлийн загас, бас сам хорхойтой. Ийм ч болохоор байгалийн тэнцвэрт байдлыг нь хадгалахын тулд орон нутгийн захиргаа загасны үржлийн үед энэ нуураас  загас агнуур хийхийг хориглосон байдаг.
Мөсөн хотхон
1999 оноос Манжуур хотод өвлийн аялал жуулчлалын хүрээнд жил бүр мөсөн хотхон байгуулж, цас мөсний баяр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Ийнхүү жил бүрийн өвөл энэ хотод том том мөсөн баримал, шилтгээн, босч шөнөдөө өнгө өнгийн гэрлэн чимэглэл асдаг нь газар газрын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
860010-1116160100