CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Зүүн хойд нутгийн бар, ирвэсийн үндэсний туршиц цэцэрлэгт хүрээлэн байгуулна

03-17-2017 10:43

 Зүүн хойд нутгийн зэрлэг бар, ирвэсийг хамгаалж, тоо толгойг нь нэмэгдүүлэхийн тулд, Хятад улс Гирин, Хармөрөн мужид Зүүн хойд нутгийн бар, ирвэсийн үндэсний туршиц цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь хамгаалалтын бүсийн удирдлагын системийг цэгцэлж, зэрлэг амьтдын экологийн хамгаалалтын иж бүрэн систем бий болгоход ашигтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

3 дугаар сарын эхээр, Төв хороо "Зүүн хойд нутгийн бар, ирвэсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн механизмын туршилтын төсөл" баталжээ. Эх сурвалжид тэмдэглэснээр, уг цэцэрлэгт хүрээлэнг Хятадын зүүн хойд бүсийн Гирин, Хармөрөн мужийн уулзварт оршдог Лао Ей Лин уулын өмнөх 146 мянган ам дөрвөлжин метр талбайд байгуулах юм байна.

Тоо бүртгэлээс үзвэл, олон жилийн хүчин чармайлтаар, Хятадын нутаг дэвсгэрт зүүн хойд нутгийн барс, ирвэсийн тоо толгой аажмаар нэмэгдэх хандлага гарч байна. Гэхдээ тус хамгаалалтын бүсийг зэрлэг амьтныг аврах зорилготой байгуулсан учир өнөөгийн байдлаар олон асуудал тулгарч байна. Хятадын байгаль орчны шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн судлаач Ли Жүньшэн хэлэхдээ: Хамгаалалтын бүс шинжлэх ухаанч төлөвлөгөөгөөр дутмаг, удирдах салбар олон, тэдний эрх үүрэг давхцаж, хариуцлага нь тодорхойгүй, байгалийн эх баялгийг хамгаалахад хүндрэл учирч байна гэжээ.

2013 онд Хятад улс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн систем байгуулах асуудлыг дурдсан. Засгийн газрын энэ оны ажлын тайланд, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн системийн ерөнхий төслийг боловсруулна гэж тодорхой тэмдэглэжээ. Ли Жүньшэн танилцуулахдаа: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн туршилтын цэг байгуулах зорилго нь олон салбарын тархай бутархай чадамжийг нэгтгэж, нэгдмэл хүч бүрдүүлэн, экологийн салбарыг шинжлэх ухаанчаар удирдаж, хамгаалахын төлөө юм гэлээ.

"Манайх хэдийгээр үндэсний зэрэглэлийн дархан цаазат бүс боловч удирдлага нь орон нутаг, тухайлбал сумын зэрэглэлийн байгууллага юм. Иймээс янз бүрийн зөрчил гарч байна. Хамгаалах, хөгжүүлэх асуудлаар зөрчилтэй тохиолдолд зохицуулахад бэрхшээлтэй байна."

Бээжингийн Ой модны их сургуулийн Дархан цаазат бүсийн дээд сургуулийн захирал Лэй Гуанчүнь хэлэхдээ: "Зүүн хойд нутгийн бар, ирвэсийн үндэсний парк байгуулах нь орон нутгийн удирдах эрхийг цуцалж, зүүн хойд нутгийн бар, ирвэсийн сүргийг үр ашигтай хамгаалахад ашигтай юм гэжээ.

"Бар ирвэсийн сүрэг хоорондын хэлхээ холбоо нь эдийн засгийн хөгжил, газар ашиглах хэлбэрийн өөрчлөлтийн улмаас улам таслагдаж байна. Угаасаа сүрэглэж амьдардаггүй энэ хоёр амьтныг харилцан адилгүй муж, сум, хотууд өөр өөрийн хөгжлийн зорилтоор удирдвал оршин амьдрах газар нь хэсэглэгдэн таслагдаж, боломж бүр багасна. Үндэсний паркийн механизм хэрэгжүүлж, Хармөрөн, Гириний гол бүсийг хамгаалан, бүрэн цогц болгож, экологийн нэлээд том систем бүрдүүлж болох юм. Үүнд дархан цаазат бүс, намагтай газрын парк зэргийг хамрах бөгөөд удирдлагын механизм, бодлого, арга хэлбэрийн талаар зөрчил гарахгүй. "

Ли Жүньшэн: "Манай орны хамгаалалттай газруудад байгалийн дархан цаазат бүс, ойн цэцэрлэгт хүрээлэн, байгалийн үзэмжит түүх соёлын дурсгалт газар, намагтай газрын цэцэрлэгт хүрээлэн, геологийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг 10 шахам төрөл байдаг ба хамгаалалттай эдгээр газар орон зайн хувьд ихэнх нь давхардсан байдалтай байдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэмээх энэ туршилтын цэгийг байгуулахад, юуны өмнө хамгаалалттай газруудын системийг эмхлэн цэгцэлж, хамгаалалтын түвшинг хатуу мөрдөн ангилж, хамгаалах үндсэн дээр, зарим газар нутагт олон нитйийн ашгийн төлөө ажил төрөл, экологийн аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлж болно. Иймэрхүү туршилт хийж, эцсийн бүлэгт манай орны байгалийн дархан цаазат газруудын ажлыг нэгдсэн журмаар удирдаж болох юм" гэлээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100