CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Эд нүүж бид үлдэх үү?

03-23-2017 13:26

Өвөлдөө жаваргүй ч алсуураа жиндүү.., агаар бохирдсон үедээ хөх тоосго шиг хөшиг татаж, хэдхэн алхмын цаадах юмс үзэгдэхгүй. Хоолой хорсож, цээж гашуу оргин, ханиахад бараан цэр гарч, маскны шүүлтүүрт тортог сууна. Ийм үед гадагш гарахаас дургүй хүрч, дотор бачимдан, цаанаа нэг тавгүй. Энэ тоосонцор манан Улаанбаатарынх шиг түүхий нүүрснийх биш, харин хүнд үйлдвэр, автомашины утаа тул бүр илүү хортой.

Бээжинд ирээд гурван жилийн нүүр үзжээ. Энд ажиллаж, амьдрах нөхцөл сайн ч сэрүүний улиралд агаарын бохирдлын асуудал сэтгэл түгшээнэ. Гэр бүл, бага насны хүүхдүүдтэйгээ амьдардаг миний хувьд агаар ямар байх нь маш чухал. Олон хоног дараалан агаар муудвал хүүхдүүд гэрт хашигдаад, чөлөөтэй гүйж харайж чадахгүй, уруу царайлна. Харин тэнгэр цэлмэхээр баярлан гарч, гэртээ орох дургүй хоргодох нь өрөвдмөөр...

Улаанбаатарт бол сэрүүний улиралд гэр хорооллын айлууд нүүрс түлж, хүйтний эрч чангарах тусам агаар муудаж, дулаарах тусам утаа сарнидаг. Агаар бохирдох цар хүрээ дөрвөн уулын дундаасаа хол хэтрэхгүй. Харин энд, манайхаас ялгаатай нь дулаарах, хүйтрэхээс үл хамаарч дунджаар 5-7 хоног агаар муудаад, 2-3 хоног тэнгэр цэлмэнэ. Агаар нэг бохирдвол Бээжингийн ойр орчмын Тяньжин зэрэг хот, Хэбэй, Шандун, Хэнань мужийн нутагт тэр аяараа тоосонцор манан суунаглана.

Өнгөрсөн өвөл Бээжин хотын агаар өмнөх хоёр жилийнхийг бодвол арай дээрдсэн шиг санагдав. Интернетээр мэдээлэл хайж үзвэл, Бээжин хотын Байгаль орчны газрын хийсэн судалгаагаар 2014 оны туршид 172 хоног нь агаарын чанарын стандартын шаардлага хангаж, 47 хоногт нь агаар хэт бохирджээ. 2015 онд 186 хоног шаардлага хангаж, 46 хоног хэт бохирдон, 2016 онд 198 хоног нь шаардлага хангаж, 39 хоног хэт бохирдсон байна. Үүнээс үзвэл агаарын чанар сүүлийн гурван жил дараалан бага багаар ч болов сайжирч байгаа юм байна.

2016 онд Бээжин, Тяньжин хот болон Хэбэй муж агаарын чанарыг нэгдсэн журмаар засаж сайжруулах шийдвэр гаргажээ. Агаар бохирдвол Бээжин, Тяньжин, Хэбэй урьдчилан сэрэмжлүүлэх системийн зэрэглэлийг нэгдсэн журмаар тогтоох юм. Цэнхэр өнгийн сэрэмжлүүлэх дохио өгвөл нэг хоног ноцтой бохирдоно. Улбар шар өнгөтэй бол гурван хоног дараалан ноцтой бохирдож, нэг өдөр маш ноцтой бохирдоно. Харин улаан өнгөтэй бол 4 буюу түүнээс олон хоног ноцтой бохирдож, 2-оос дээш хоног маш ноцтой бохирдохын дохио. Нэг өдрийн агаарын чанарын үзүүлэлт буюу AQI 500-д хүрвэл улаан өнгийн сэрэмжлүүлэх дохио өгдөг. Агаар хэт бохирдох үед хүүхдийн цэцэрлэг, бага дунд сургуулийн хичээлийг түр зогсооно.

Бээжин хотын агаарын бохирдлын нэг гол шалтгаан бол авто машины тоо хэрээс хэтэрсэн явдал гэсэн судалгааны дүн гарчээ. Бээжин хотод өдгөө 5.7 сая жижиг оврын авто машин байдгаас 400 мянга нь 2005 онд гаргасан хорт хий ялгаруулах стандартын шаардлага хангахгүй болжээ. Эдгээр машиныг энэ оны 2-р сарын 15-наас эхлэн даваагаас баасан гарагт хотын тавдугаар тойргоос дотогш нэвтрэхийг хориглосон. Мөн, Бээжин хот 2017 оны 1-р сарын 1-нээс авто машины түлшийг улам "цэвэр" болгохын төлөө шинэ стандарт хэрэгжүүлж байгаа юм байна.

Саяхан жил бүр болдог Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны чуулган өндөрлөв. Хятадын хөгжлийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг тус хоёр чуулганд Хятадын бүх муж, өөртөө засах орны олон салбарын төлөөлөгчид Бээжин хотод цугларч, ард түмнийхээ санаа бодлыг эрх баригчдад дуулган, улс орныхоо чухал үйл хэргийг хэлэлцдэг бөгөөд энэ хоёр чуулганд Хятадын ард түмэн ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулдаг юм.

Хоёр чуулганы өмнө Хятадын Олон Улсын Радиогийн сэтгүүлчид Бээжин хотын гудамжаар явж иргэдээс сурвалжилга авсан юм. Тэдний дийлэнх нь улс орны хөгжлөөс илүү агаарын бохирдлыг арилгах, байгаль экологийг сайжруулах асуудлыг шийдээсэй хэмээн ярьж байлаа. Хэдийгээр Бээжин хотын агаар жилээс жилд сайжирч байгаа ч энэ нь ард иргэдийн сэтгэлд хүрэхгүй байгаа нь тэдний ярианаас мэдрэгдэж байлаа.

Хоёр чуулганы үеэр Хятад улс хүхрийн давхар исэл болон азотын исэл ялгаруулах хэмжээг тус бүр 3 хувиар бууруулах, гол бохирдолтой бүсийн тоосонцор мананг илэрхий бууруулах зорилт дэвшүүлсэн байна. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: "Экологийн орчны чанарыг сайжруулах нь ард иргэдийн хүсэл, тогтвортой хөгжлийн шаардлага мөн. Бодлогоо шинжлэх ухаанчаар хэрэгжүүлж, агаарын бохирдлыг үндсээр нь арилган, цэнхэр тэнгэр, цэвэр агаарыг хамгаалах хэрэгтэй. Бид байгаль орчныг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлж, ард иргэдээ цэвэр агаараар амьсгалуулахыг хүсэж байна" гэжээ.

 Хоёр чуулганы төлөөлөгч, хатагтай Фү Ин: "Агаарын бохирдлыг арилгах нь улс орны өмнө тулгарч буй урт хугацааны сорилт юм. Намын төв хороо, Төрийн зөвлөл хүрээлэн буй орчны асуудалд дээд хэмжээгээр анхаарал хандуулж, иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Засгийн газраас орон нутаг, аж ахуйн нэгжүүдээс олон нийт хүртэл бүгд хүчин чармайлт гаргаж байна. Агаарын бохирдлыг арилгах ажилд багагүй ахиц гарсан ч иргэдийн сэтгэлд нийцэх болоогүй байна. Ялангуяа сэрүүний улиралд байдал улам хүндэрдэг. БХАТИХ-ын Байнгын хороо энэ тухай хууль боловсруулах, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтаа эрчимжүүлж байна" гэжээ.

БХАТИХ-ын төлөөлөгч, Бээжин хотын дарга Цай Чи: "Хотын захиргааны зүгээс агаар цэвэршүүлэх олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ онд Бээжин хотод нүүрсний ашиглалтыг 3 сая тонноор багасгаж, утаа ихтэй авто машиныг хязгаарлаж, аж үйлдвэрүүдийн бохирдол ялгаруулах хэмжээг багасгах зэрэг арга хэмжээ авна. Мөн бохирдол ялгаруулдаг 500 үйлдвэр, аж ахуйн нэгжийг хаана" гэжээ.

Манай хөрш орны нийслэл, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот гэгддэг Бээжингийн агаарын чанар ийнхүү жилээс жилд дээрдэж, цаашид улам сайжрах хандлага мэдрэгдэж байна. Энэ бол эрх баригчид эрс хатуу арга хэмжээ авсны үр дүн юм. Харин унаган нутаг Улаанбаатар хот маань "Утаанбаатар" нэрнээсээ хэзээ салах юм бол доо? Урь орохоор мартаж, сэрүү унахаар сүржигнэн, шийдэж чадалгүй хичнээн жил болж, хичнээн хөрөнгө үргүй зарж, хүн ард, хүүхэд багачуулынхаа эрүүл мэндийг сүйтгэв. Ийм ноцтой, хоолойд тулсан асуудалд төр төмөр нүүрээ гарган, захиргааны аргаар шийдвэл дээр ч юм шиг. Эд нүүж бид үлдэх үү?

До.Болдхуяг 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100